Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтсон олон жилийн уламжлалт, түүхэн харилцаа орчин үед Стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Хил залгаа, хөрш Эрхүү мужийг монголчууд сайн мэднэ. Энэ намар болсон тус мужийн 80 жилийн ойн мэндчилгээг хожуу ч гэсэн та бүхэнд өргөн дэвшүүлье гэж УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 70 орчим, иргэд, байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцааны 50 орчим хувь нь хил орчмын бүс нутагт ногддог гэдгийг дурдаад, цаашид хууль тогтоох байгууллагууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боломж нөхцөлийг эрх зүйн талаас нь хөнгөвчлөхөд онцгой анхаарах нь чухал гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурал, Эрхүүгийн Хууль тогтоох хурлын хооронд 2008 онд гарын үсэг зурсан хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэх, парламент болон Тамгын газруудын харилцааг өргөтгөх замаар хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён С.Ф.Брилка 2008 онд байгуулсан гэрээний хүрээнд энэ удаагийн айлчлал болж буйг онцлоод, “Бидний айлчлал Засгийн газар болон Парламент хоорондын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээгээсэй гэж хүсэж байна. Эрхүү муж манай хоёр улсын хамтын ажиллагааны гүүр болж ирсэн сайхан уламжлалтай. Үүнийг бататган, харилцаандаа шинэ эрчим түлхэц өгөх нь бидний зорилго юм” гэж тэмдэглэлээ.

Тэрбээр өнгөрсөн 10-р сард болсон ОХУ-Монгол Улсын “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр Улаанбаатар хотноо Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлаг албан ёсоор нээгдсэнд манай Хууль тогтоох хурлын байгууллага онцгой ач холбогдол өгч байгаа. Манай мужийн болон Монголын бизнесийн салбарынханд хамтран ажиллах сонирхол их байдаг. Үүнд тус агентлаг, хөрөнгө оруулалтыг дэмжих болон бичил зээлийн сан зэрэг механизмууд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хууль тогтоох хурлын байгууллага эрх зүйн орчныг таатай болгох чиглэлээр хэд хэдэн хууль тогтоомж баталсан. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь хамтарсан аж ахуйн нэгжүүдэд мөн адил хамаарна гэж хэллээ.

Ноён С.Ф.Брилка боловсролын салбарын түүхэн харилцааг цаашид өргөжүүлэх асуудлыг энэ үеэр хөндлөө. Тэрбээр Эрхүү мужийн их, дээд сургуулиудад Монголын 800 шахам оюутан суралцдаг. Зөвхөн Зам, харилцааны их сургуульд гэхэд 100 оюутан төмөр замын мэргэжлээр сурч байна. Эрхүүгийн улсын их сургууль, Байгалийн их сургууль, Техникийн их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуулиудад Монголын оюутнуудыг сургахад бид бэлэн байна гэлээ.

Уулзалтын үеэр Эгийн голын УЦС-ын асуудал, байгаль орчин, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хил гаалийн үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга К.Р.Алдаров, тус хурлын Эдийн засгийн бодлого, өмчийн хорооны дарга О.Н.Носенко, Хяналтын комиссын дарга Г.Н.Нестерович, Хурлын даргын зөвлөх Е.И.Юрчук, Дүн шинжилгээ, мэдээллийн бодлогын газрын дарга Е.В.Андреева, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нарын зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ