Д.Эрдэнэбат: МАН-ын дотоод хагарлаас болж төсөв гацсан
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр /2017.11.13/ нөхөн болон дахин сонгуультай холбоотой асуудлаар хуралджээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа нийтдээ 57 засаг захиргааны нэгж дээр дахин болон нөхөн сонгууль зохион байгуулах нөхцөл үүсчээ. Ингэхдээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30 мандат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 39 суудал дээр тус бүр нөхөн болон дахин сонгууль явуулах ёстой аж.
Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар дээрх сонгуулийг зургаа, аравдугаар сард зохион байгуулах үүрэг хүлээдэг. Гэвч эрх баригчдын зүгээс дээрх сонгуулийг хойшлуулах, хүчингүй болгох зэрэг оролдлогыг хийж эхэлсэн.
Мөн 2018 оны улсын нэгдсэн төсөвт Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардалд 200 сая төгрөг суулгуулсан ч Төсвийн байнгын хороогоор 2018 оны төсвийг хэлэлцэх үед хассан аж. Энэ нь дахин болон нөхөн сонгуулийг хуулийн дагуу явуулах шаардлагагүй гэж үзсэнээс ялгаагүй болж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга хэллээ. Тус бүлэг эрх баригч намд орон нутгийн дахин болон нөхөн сонгуулийг хууль ёсны дагуу хийх ёстой гэх шаардлагаа тавьж ажиллахаар болжээ.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын үйл ажиллагаатай холбогджээ. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ бүтэн хуралдсан удаагүй гэнэ. Харин Ерөнхийлөгчийн хоёр хориг хэлэлцэхэд бөөн шуугиан болсон.
2018 оны төсвийн хэлэлцүүлэг дахиад гацсан. Энэ нь олонхийн бүлгийн дотоод хагарлаас болж гацсан. Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл өнгөрсөн баасан гаригт батлагдана гэж харж байсан ч олонхийн бүлгийн гишүүд Төсвийн байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлээгүй.Ирэх лхагва гаригт улсын нэгдсэн төсөв батлах эцсийн хугацаа дуусна. Энэ хугацаанд багтааж 2018 оны төсвийн хуулийг батлахгүй бол хуулийн ямар үр дагавар үүсэхийг эрх баригчид мэдэж буй. Тиймээс хуулийн хугацаандаа багтаах шаардлагатай гэж тодотгов.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын төвшинд ямар ч ажил явахаа байлаа. Цаашдаа бид дандаа ийм байх уу гэдэг асуудал үүсэж байна. Нийгмийн шинж чанартай, эдийн засгийн шинж чанартай олон хууль хүлээгдэж байгаа ч эрх баригчид улстөржсөөр намар дууссан. Одоо өвөл залгаж байна” гэсэн юм.
Бүлэг энэ удаад зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг хараахан хэлэлцээгүй аж. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.
Гэхдээ бүлэг удахгүй зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Мөн Баялгийн тэгш бус хуваарилалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Банк санхүүтэй холбоотой хууль тогтоомж. Улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх тухай зэрэг асуудлаар тус бүр хэлэлцүүлэг зохион байгуулахаар өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ