Б.Хурцын хувь заяаг тодорхойлох Ерөнхийлөгчийн шийдвэрт Ж.Батзандангийн мэдэгдэл нөлөөлөх үү

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувь заяаг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдэхээр шийдлээ хүлээж, басхүү олны анхаарлыг татсан сэдэв болоод байна. Хууль зүй дотоод хэргийн сайдтайгаа “дайн” зарлаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдөөд буй Б.Хурцыг Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилуулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлээд буй.

Түүнийг ийнхүү Элчин сайдаар томилогдохоор яригдах болсонд олон хүн ундуйцаж, эхнээсээ эсэргүүцлээ илэрхийлээд эхлэв. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, Б.Хурцтай холбоотой сөрөг мессежийг нийгэмд түгээв. Тэрбээр “Д.Энхбат гэдэг залууг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж авч ирсэн хүн бол Б.Хурц. Үүнийг Монгол даяар, дэлхий даяар мэдэж байгаа. Тэр залуу хилс хэрэгт холбогдсон нь тогтоогдон гараад 6 сарын дараа амиа алдсан. Гэр бүлийнхэн нь гомдол ирүүлсэн. Олон улсын байгууллага, Европын холбоо одоо ч энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэргийг шалгах ёстой гэж би боддог. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын гишүүн нь авч ирдгийг болиулах хэрэгтэй.

Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд гурван залууг ялласан. Одоо болтол захиалагч нь олдохгүй байгаа. Би энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярьж, УИХ-аар нээлттэй хэлэлцье гэсэн. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Энэ асуудал ил тод хэлэлцэхээс нааш Б.Хурц гэдэг хүний дараагийн томилгоог хийж болохгүй. Б.Хурц гэдэг хүнд бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өргөдлөө өгч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний бие Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол хийх санал гаргаж байгаа" гэдгээ мэдэгдсэн.

Түүний энэхүү мэдэгдэл нь цахим сүлжээнд үүсээд байсан Б.Хурцын томилгоотой холбоотой гал дээр тос нэмсэн үйлдэл болов. Өдгөө олон нийт Ж.Батзандангийн мэдээлсэнчлэн Б.Хурцын томилгоог шийдэхээсээ өмнө түүнтэй холбоотой асуудлыг цэгцэлж, олон нийтийн эргэлзээг тайлахыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тухайлбал төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн байдал нь олны эргэлзээг төрүүлээд байгаа бөгөөд үүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц холбоотой эсэх, үнэхээр энэ хэрэг шударгаар шийдвэрлэгдсэн үү, хэн нэгний захиалгаар жирийн иргэдэд хэрэг тохогдсон уу, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан төрийн нууцыг хадгалж байгаа хүн Элчин сайдаар томилогдох нь хэр зохимжтой вэ гээд олон асуултыг ард түмэн тавьж, хариултыг нь нэхэж байна.

Тиймээс ч Б.Хурцын хувь заяаг шийдэх Ерөнхийлөгчийн шийдвэрийг чих тавин хүлээж байгаа. Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газрын саналыг дэмжиж, Б.Хурцыг Элчин сайдаар томилвол эсэргүүцэх хүн цөөнгүй гарах нь дамжиггүй.

Угтаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдэгдлийн дараа улс төр сонирхогчид “Б.Хурцын хувь заяа бүрхэг болж байгаа, түүнийг “аавын хаалга” татахгүй юмаа гэхэд нэг хэсэгтээ лааз өшиглөж мэднэ хэмээн таамаглаж байсан. Гэвч ТЕГ-ын даргаас буусан тэрбээр хоосон хоцрохгүй, харин ч албан тушаал дэвшиж, Элчин сайдаар томилогдох дээрээ тулаад байгаа юм. Харин Б.Хурцын хувь заяаг тодорхойлох Ерөнхийлөгчийн шийдвэрт Ж.Батзандагийн мэдэгдэл нөлөөлөх үү гэдэг нь тун удахгүй ил болох буй за.

ТЕГ-ын даргаас буусан ч Элчин сайдын суудлаас зүүгдээд буй Б.Хурц гэж хэн бэ

Б.Хурц нь туг ч барьж, тугал ч хариулж явсан нэгэн гэдэгтээ маргах хүн гарахгүй биз. Авлигатай тэмцэх газарт шалгуулж, аавын хаалга татах дээрээ хүртэл тулж явсан тэрбээр тус газрын дэд даргын албыг хүртэл хашиж байсан удаатай нэгэн.

Албан тушаалаа ашиглан мөнгө завшсан, авлига авсан, хөрөнгөө нуусан гэх хэд хэдэн үндэслэлээр тэрбээр АТГ-т шалгуулж байсан ч хариуцлага хүлээсэн удаагүй. Тодруулбал, МИАТ компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэх нэг кг тээшний төлбөрийг 800 вон байсныг 1.2 ам.доллар болгон дур мэдэн өөрчилсөн хэрэгт холбогдож байсан. Албан тушаалын дээрх хэргийг нь хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагчдаас 50 сая төгрөгийн авлига авсан хэргийг нь АТГ шалгасан. Гэсэн ч дээрх хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон.

Б.Хурц Тагнуулын ерөн­хий газарт ажиллаж байхдаа “гаалийн” Х.Баатарын хэргийг шалгаж байсан. Мөн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас баривчилж байв. Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн асан У.Барсболд нарыг тагнаж, чагнасан хэрэгт ч Б.Хурц холбогдож байсан намтартай нэгэн гэдэг нь хэвлэлийн шарласан хуудснаа мөнхөрчээ.

Б.Хурц нь 1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгч, 2000-2002 онд ТЕГ-ын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, 2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга, 2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга, 2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, 2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж байгаад суллагдсан, 2011-2014 онд АТГ-ын дэд дарга, 2014 оноос хойш 2017 оны 11 сарын 1 хүртэл ТЕГ-ын даргаар ажиллаж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ