Ерөнхийлөгчид егөөдүүлсэн МАН

УИХ-д үнэмлэхүй олонх болж парламентын 65 суудлыг авсан МАН түүхэндээ ийм эв нэгдэлгүй, ийм ичгэвтэр, арчаагүй байдалд орж байгаагүй байх.Ямар ч байсан 90 гаруй жилийн түүхтэй Ардын намынхныг хооронд нь алалцуулж, Монголын анхны институцийн хэмжээнд хүрсэн өрсөлдөгчөө задлах, задрах хэмжээнд АН-ынЕрөнхийлөгч аваачиж чадаж байгааг егөөдөл гэмээр.

Долдугаар сарын 7-ны өдрийн сонгуулиар Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсноо нэг л сайн ухаарч өгөхгүй байх шиг. Түүний өнгөрсөн гурван сарын үг, үйлдэл ердөө сөрөг хүчний Ерөнхийлөгч болгон харагдуулаад байгааг бас нуух хэрэггүй.“MEC”-ээс гаргасан аравдугаар сарын судалгаагаар Х.Баттулгын рейтинг сонгуулийн дараагаас даруй дөрвөн хувиар унасаннь үүний нэг баталгаа биз.

Эв нэгдлийн баталгаа болсон Төрийн тэргүүний зүгээсэрх баригч намын эв түнжингүй байдлыг овжин ашиглахын хэрээр Монгол ардын нам Ерөнхийлөгчийн шоглоом, улс төрийн тоглоом болж дуусч магадгүй байна. Үүнийгээ ч үнэмлэхүй олонх хүлээн зөвшөөрсний нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “Монгол хоёр Ерөнхий сайдтай болжээ” гэх үг.

“Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай байя гэвэл эрхийг нь өгөх хэрэгтэй. Аль нам хэдэн суудалтай, хэн ямар албан тушаалтайбайхаас үл хамаарч ирээдүйд өнөөдрийнх шиг асуудал үүсвэл юу болох вэ. Цаашид 40 гишүүн Ерөнхий сайдыг томилдог. Дараа нь20 гишүүн нь Ерөнхийлөгчтэй нийлээд хориг тавьдаг болох нь” гэсэн Л.Оюун-Эрдэнийн үг болүнэн. Гэвч, өөрөөЕрөнхийлөгчтэй нийлээд өмнөх засгаа огцруулсан хүнийхувьдүнэн үг нь үнэ цэнэгүйд хүрсэн.

Монгол Улс гурван Ерөнхий сайдтай, 76 сайдтай болоод удаж байгаа. Үүний үр дагавар нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд 16 засаг сольсон явдал. Өнөөдөр хоёр жил хүрэхгүй хугацаанд засаг барьсан Ерөнхий сайдын зураг Төрийн ордны хоёр ханыг дүүргэх болсон. Хэрэв Үндсэн хуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол түүхэнд биш хананд зургаа хадуулдаг Ерөнхий сайд нартай л болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулган эхэлснээс хойш УИХ-аас баталсан хууль, томилгоо, шийдвэрт хоёр ч удаа хориг тавилаа. Эхнийх нь У.Хүрэлсүхийн засгийн Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдсоныг эрх ашгийг зөрчилтэй, өөрийнхөө сонгуулиар гол пи-араа болгосон 30 гэр бүлийн нэг гэж үзээд хориг тавьсныг УИХ хүлээж аваагүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны уур амьсгалыг ажиглахад Ж.Эрдэнэбатын эсрэг кноп дарсан “33”-ын бүлгээс Х.Болорчулуун, Ч.Улаан гээд У.Хүрэлсүхийн эсрэг долоовор хуруудаж чадах хүмүүс цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, журмын нөхдийнх нь урваж, шарвах нь алга урвуулахын дайтай амархан болохыг У.Хүрэлсүх өөрөө мөд өөр дээрээ мэдэрч магадгүй юм. Түүний танхим 100 хувь давхар дээлтэй байлаа гээд У.Хүрэлсүх баталгаатай оршин тогтноно гэсэн үг бас биш.

Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоёр дахь хориг нь 2017 оны төсвийн тодотгол.Татвар төлөгчдийн хуримтлуулсан 55 тэрбумыг зөвхөн төрийн албан хаагчдад зарцуулах МАН-ын бодлого хүнийг үндэс угсаа, боловсрол, ажил төрлөөр нь ялгаварлахыг хориглосон Үндсэн хуультай зөрчилдөж байгаа бөгөөд үүнийг эсэргүүцэж буй Ерөнхийлөгчийн зөв. Гэхдээ зорилго нь үйлдээ бас зөвтгөж болохгүй. Учир ньЕрөнхийлөгчийн хориг хүүхдийн мөнгөө хүлээж байгаа олон гэр бүлийг хоногийн хоолгүй хонуулахад хүрсэн. Хүүхдийн 20 мянган төгрөгөөрөө амьдралаа залгуулдаг олон гэр бүл Монголд бий.Хүүхдүүд өнөөдөр Ерөнхийлөгч ба МАН гэсэн том зодооны хөлд үрэгдэж байгааг сануулахад буруудахгүй биз.

Гэхдээ, мягмар гаригт хуралдсан Хууль зүйн байнгын хороо 2017 төсөвт бүхэлд нь хориг тавьсныг хүлээж авсангүй, УИХ-ын чуулганы хуралдаанаар хүлээж авахгүй нь тодорхой.Гэвч, ингээд асуудал болгоныг асуудал болгоод Ерөнхийлөгч хориг тавиад байвал Засгийн газар ажлаа хийж чадахгүйд хүрнэ.Өнгөрсөн дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл бүтэнзургаа, долоон сар Монгол улс төржлөө, үр дүн нь ч тодорхой.

Ерөнхийлөгч ба УИХ-тай тулдаг нь үе, үеийн Ерөнхий сайдад учирдаг зовлон.Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн гэрээг үзэглэхийн даваан дээр УИХ-ын дарга З.Энхболд сандал суудлаар барьцаалж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төслөө буцаан татахад хүрсэн.Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч УИХ-ын гаргасан хууль тогтоомж, томилгоо, шийдвэр болгон дээр улстөржиж хориг тавиад байвал яах вэ?Яг энэ асуултын хариу нь үнэмлэхүй олонх Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ одоо л ухаарч байгаа болохоос Монгол гурван толгойтой мангастай болоод 26 жил болж байгаа шүү дээ. Гурван толгойтой мангас эрхийн чинээхэн хүүд ялагддаг үлгэр хүртэл байдаг. Үлгэрээс авах юм их бий.

Ж.НЯМСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ