Шинэхэн сайд нар тодорсон шаггүй долоо хоног
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
НИТХ-ын даргыг сонгов
НИТХ долоо хоногийн эхэнд болж, даргаа сонголоо. Нийт гишүүдийн 49 хувийн саналыг Д.Баярсайхан, 51 хувийг саналыг С.Амарсайхан авсанаар НИТХ-ын даргаар сонгогдсон юм.Тэрээр “Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална” гэв.
Ж.Мөнхбат АТГ-т ханджээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Ж.Мөнхбатын эхнэрийнх нь төрсөн ах “Засаг чандмань майнз” компанийг эзэмшдэг аж. Тус компани Дорноговь-Сайншандын чиглэлийн 130 км авто замын тендер шалгаруулалтад оролцож,Засгийн газартай концессын гэрээ байгуулжээ.Иймд концессын гэрээ хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагад хандаж байгаа аж.
Төсвийн байнгын хороо хуралдав
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй гэв.
Засгийн газарт ажиллах сайд нарыг зарлав
У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрс эцсийн байдлаар бэлэн болжээ. Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, сайд нарын нэрийг зарлалаа. Харин дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж тодорхойгүй байсан гурван сайдын нэрийг хэлэлцэж, эцсийн байдлаар нэр дэвшүүлэхээр тогтлоо.Ингэснээр Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой боллоо.
Сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэв
УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. Мөн АТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна.
"Олон улсын охидын өдөр" тохиов
/НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Тус өдрийг угтан дүүрэг тус бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн харьяаллын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан аж.
Цалин нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдэв
Соёл, урлагийн байгууллагагын ажилтнууд өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалингаа нэмүүлэх тэмцэлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран"Би нэг зүйлийг гайхсаар өдийг хүрлээ. Багш, эмч нар бол нийгмийн том салбар гэдэг нь ойлгомжтой. Гэтэл соёл урлаг энэ улсад ер нь байх хэрэгтэй юм уу? Олон жил төсвийн тодотголын талаар телевиз, радиогоор харж байхад Соёл, урлаг гэж ярьж байгаа нэг ч гишүүн, нэг ч яриа олж сонсож байсангүй. Тэгэхээр энэ соёл урлаг гэдэг энэ улсад хэрэггүй юм байна. Бид хэрэггүй зүйлийг ажиллуулаад энэ улсад дарамт шахалт учруулаад байгаа бололтой. Үнэхээр хэрэггүй салбар юм бол бидэнд хэлээд өгчих хэрэгтэй шүү дээ” гэв.
Дэлхий дахинд
БНАСАУ-ын удирдагчийн дүү улс төрийн товчоонд томилогдов
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ё Жон тус орны эрх баригч намд шинэ албан тушаалд томилогдсон байна. Одоо тэрээр улс төрийн болон цэргийн холбогдолтой асуудал шийдвэрлэхэд оролцоно гэж “USA Today” сонинд бичжээ.
АНУ дэлхийд агшин зуур цохилт өгөх цогцолбор бүтээнэ
АНУ-ын батлан хамгаалах яам дэлхийн аль ч цэгт агшин зуур цохилт өгөх ирээдүйтэй цогцолбор бүтээх ажилд оржээ. Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Александр Емельянов пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тухай Орос-Хятадын мэдээлэх уулзалт дээр ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ