УИХ дахь шинэ “хэрүүлч”
УИХ-ын улаан хэрүүлчийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулбал аягүй бол иргэд 76-гаа бүгдийг нь нэрлэх биз. Зурагт асаах болгонд л бие бие рүүгээ дайрч давшилсан, танайх идсэн манайх хийсэн гэх явган хэрүүлээс эхлээд бие биенийгээ новш, хулгайч, бацаанаараа дуудалцдаг тэдний энэ үйлдэл нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болж. Ямар сайндаа л хүүхдүүд хүртэл Төрийн ордныг “идэж уудаг газар” хэмээн нэрийдэхэв.
Харамсалтай хэдий ч үр хойч болсон хүүхдүүдээрээ ингэж хэлүүлэх шалтгааныг тэд өөрсдөө л “тарьсан”. Учир нь үе үеийн парламент хэрүүлтэй тэр ч бүүхэл “улаан хэрүүлч”- тэй байсаар ирсэн билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан Х.Тэмүүжин, Ш.Сайхансамбуу, Л.Гүндалай нарын болчимгүй үг яриатай нөхдүүдийн араас Д.Арвин, О.Баасанхүү, З.Энхболд гээд л нэрлээд байвал жагсаалт урт үргэлжилж мэднэ.
Дээр дурдсан хүмүүсээс энэ удаагийн парламентад ихэнхи нь байхгүй ч сурсан занг сураар боож болдоггүйн адилаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хаялцсаар.Нэг нэгнийгээ оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн пропорциональ системийн алдаа, тагнуулч, улс төрөөс явах цаг нь болсон гээд л “дайсагналцдаг” тэдний эгнээнд нэгэн шинэ гишүүн орж ирж байгаа сурагтай. Тэгэх тэгэхдээ бүр МАН-ын залуу үеийн төлөөллөөс гээч.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг монголын ард түмэн яруу найрагч гэдгээр нь сайн танина. МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ноос улс төрийн замналаа эхэлсэн тэрбээр нэр нөлөөгөө ашиглаж, нам дотроо шат ахин явсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг давхар хашсан нь түүний хүрээ хэр тэлэгдсэнийг тод харуулдаг. Гэвч тэрбээр төрөлхийн авьяасаа Төрийн ордны танхимд “хайр найргүй” гаргасаар удаж буй.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан нөхдөд одоо хүртэл өс санаж явдаг хүмүүсийн нэг бол Ж.Мөнхбат. Үг хэлэх болгондоо “амыг” нь асууж, өмнөөс нь сөргөж асуулт тавьдаг тэрбээр сүүлийн үед намынхаа хоёр ч гишүүнтэй нэлээд ширүүхэн маргаад авсан нь ийм нэр зүүхшалтаг болжээ.
Арав гаруйхан хоногийн өмнө УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэх хэлэхгүй үгээр “дайтаад” авсныг монголын ард түмэн даяараа харсан. УИХ-ын дарга М.Энхболдыг багагүй сандаргасан тэдний хуц, солиор, хулгайч дээрэмчин гэх хэрүүл цааш лавширч бие биенийхээ өнгөрсөн амьдралыг сөхөөд авсан нь хов живэнд дурлагсдад сайхан “хоол” болсон ч төрийн түшээдийн түмнээ хүндэтгэх хүндэтгэх ёсонд нэн халтай зүйл болсоныг хэн хүнгүй л хэлж байгаа. Нэгэн үе мөр мөрөө алгадан нөхөрлөж явсан хүмүүс эрх мэдэл, эд баялаг хараад биенээ үзэж чадахаа байчих гэж хэмээн зарим нөхөд нь ч халаглах.
Гэвч мань хүн дахиад л хэрүүл хийсэн талаарх мэдээлэл чих дэлсэв. Засгийн газрын идэвхтэй шүүмжлэгч болсон тэрбээр энэ удаад нэгэн сонирхолтой урилгын хажуугаар дуугүй өнгөрч чадалгүй эртнээс сөргөлдөх болсон УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтоймаргалдаад авчээ. МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр хуралдаанаараа дотоод асуудлаа нэлээд нухацтай ярьж. Бүлэг ч бүрэлдэхээ байлаа, байнгын хороо, чуулганаа ч хуралдуулж чадахаа болилоо хэмээн нэлээд нарийн ширийнийг ярилцаж байтал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайдын нэгэн урилгыг шүүмжлээд авчээ. “Монгол Улсын 2018 оны төсвийнтөслийн гурав дахь хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ч хийгдээгүй байхад Ерөнхий сайд “Төсөв батлагдсаны хүлээн авалт хийнэ” гээд байх юм. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болохоос биш арваннэгдүгээр сарын 13-нд багтаан батлах ёсгүй” хэмээн хүчээр түрж төсөв батлуулах гэж байна гэжээ.
Харин үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бас дуугүй сууж тэвчилгүй “Ж.Мөнхбат аа, чиний гомдол яасан тайлагддаггүй юм. Бойкот хийж, хурал уяж ажил хийлгэхгүй юм. Нам дотроо эв нэгдэлтэй байх асуудал чухал болоод байхад Засгийн газрын гишүүн бүртэй шахам сөргөлдөхөө боль” гэхэд Ж.Мөнхбат “Сангийн сайдад хандаж үг хэлж байхад Ерөнхий сайд өөрөө намайг доромжилсон. Нам доторх эв түнжинг хагалсан хүмүүс та нар биз дээ. Дүрэмгүй тоглолтыг өөрсдөө эхлүүлчихээд одоо хэнээс юу шаардаад байгаа юм” хэмээн хаалга саван оджээ.
Б.Өрнөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ