Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын суудлаасаа буух нь тодорхой болов

Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын гишүүний томилгоонд тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэх гэж өдөржин ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороогоор хэлэлцсэн бол УИХ-ын чуулганыг хуралдуулж, улмаар ирэх оныхоо төсвийг хэлэлцэж чадах байсан юм.

Энэ асуудлаар МАН дотроо дахин хоёр хуваагдсан. Хуваагдахаас ч аргагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гурван сайддаа 800 гаруй тэрбум төгрөгийн концесс бэлэглэсэн нь тэднийг нүхэнд татаж оруулах том шалтгаан болсон.

Засгийн газарт хариуцлага тооцож огцруулах мөчид 33-ын бүлэг дээр АН-ын 8 гишүүн, бие даагч нэг, МАХН-ын нэг гишүүний оролцоотойгоор 43-уулаа нэгдэж Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлагыг нь үүрүүлсэн. Яг энэ явдал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээр давтагдах дүр зураг харагдаж байна.

Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх оны төсөвт хамгийн их багцтай сайдын суудлыг, улс орны эдийн засгийн хувьд чухал байр суурь бүхий яамаа ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж байгаа Ч.Хүрэлбаатарт өгчихвөл “муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг л болно.

2020 оны сонгууль хүртэл У.Хүрэлсүхийн Засгийн газар сөрөг хүчний зүгээс ч, ард түмний зүгээс ч маш олон шүүмжлэлтэй тулгарна. Эхнээсээ л шударга ёс, зарчим ярьж томилогдсон У.Хүрэлсүх ашиг сонирхлын зөрчилтэй сайдаар нэр хүндээ солихгүй байх гэсэн хүлээлт ч бий.

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохгүй байх шалтгаан маш ойлгомжтой. Энэ бол ашиг сонирхлын зөрчил болоод төрийн албан хаагчдад нөхөн олговор нэрээр хавтгайрсан халамж тараах гэсэн оролдлого юм. Багш нар өнөөдөр 300 мянган төгрөг авахгүй гэдгээ тууштай илэрхийлж байгаа. Түүнчлэн тараах гээд байгаа 55 тэрбум төгрөгөөрөө сургууль, цэцэрлэг бариад өг гэж хэлсээр байтал заавал нөхөн олговор нэрээр 300 мянгыг олгоно гэж зүтгээд байгаа хүн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар.

Ямар ч улсад цалингаа нэмүүлэхийг хүссэн төрийн албан хаагчдад галыг намжаах аргаар бэлэн мөнгө тараадаг жишиг байхгүй. Сангийн сайд хүн бэлэн мөнгө тараахын эсрэг байх ёстой.

Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил гэж яригдаад байгаа асуудлыг нэхэн үзвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар лиценз зарсан явдал сөхөгдөөд байгаа. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27-р тогтоолоор “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын ордыг багтаасан байдаг. Энэ нь 100 хувь улсын зардлаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд гэсэн үг юм.

Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн ашигт малтмалын орд дээр төр 34 хүртэлх хувь эзэмшинэ” гээд заачихсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх стратегийн ордыг Ч.Хүрэлбаатарын ах нар хувьдаа авсан байгаа юм.

Мэдээж эл мэдээлэл, баримтууд олон нийтэд ил болсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэсэн. Үгүйсгэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтоор “Чимидийн Хүрэлбаатар, Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, Чимидийн Ганболд нарын нэрээр эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө нь болоод одоо бүртгэгдээгүй байна” гэдэг бичиг үйлдүүлчихсэн байгаа юм.

Гэтэл “Хотгор шанага” компанийн 2011 оны 2 сарын 14-ний өдрийн хурлын протоколоос харахад Ч.Хүрэлбаатарын ах Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар нь тус компанийн гишүүд гэдгээ нотлон, гарын үсгээ зурсан байгаа нь тодорхой байна.

Төрийн эзэмшлийн стратегийн ордыг хувийн өмчөө зарж байгаа аятай 2 сая ам.доллараар солонгосуудад зарсан баримт нь дэлгэгдсэн. Ард түмний мэдлийн стратегийн ордыг ах дүү нартайгаа нийлж гадныханд зарсан асуудлаас үүдэж тэднийг байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30 гэр бүлийн нэг гэх асуудлыг УИХ-ын тамгын газрын дарга З.Энхболд хөндсөн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан шигээ, амалсан шигээ Засгийн газраа бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол Сангийн сайддаа хариуцлага тооцох нь шударга алхам. Хэрвээ одоогийн Засгийн газрыг 2020 он хүртэл тогтвортой байлгая гэвэл сэвгүй Засгийн газар байгуулах сорилт тулгарахаас аргагүй.

Ийм л асуудлаар өчигдөр МАН-ын бүлэг 33, 32-оороо хуваагдсаар байнгын хороодын хурал хойшлогдсон. Цаашилбал 2018 оны төсвийг хэлэлцэх асуудал гацсан юм.

МАН доторхи 32-ын бүлэг бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн боловч энэ мэдээлэл гадагш гарвал МАН дотроо зөрчилтэй хэвээр байгаа нь батлагдчих учраас дэмжихгүй гэдэг байр суурь дээр нэгдсэн гэх яриаг түгээж эхэлсэн.

Үнэхээр энэ асуудлаар яв цав санал нэгдчихсэн бол өчигдөр байнгын хороодоо хуралдуулаад, чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явчих хангалттай хугацаа байсан. Гэхдээ АН оролцохгүй байсан ч 32-ын бүлэг дээр УИХ-ын гишүүн бие даагч С.Жавхлан болон МАХН-ын О.Баасанхүү хоёр нэмэгдэж хүч түрэхэд л ойлгомжтой болох учраас 33-ын бүлэг тохиролцоонд хүрье гэсэн байх талтай.

Үүнээс харвал МАН нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Хүрэлбаатартайгаа зууралдсаар байвал дээрх нөхцөл байдал үүсч Сангийн сайд суудлаа орхих нь тов тодорхой болох юм.

Т.БАТСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ