Гучин гэр бүл монголчуудын дайсан уу?
Арван жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол улсын жилийн төсөв 5-6 дахин тэлсэн нь ердөө ганц салбараас хамааралтай нь уул уурхай. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр, 2016 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын ДНБ 17.2 их наяд төгрөг байсны 2.9 их наяд нь уул уурхайн салбарынх байжээ. Мөн үед улсын хилээр 3.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бүтээгдэхүүн экспортод гарснаас 3.2 их наяд ам.долларынх нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнд ногдож байсан байна.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар ийнхүү давамгай байр сууь эзлэхэд 2006 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үечлэл таарсан нь нөлөөлснийг дурдах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн оргил үед нэг тонн зэс 10000 ам.доллар, нүүрс 300 ам.доллар хүрч байсан. Чухам энэ үед л Монголын эдийн засаг 17 хувиар өсч, дэлхийн хэмжээний мэдээ болж билээ.
Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд энэ салбарын зарим бүтээгдэхүүнд ногдуулсан 68 хувийн татвар, залгуулаад энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилгоор гаргасан хууль зэрэг нь уул уурхайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн. Энэ үргэлтийн үе нь эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унахтай давхацсан юм. Эцсийн үр дүнд нь уул уурхайн экспортоос хамааралтай байсан Монголын эдийн засаг уналтын байдалд ороод байгааг бид харж байна.
Монгол Улс уул уурхайн салбараа нээж, энд маш их хэмжээний мөнгө эргэлддэг болсонтой зэрэгцэн энэ салбар улс төрийн тэмцлийн дэвсгэр сэдэв болсон нь үнэн. Энэ салбараар дамжин хөрөнгөө арвижуулсан, энэ салбарыг ашиглан улс төрийн имиж, карьераа босгосон аль аль нь өнөөдөр бий.
Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад уул уурхайн салбар дахин халуун сэдэв болж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүл байгаа, тэдэнтэй тэмцэнэ гэдгээ албан тушаалаа авсан өдрөөс мэдэгдсэн бөгөөд тэмцлээ эхлүүллээ.
Юун түрүүнд, энэ 30 гэр бүлд хамаарна гэж үзэн шинэ Засгийн газрын Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй, харин өнгөрсөн долоо хоногт энэхүү 30 гэр бүлтэй холбоотой асуудлыг шалгах болсноо Улсын Ерөнхий прокурорын газар мэдээллээ
Уг албан мэдээг бүрэн эхээр нь хүргэвэл “Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа “..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийг нээжээ.
Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарганажиллаж байна” гэжээ.
Уул уурхайн лиценз олголт өнөөг хүртэл хуулийн хүрээнд явж ирсэн. Хэрэв санаж байгаа бол лиценз авах гэж Ашигт малтмалын газрын үүдэнд дугаарлан хонож, компаниуд бие хамгаалагч хэмээн бөхчүүдийг аваачин зодоон хүртэл хийж байсан түүх бий. Хуулийн дагуу хамгийн түрүүлж өргөдөл өгсөн иргэн хэн ч байсан уг лицензийг авах эрхтэй байсан учраас хүч хэрэглэн дайрч ордог байсан. Чухам 2000 оны эхээр лиценз олголт хавтгай явагдсан бөгөөд Ашигт малтмалын газраас лицензийн шилжилт, хөдөлгөөний мэдээллийг сонины хэдэн нүүр дамнуулан мэдээлдэг байсан, хуулийн дагуу. Тэр үед лиценз олголтыг ийнхүү хавтгайруулан олгож, зарим нэг компани, хувь хүнд их хэмжээгээр төвлөрч байгааг сануулан бичсэн хэвлэлийн газрыг шүүхэд өгч буруудаж байсан тохиолдол ч бий. Харин одоо лицензийн шилжилт хөдөлгөөн багассан нь энэхүү лиценз аль хэдийнэ очих хүмүүсийнхээ гарт очсон хэрэг. Очих хүмүүс гэдэг нь хаана ямар нөөц бүхий орд байгааг мэддэг уул уурхай, геологийн салбарынхан, мөн эрх мэдэлтнүүд гэсэн үг.
Лиценз олголтыг цэгцлэх гэж оролдож байсан. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олгох ажлыг хэдэн жилээр зогсоож байсан. Өнгөрсөн жилээс цаг үетэйгээ нийцүүлэн цахимаар олгохоор шийдсэн ч энэ ажил нь удаа дараа бүтэлгүйтсэн юм.
Өнгөрсөн наймдугаар сард явагдах ёстой байсан цахим олголтыг эдүгээ хууль, тагнуулын байгууллага шалгаж байна. Байгалийн баялгийн ашиглалтаа эмх цэгцэнд оруулах нь нэг хэрэг. Харин сайхан зорилгын ард өөр санаа агуулаагүй гэдгийг яаж мэдэх вэ? 30 гэр бүл намнах ажил эхэлж байгаа нь 30-аад оны хэрэг гэдэгтэй ойр сонсогдоод байгаа биш гэж үү? Сүүлийн үед өрнөөд байгаа хийрхлийн дор эдийн засгийн гол салбараа татаад унагавал яах вэ?
Мэдээж мөнгөтэй болсон салбар улс төр, эрх мэдэл рүү нөлөөлөх оролдлого хийж эхэлсэн. XIX зууны сүүл үеэс АНУ-д төмөр замын сүлжээг хувийн компаниуд барьж эхэлснээр төр энэ салбарын лоббиг сөрж дийлэхээ больсон байдаг. Гэхдээ төмөр зам барьсан компани болгон ашигтай байгаагүй. Хүн ам олноор төвлөрсөн, аж үйлдвэр төвлөрсөн газруудыг холбосон ашигтай төмөр замыг том, мөнгөтэй компаниуд л барьж чадаж байсан. Бараа үйлдвэрлэгчид, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагчид төмөр замынханд ихээхэн шулуулж, хэлсэн үнээр бараагаа тээвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрч байсан.
АНУ-ын Засгийн газар төрдөө, төмөр замын компаниудад ч ашигтай байх хувилбарыг олохыг хичээж, төрөөс зохицуулах гэж оролдож байсан нь буруудаж байсан түүхтэй. Энэ зөрчил бараг 100 жил үргэлжилсэн байдаг. Гэхдээ мөнгө их олж байгааг нь яллах, ад үзэх замаар шийдээгүй юм. Яагаад гэвэл хувийн өмч яллах үзэл угаасаа өнөөгийн АНУ-ыг тунхаглагчдын цусанд байгаагүй.
Харин манай 30 гэр бүлийн хэрэг нэг эхэлбэл хар мөртэй байх аюултай. Яагаад гэвэл өнөө цагийн монголчууд бидний цусанд хувийн өмчийг үзэн ядах, мөнгөтэй хүнийг адлах үзэл коммунизмаас уламжлан шингээстэй бий. Энэ цус шинэчлэгдэн сэлбэгдэх хугацаа ч болоогүй байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа юм.
Д.Нарантуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ