Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
Хууль зөрчин төрийн өмчийг шамшигдуулсан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас баривчилсан талаар эх сурвалж мэдээлж байна. Улмаар нэр дурдсан хоёр хүнийг цагдан хорьсон бололтой.
ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй ажилладаг билээ.
Өчигдөр тэднийг ажил дээрээ байхад нь АТГ-ынхан очиж, прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийж, улмаар холбогдох бичиг баримтууд, бэлэн мөнгийг битүүмжилж, улмаар дарга нарыг нь ийн баривчилсан аж. Тэд 2013-2017 онд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буйг АТГ-ыхан прокурорын тогтоол унших үедээ хэлсэн байна.
Тодруулбал, дээрх албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх мэт есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэсэн хэрэгт холбогдсон.
Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ