Монголчууд нэг л мэдэхэд нефтийн үйлдвэртэй "болох нь"
Манай улсын эдийн засгийг хөдөлгөж буй бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, ард иргэдийн өдөр тутмын амьдралд “ус” мэт хэрэгцээтэй шатахууны хангамж өнөөдөр 100 хувь ОХУ-аас хараат байдалд байна. Сүүлийн 20 жилийн ололтуудын үр дүнд улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэж буй асуудлуудын нэг нь шатахууны хангамж юм.
Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улс хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Энэтхэг газрын тосны үйлдвэр барих чиглэлээр асар их туршлагатай, газрын тос, хийн яамтай улс аж. Төсөл хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэх аж.
Манай улс ОХУ-аас дийлэнх буюу нефтийнхээ 90 гаруй хувийг импортолж буй. Тэгвэл дотоодод үйлдвэртэй болсноор гадаад орноос хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гарсныг онцолъё.
Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах гэнэ. Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох тооцоо гарчээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ