О.Баасанхүү: Намайг “улс төрийн алуурчин” гэж хэлсэнд гайхаад барахгүй байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ЫН ГИШҮҮН 64 НАСТАЙ ӨВГӨНИЙГ ШААРДАХ БИЧИГ ХҮРГЭЖ ӨГӨХӨД НЬ ЗОДСОН БАЙСАН-
-МАХН дотор асуудал үүсээгүй, ямар ч хагарал байхгүй гэдэг асуудлыг танай намын дэд дарга С.Ганбаатар баасан гаригт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлж байсан. Үнэхээр дотооддоо хагаралгүй гэж та хэлж чадах уу?
-ХҮН-ыг тараасан С.Ганбаатар гэдэг хүн ер нь худалч хүн. Ерөнхийлөгчийн сонгуулиар 50 сая вон хандиваар авсан тухайгаа “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа юу гэлээ. “Би төрийн хамгаалалтад байсан. Төрийн хамгаалалт мэдээж тагнуулын байгууллагын харъяа. Миний найз над дээр ирээд 50 сая вон өгье гэхээр нь би аваагүй. Тагнуулын байгууллага надтай шүүхдээсэй. Хэрвээ шүүхдэх юм бол би ёстой үнэн мөнийг нь ил гаргаж тавина” гэж ярьсан хүн шүү дээ. Дараа нь sonin.mn сайтад өмгөөлөгч нь ярихдаа “Нэр дэвших бичгээ өгчихөөд байж байхад найз нь ирж хандив өгөх гэсэн” гэж ярьснаа баасан гаригийн хэвлэлийн хурлаар “Тэр бичлэг бол эвлүүлэг” гээд ичихгүй худлаа яриад сууж байна. Ийм худалч хүн улс төрд байж боломгүй. Миний зүгээс намын зарим асуудалдаа шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. МАХН дотор асуудал байгаа нь үнэн үү үнэн.
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж таныг “улс төрийн алуурчин” гээд, ганцаараа МАХН-ыг төлөөлөхгүй гэсэн. Ямар учраас таньтай ийм үл ойлголцолтой байгаа юм бэ?
-Намайг ямар учраас “улс төрийн алуурчин” гэж хэлснийг нь би гайхаад барахгүй байна. Улс төрийн алуурчин гэдэг чинь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүнийг л хэлнэ биз дээ. Би амьдралдаа худлаа хэлж, хүний аминд хүрч үзээгүй хүн шүү. Намайг намынхаа дотоод асуудлыг шүүмжлэхээр энэ мэтээр дайрч доромжилдог. Сүүлдээ бүр алуурчин гэж хэлж байгаа, түүнийг би юу гэж ойлгох вэ.
-Таныг Гүйцэтгэх товчооныхоо хуралд суухгүй байна гэсэн асуудал ярьсан шүү дээ?
-МАХН-аас УИХ-д сууж байгаа ч гэлээ би чинь сонгогчдын саналаар тэднийг төлөөлж байгаа биз дээ. Өдөр болгон надад Гүйцэтгэх товчооны хуралд суух зав олддоггүй. УИХ-ын чуулган дээр тогтмол сууж энэ хэдэн гишүүний чинь ирцийг бүртгэхгүй бол хэдэн хүнтэй хууль батлаад байдгийг нь мэднэ биз дээ. Тэглээ гээд намайг Гүйцэтгэх товчооны гишүүнээс түдгэлзүүлээд байгаа нь өөрсдөө намынхаа гишүүнийг ойлгохгүй байгаагийн л илрэл. Нам доторхи асуудлаа цэгцлэх хэрэгтэй, дүрэм журмаа дагах хэрэгтэй гэж хэлсний төлөө өнөөдөр шаардах бичиг хүргүүлсэн 64 настай өвгөнийг зодчихсон.
-Ямар шалтгаанаар зодсон юм бэ?
-Намын дотоод дүрмээ мөрдөж Бага чуулганаа хуралдуулах хэрэгтэй гэж 77 хүн саналаа хэлж гарын үсгээ зурсан. Энэ шаардах бичгийг намын гишүүн 64 настай өвгөн хүргэж өгөх үеэр Н.Энхбаяр дарга үүдэнд тааралдаад “Та нар ямар учраас ингээд шаардах бичиг гэж яриад яваад байгаа юм бэ” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь шаардах бичгээ нэг өрөө рүү ороод өгөх гэсэн 30 орчим насны залуу гарч ирснээ маргалдаад 64 настай өвгөн тэр залууг чи гэж хэлсний төлөө шанаадаж унагаасан байгаа юм. Би ТЕГ-т бичиг хүргүүлсэн. Ингэж болдог юм уу. Өнөөдөр би энэ намын гишүүний хувьд намынхаа дүрэм журам, дотоод асуудлыг ярьж, хэлж шүүмжлэх нь зөв биз дээ.
-Та МАХН-аас гарна гэдэг асуудал ярьсан юм уу?
-Би ерөөсөө намаасаа гарна гэдэг асуудал яриагүй. Харин намайг гараасай гээд л ингэж байгаа юм. Намайг намаасаа гарна гэвэл Н.Батшугарын хадам ээж болох “Эмэгтэйчүүдийн холбоо”-ны дарга н.Должинсүрэн нь намайг АТГ-д өгнө, шоронд хийнэ гээд яриад байж болох уу.
-“ЭРДЭНЭТ” ДЭЭР МАНАЙХАН ХУВААЖ ИДЭХ ГЭЖ БАЙХАД НЬ БИ ЗАДАЛЖ, ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭЖ БАЙСАН ШҮҮ-
-Таны шаардлагыг намын даргынхаа эсрэг хийж байгаа үйлдэл гэж хараад байгаа юм биш үү?
-Би Н.Энхбаяр даргыг хүндэлдэг. Гэхдээ намын дүрэм журмаа дагах ёстой шүү дээ. Нам гэдэг хамтаараа шийдвэр гаргаж, хамтаараа явах ёстой. Бид Онц их хурлаас хойш нэг ч хуралдаагүй. Нэг ч удаа Их хурал хийгээгүй. Их хурлаар намын дарга тайланга тавьж, намын даргын өрсөлдөөн болох ёстой. Намын дарга дээд тал нь 8 жил ажиллах ёстой. Тиймээс дүрэм журмынхаа дагуу л байя гэсэн. Намайг намын дарга болох гээд зүтгээд байна гэж ойлгоод байх шиг. Би ерөөсөө тийм зүйл хүсэхгүй байна. Н.Энхбаяр дарга намын Их хурлаараа дахиад сонгогдоно л биз дээ. Би намаа бутаргаагүй, харин ч сайжруулъя гэдэг асуудлыг л ярьж байгаа. ХҮН-ыг өнөөдөр хэн бутаргалаа. МАХН-ыг ХҮН шиг болголоо гээд байх юм. ХҮН-ыг хэн сайн мэдэх юм. С.Ганбаатар, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга гурав л сайн мэднэ. Намайг энэ асуудлыг ярихаар л намаа хагаран, бутаргаж байна гээд байх юм. Даваа гаригт бидний шаардлагын дагуу Бага чуулган хуралдана гэж С.Ганбаатар хэлсэн. Бага чуулганы жинхэнэ гишүүд ирэх юм уу, хуурамч гишүүд ирэх юм уу харж л байя.
-Хуурамч гишүүд гэдгээ тодруулахгүй юу?
-Өнөөдөр энэ хүмүүс Н.Энхбаяр даргад хайртай байж болно. Би ойлгоно. Гэхдээ гэр бүлд үйлчлэх гэж нам байгаа юм уу, ард түмэндээ үйлчлэх гэж нам байгаа юм уу гэдгээ ойлгох хэрэгтэй. Би олон удаа Н.Энхбаяр даргыг өмөөрч хамгаалж ирснийг намын гишүүд маань мэднэ. Намайг нам дээрээ огт очдоггүй мэтээр яриад байх юм. Би нам дээрээ очдог. Надад харин нэг ч удаа албан бичиг хүргүүлж байгаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр дуугарсангүй гээд байх юм. О.Баасанхүү бидний байр суурь ийм шүү гэдэг Бага чуулганы бичгээ надад хүргүүлээгүй. “Эрдэнэт” дээр манайхан хувааж идэх гэж байхад нь би задалж, олон нийтэд дэлгэж байсан шүү. Би Н.Энхбаяр даргад хүртэл хэлж л байсан.
-Б.ХУРЦ, Ц.НЯМДОРЖ НАРЫН АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-
-Өнгөрсөн долоо хоногт яригдсан нэг асуудал бол гишүүдийн нэрээр 72.5 тэрбум төгрөг тодотголоор оруулж ирсэн гэдэг асуудал байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын гишүүд тойрогтоо юм хиймээр байна гэж ярьж л энэ тэрбумыг оруулж ирсэн гэж би ойлгосон. Өмнө нь ч гэсэн энэ асуудал яригдаж байсан л юм билээ. Нэг тэрбум төгрөг гишүүдэд хуваарилаад, өөрсдөө тэрбумынхаа 10 хувийг цавчаад, найз нөхөд ах дүүсийнхээ компаниар дамжуулж хийлгээд л. 76 тэрбум төгрөг орж ирэхгүй яасан юм бол гэж харж байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат илчилж байгааг бодоход өөрөө лав үүнд ороогүй л байх. Миний харж байгаагаар бол УИХ-ын гишүүд мөнгөнөөс хол байх ёстой.
-Энэ асуудал яригдаад эхлэнгүүт төрийн албан хаагчдад 300 мянгыг нөхөн олговор нэрээр тарааж галыг намжааж байна гэж харагдаж байна шүү дээ?
-Хэрвээ багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх гээд байгаа юм бол төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэм л дээ. Төрийн албан хаагчдад бүгдэд нь гэхээр УИХ-ын гишүүд, дарга, сайд, Ерөнхийлөгчид хүртэл энэ мөнгө нөхөн олговор нэрийн дор очно шүү дээ. Төрийн албаны тухай хуулиар хэлэлцэнэ гэхээр дарга, сайд бүгд орчихно. Төрийн үйлчилгээний албан хаагчдаас бусдыг нь энэ хуулиас гаргачих хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд цалингаа нэмэх гээд байгаа бол Төрийн албаны тухай хуулиар биш Боловсролын тухай хуулиараа зохицуулаад явах хэрэгтэй. Хүний хөгжлийн мөнгө нэрээр 21 мянган төгрөг тараагаад хүнээ хөгжүүлсэн үү. Өрөнд ороод л таарсан. Ийм үрэлгэн, нэг удаагийн гал унтраах байдлаар явахаа болих хэрэгтэй. ОУВС-тай гэрээтэй болохоор цалин нэмж болохгүй гэж хэлээд байгаа мөртлөө цааш харах хооронд нь хулгайн аргаар нөхөн олговор нэрээр 300 мянган төгрөг тараагаад байж болох уу.
-Та баасан гаригт чуулганы эхэнд ТЕГ-ын дарга Б.ХУрц болон Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн шүү дээ. Ямар учраас ийи алхам хийв?
-Өмнө нь АТГ-ын дэд дарга хийж байсан хүн албан ёсны хэвлэлийн хурал зарлаж, уг хэвлэлийн хурлаараа ноцтой асуудлууд ярьсан. Эхлээд Хууль зүйн сайдтай холбоотой 42 сая ам.долларын шахааны асуудлыг хэлсэн. Мөн ТЕГ-ын дэд дарга Л.Доньчимбуугаар ахлуулсан ажлын хэсэг шалгаад, Хууль зүйн сайдыг гадаад улсын аюулгүй албатай холбоотой байж болзошгүй асуудлыг шалгаад дуусч байгаа. Үүнийг нээлттэй болгох боломжтой гэдэг асуудлыг хэлсэн. Би Ц.Нямдоржийг улс төрд олон удаа сонгогдсоноор нь хүндэлдэг. Гэхдээ өөр улс оронд байсан бол энэ ямар нөхцөл байдал үүсэх вэ. Үүнд УИХ-ын гишүүд нь анхаарах ёстой. Тиймээс энэ асуудлыг УИХ дээр оруулж ирж ярих ёстой. 42 сая ам.доллар гэдэг 90 гаруй тэрбум төгрөг. Энэ мөнгө хичнээн хүний цалин бэ гээд бод доо. Уг асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Ард түмний зүгээс ч гэсэн энэ асуудлыг хоёр хүний хэрүүл гэж харахаасаа өмнө хэлсэн зүйлүүд нь үнэн үү, үгүй юу гэдэгт л анхаарлаа хандуулах хэрэгтэй. ТЕГ-ын даргынх нь үнэн үү, Хууль зүйн сайд нь цэвэр хүн юм уу гэдгийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Ийм асуудлаар л би асуулга хүргүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ТАМИР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ