Футзалын тамирчид хэсгээ тэргүүлэв
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид Буриадын Улаан-Үд хотноо “Кубок Открытие Сезона” тэмцээнд оролцож байна.
Тэмцээний “В хэсэг”-т Улаан-Үдийн шилдэг багуудтай таарсан Монголын шигшээ эхний хоёр тоглолтдоо хожиж, зургаан оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ.
Манай тамирчид Улаан-Үдийн хамгийн хүчирхэг багуудын нэг “МФК Лара”-тай эхний тоглолтоо хийсэн ба Г.Батцэнгэл /15’, Э.Пүрэвдорж /30’, Г.Цолмонбаатар /32’/ нар гоол оруулж, 3:2 харьцаагаар хожлоо. Харин хоёр дахь тоглолтод “Росгвардия Кречет” багийг 5:1-ээр илүүрхэв. Энэ тоглолтод П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Г.Цолмонбаатар, А.Тэмүүжин, Э.Бат-Оргил нар гоол оруулжээ.
Футзалын үндэсний шигшээ баг өнөөдөр /2017.10.16/ 21:00 цагаас “Байкал авто трак”-тай, маргааш /2017.10.17/ 19:30 цагаас “ВСГУТУ” багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.
Монголын футзалын үндэсний шигшээ багийн тамирчид энэ тэмцээний дараа арваннэгдүгээр сарын 04-06-ны хооронд Тайланд улсад болох Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ