Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болгоно

“Тогтвортой хөгжил статистик” үндэсний чуулган өнөөдөр /2017.11.13/ Төрийн ордонд боллоо. Хоёр өдөр зохиогдох энэ чуулганыг Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хэлсэн үгийг хүргэж байна.

“Энд хуран цугласан Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэж ҮСХ үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Тэртээ 1924 оны 11-р сарын 11-ний өдөр Улсын анхдугаар их хурлын тогтоолоор анхны тоо бүртгэлийн хэлтэс 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол Өнөөдөр үндсэн ажилтан, албан хаагчдын тоо 320, гэрээт судлаачид, захиргааны статистикийн мэдээллийг бий болгодог Яам, Тамгын газрын статистикийн нэгжийн ажилтнууд, манай анхан шатны нэгж болох баг, хорооны Засаг дарга нар, сумдын статистик хариуцсан мэргэжилтнүүд бүгд нийлээд улсын түвшинд 2489-лээ болж өнөр өтгөн хүчирхэг нэгэн гэр бүлийг бий болгоод байна.

Бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 48 бүлэг 346 үзүүлэлт бүхий албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулж сар, улирал, жил бүр нийгэмд мэдээллэх үүрэгтэй. Үүнээс гадна статистикийн хуулийн дагуу 10 томоохон тооллого, судалгаа явуулдаг. Бидний гаргаж буй мэдээлэл зөвхөн Төрийн түшээдэд бодлого шийдвэр гаргахад нь тус дэм болохоос гадна тухайн мэдээллийг бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтэд, оюутан залуус, дунд сургуулийн сурагч, жирийн иргэдэд амьдралдаа хэрэглэх боломжийг бүрдүүлж бүгдэд жигд, хүртээмжтэй, шуурхай хүргэх үүрэгтэй гэж үздэг.

Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын иргэн бүрд үйлчилдэг Төрийн байгууллага юм. Харин хүн өөрөө хором бүрд өөрчлөгдөж хүсэлт, хэрэгцээ, хандлага, сэтгэхүй өөр болсон байна. 20-иод жилийн өмнө иргэд мэдээллийг ганцхан шугамаар хүлээн авч, Телевиз, сонин, радио зэрэг нь мэдээллийн эх үүсвэр болдог байсан бол Өнөөдөр дээрхээс гадна компьютер, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүдээ ашиглан өөрсдийн бүтээсэн орон зай болох сошиал сүлжээгээр маш өргөн хүрээний хяналтгүй мэдээллийг хүлээн авдаг болжээ. Үүнийг дагаад үнэн бодит мэдээллийг шуурхай, албан ёсны эх сурвалжаас авах хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна.

Нийгэмд зохиомлоор бухимдал үүсгэх, худал хуурмаг мэдээлэл тархаах явдал гаарч байна. Мөн статистик мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглаж, буруу тайлбарлах явдал ч гарч байгаа нь буруу юм.

Иймээс бүх нийтийн статистикийн мэдлэг, мэдээллийг сайжруулах явдал бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг билээ. Бид илүү сайн технологийн мэдлэгтэй, илүү хурдтай хувьсах чадвартай болох хэрэгтэйгээс гадна иргэдийг сонсох, мэдээллийг хүргэх үйлчилгээний чанараа илүү сайжруулах ёстой.

Хүмүүс их хэмжээний тоон бичвэрийг уншихаа больсон бөгөөд Судалгаанаас үзэхэд хүн амын 65 хувь юмсыг нүдээрээ харж сурдаг байна. Үүнийг визуаль буюу зурган мэдээлэл гэдэг. Хүний тархи зурган мэдээллийг энгийн бичвэрээс 60 мянга дахин хурдан хүлээж авдаг гэжээ. Тархинд ирж буй мэдээллийн 90 хувь нь зурган мэдээлэл байдаг. Тиймээс бид гаргаж буй статистикийн мэдээллээ илүү ойлгомжтой болгох, илүү дүрсжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Бид 1980 онд Монгол Улсын анхны и-мэйлийг илгээж, 1998 онд анхны веб сайттай төрийн байгууллага болж байсан. Бид мэдээлэл технологийн хэрэглээнд манлайлагч байхыг хэзээд тэмүүлж ирсэнийг тодотгон хэлмээр байна. Интернет хэрэглэгчид мааньwww.nso.mn, www.1212.mn веб сайтуудаас статистикийн бүх судалгаа, мэдээллийг нээлттэй авдаг.

2017 оны эхний хагас жилийн байдлаар үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчийн тоо 3 сая 786 мянга бөгөөд гар утсаараа интернет хэрэглэгчийн тоо 2 сая 476 мянгабайна. Иймээс бид ухаалаг гар утас, таблет хэрэглэгчиддээ зориулан 1212.mn аппликейшныг сайжруулан хүргэсэн билээ. Бид Уламжлалт болон орчин үеийн бүхий л мэдээллийн урсгалыг ашиглаж байна.

Нэг жилийн өмнө манайх олон нийттэй харилцах хэлтэс байгуулсан нь өнөөдөр тодорхой эерэг үр дүн үзүүлж байна. Төв байрандаа номын сан, Дата лаб буюу мэдээллийн нээлттэй орчинг бий болгож, үнэ төлбөргүй мэдээллээр үйлчилдэг. Бидний мэдээллийг иргэдэд хүргэдэг сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн төвөө ажиллуулж, статистикийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд ч явуулж байна.

Статистикийн мэдээ, мэдээлэлд эргэлзэх, шүүмжлэлтэй хандах иргэдийн хандлага байгаа нь үнэн. Бид энэ хандлагыг өөрчлөхийн тулд статистикийн мэдээг илүү хялбар, ойлгомжтой, шуурхай хүргэхэд анхааран ажиллах хэрэгтэй. Бүх нийтийн статистикийн мэдлэгийг сайжруулах асуудалд ул суурьтай хандая гэвэл сурагч, оюутан, залуусаас эхлэх нь зүйтэй.Иймээс сүүлийн жилүүдэдбүх аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн боловсрол олгох сургалтыг явуулсан юм.Мөн 2016 онд АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран Монголын Их дээд сургуулийн багш нарыг оролцуулсан олон улсын бага хурал зохион байгуулсан. Гэвч энэ бүгд төдийлөн хангалтгүй.

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлийн программын 10 хувьд статистикийн сэдэв орсон байдаг. Харин багш нарт зориулсан статистикийн хичээлийн гарын авлага байхгүй нь хүндрэл, бэрхшээл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдхэн хоногийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаатай хамтран ажиллах гэрээ байгуулж ЕБС-ийн статистикийн хичээлийн гарын авлага боловсруулах ажлын хэсгийг томиллоо. Энэхүү ажил маань ирээдүйд эерэг үр дүнгээ үзүүлж улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ХӨГЖИЛ БА СТАТИСТИК

Хөгжил болон статистик гэсэн ойлголтуудыг салган ойлгох боломжгүй юм. Статистик бол хөгжлийн хэмжүүр, хөгжлийн хөтөч. Өчигдөр бид хаана байсныг тэмдэглэж, Өнөөдөр бид хаана явна гэдгийг алдаа оноотой нь тодорхойлж, Маргааш хаана хүрч болохыг тооцоолж чадах зүйл бол Статистик юм. Статистик бол өнгөрснийг баримтжуулж, өнөөдрийг дүгнэж, ирээдүйг тодорхойлох түлхүүр мөн.

Та бүхэндээ төлөвлөлтийн ганцхан жишээ дурдъя.

Бид 2002 онд хүн амын хэтийн тооцоог гаргахдаа 2010 он гэхэдМонгол улсын хүн ам хоёр сая 700 гаран мянга болно гэсэн тооцоог гаргаж байсан бол 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор Монгол Улсын хүн ам хоёр сая 754 мянга гэж тоологдсон нь урьдчилсан тооцоололтой таарсан.

Харин 2025 он гэхэд хүн ам маань гурван сая 230 мянга орчим болно гэж тооцоолоод байгаа ба үүний25% нь 0-14 насны хүүхэд, 69,4% нь 15-65 насны иргэд байх бол 5,6% нь 65-аас дээш насныхан байна гэж харагдаж байна. Энэ үзүүлэлтээс харвал сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 65-аас дээш насны иргэдийн тоо хамгийн их байх үе юм. Энэ үед бидэнд илүү сайн тэтгэврийн тогтолцоо хэрэгтэй учир одооноос анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдөр бидэнд тулгамдаж буй цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг хэдхэн жилийн өмнө статистик тоон мэдээлэл анхааруулж байсан нь үнэн.

Өнөөдрийн цэцэрлэг, сургуулийн асуудал маань маргааш их дээд сургууль, нөгөөдөр ажлын байр, түүний дараа тэтгэвэрийн бодлого гэх мэтчилэн хоорондоо уялдаа холбоотой тойрог болдог.

Бид маш олон тоо, тооцооллыг урьдчилан тооцоолж таамаглаж чадна. Харин шийдвэр гаргах төрийн дээд байгууллагууд маань статистикийн хэрэглээгээ улам нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Энэ хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Статистикийн байгууллага бид өөрсдөө ч хичээх хэрэгтэй.

Та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн бидний дэвшилтэт ажил буюу газар зүйн нэгдсэн мэдээллийн санг танилцуулъя. Үүн дээр цэцэрлэгийн насны хүүхэд, цэцэрлэгийн тоо, ачаалал, цэцэрлэгийн насны хүүхдийн ирээдүйн төлөвийг нэг зургаар харуулж болно. Төсөв батлахдаа шинэ сургууль, цэцэрлэгийг хаана барих вэ? гэдэг асуултад энэхүү газар зүйн нэгдсэн мэдээллийн санг ашиглавал хамгийн зөв хариулт гарна байх аа.

Бид гаргаж буй бүхий л мэдээллээ энэхүү газар зүйн нэгдсэн мэдээллийн санд хөрвүүлэн холбох ажлыг хийж байна. Дахин нэг жишээ үзүүлэхэд, жуулчдын хөдөлгөөн буюу манай улсад гадаад улс орнуудаас ирж буй жуулчдын урсгал энэ байна. Дараагийн зурганд Сүхбаатар дүүргийн жишээн дээр өрхүүдийн дулааны шийдэл болон амьсгалын тогтолцооны өвчлөлийг харууллаа.

Мэдээллийн хувьсгалын эрин үе гэж бид байнга тодотгон ярьдаг боловч Төрийн байгууллагууд маань мэдээллийн сан боловсруулалт, хурд, технологийн хөгжлөөрөө хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ. Монголын төрийн байгууллагууд хоорондоо хамааралтай болон яг адил мэдээллийг тус тусдаа давхардуулан боловсруулж, тэр мэдээлэл нь хоорондоо зөрөх асуудал гардаг нь үнэн. Жишээ нь:ХАӨМС, Иргэний сан, Эд хөрөнгийн сан, Хуулийн этгээдийн сан, Эрүүл мэнд, боловсролын мэдээллийн сан, Халамжийн сан, Нийгмийн даатгалын сан гэх мэт бүгд нэг ИРГЭНиймэдээллийг олон талд өөр өөрөөр бүрдүүлж алдаатай, давхардалтай, зөрүүтэй байдлаар гаргаж байгаа. Харин энэ нь төрийн үйлчилгээ авч байгаа иргэний хувьд маш их чирэгдэл, хүндрэл үүсгэдэг.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэх гарц бол Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож, Төрийн нэгдсэн мэдээллийн сан юм. Нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд технологийн өндөр чадвартай, хууль эрх зүйн тааламжтай орчинтой болох хэрэгтэй.

Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болсноор иргэн эрүүл мэнд, боловсрол болон бусад төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд их хэмжээний цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэхээс гадна шинэ судалгаа, хувьсагчид бий болж төрийн үйлчилгээ илүү хурдтай, чанартай болно.

Шийдвэр гаргах түвшинд бүгдийг нэг хавтгай дээрээс харах боломж бүрдэх юм. Зөвхөн төрийн үйлчилгээ үзүүлэх талаасаа ч бус, харин тулгамдаж буй асуудлын шийдэл, ирээдүйн зөв төлөвлөлтийн үндэс суурь болж өгөх юм. Энэ нь улс орны тогтвортой хөгжилд нөлөөлөх нь гарцаагүй.

Монгол Улсыг хамгийн хүнд үед амжилттай удирдаж нийгэм, эдийн засгийн хямралаас гаргаж байсан Ерөнхий сайд нар Дашийн Бямбасүрэн, Пунцагийн Жасрай нар гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Эдгээр хоёр Ерөнхий сайд ҮСХ-оос төрсөн статистикчид билээ.

Ийм ч учраас энэ 2 Ерөнхий сайдад нэгэн ижил ажлын арга барил байсан нь аливаа бодлого, шийдвэр гаргахдаа статистик мэдээллийг ашиглаж байсан явдал юм. Зөвхөн өөрийн улс орны үзүүлэлт гэлтгүй, яг ижил төстэй гарааны нөхцөл байдалтай, ижил түвшний хөгжилтэй улс орны статистик үзүүлэлтийг судлан харьцуулж өөрийн бодлого, шийдвэртээ дүгнэлт хийдэг байсан нь статистикч Ерөнхий сайдын “нууц” арга барил гэж хэлж болох юм. Өөрөөр хэлвэл, бусад улс орнуудтай хөгжлийн бодлогоор өрсөлдөж, мөн суралцаж байжээ.

Өнөө цагт ч улс орнууд Дэлхий нийтийн хөгжлийн нэг зорилт дэвшүүлэн буюу 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг батлан ажиллаж байна.

Бид хаана байна, хаана хүрэх вэ? гэдэг асуултанд дэлхийн 200 гаруй улс орнууд нэг л хэлээр ойлголцож чадна. Энэ нь тоон хэл буюу статистик. Дэлхийн бүх статистикийн байгууллагуудын үүрэг оролцоо нь ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг гаргах, судлах, боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх билээ. Энэ 2 өдрийн турш бид Тогтвортой хөгжил-статистик сэдвээр 3 салбар хуралдааныг хийх бөгөөд хуралдаан тус бүр тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй хурлууд болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Яам Агентлаг, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооныхон, хувийн хэвшлийн төлөөлөл, ОУ-ын байгууллагын төлөөлөгч нар, Хандивлагч нар, энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ мөн манай байгууллагын нэгэн хэсэг байдаг Монгол Улсын иргэн бүрд талархал дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ