У.Хүрэлсүхийн ГУРВАН ТУЛГУУР
У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорлоо. Өөрөө УИХ-ын гадна талаас Ерөнхий сайдаар тодорсон тэр танхимын гишүүдээ парламент дотроос 100 хувь сонгожээ. Засгийн газар нь тогтвортой, асуудлаа УИХ дээр авч гарах талаас нь харвал түүний сонголт яах аргагүй зөв.
Харин “Давхар дээл’’-ийг тайлах тухай МАН-ын гурван жилийн өмнө хийж байсан жагсаалыг санавал түүний сонголт улс төрийн хувьд ухралт. Гэхдээ Монголын нийгэмд “дан”, “давхар дээл”-ээс чухал асуудлууд овоорчхоод байгааг тодотгоё. Овоорсон асуудалдаа тохируулж сайд нарын сонголтоо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс ч У.Хүрэлсүхийн тулах гурван сайд нь хэн байх вэ?
Ц.НЯМДОРЖ
Яалт ч байхгүй тулах ёстой хүн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болж таарна. Парламентад сууж байгаа туршлагыг нь бодсон ч, улс төр дэх жинг нь тооцсон ч тэр У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба бол Ц.Нямдоржийн ердөө л мэддэг ажил нь. Тиймээс салбарын сайдын сонголт нь буруу байлаа, мэргэжлийн бус гэх шүүмжлэл лав түүнд хамаарахгүй.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлон оролцсон, У.Хүрэлсүхийг тултал нь дэмжсэн тэрээр сайд болохгүй гэж зүтгэсэн гэх мэдээлэл бий.Гэхдээ л тэр одоо сайдад нэр дэвшээд явж байна. Үнэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахгүй гэж зөрсөн нь үнэн бол Ц.Нямдорж сайд болох нь өөрт нь гэхээс илүүтэй У.Хүрэлсүхэд хэрэгтэй байгаагийн илрэл биз.
Ч.ХҮРЭЛБААТАР
Шинэ Ерөнхий сайдын эхний уулзалт нь ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер байлаа. Анхны албан захидлаа ч ОУВС-гийн гүйцэтгэх захиралд хаягласан бөгөөд “Манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм” гэж тодотгосон билээ. Нэгэнт гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үргэлжилнэ гэсэн үг унасан болохоор тэдэнтэй ойлголцож ажиллах нь эхний даваа
Энэ давааг хэрхэн давахаас Монгол Улсын эдийн засаг хамаарна. Мөн УИХ дээр ороод ирчихсэн төсвийн тодотголоос эхлээд, ирэх онд төлөх ёстой “Чингис” бондын 500 сая ам.доллар, “Дим сам” бондын 161 сая ам.доллар бол Ерөнхий сайдын том зовлон болох нь гарцаагүй. Тиймээс ч энэ зовлонг ажрахгүй давах, ОУВС-тай ойлголцолд хүрч чадах хүнийг тэр Сангийн сайдад нэр дэвшүүлсэн байна.
Өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Төсвийн байнгын хороог хэдэнтээ толгойлж байсан туршлагатай эдийн засагч Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд өөрийн гол тулгуур болж ажиллана гэж тооцож, Сангийн сайдад дэвшүүлсэн бололтой.
Ө.ЭНХТҮВШИН
32-ын “бүлэг”-ээс санал болгосон Л.Энх-Амгаланг хүлээж аваагүй У.Хүрэлсүх Шадар сайдад Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр боллоо. Улс төрийн тохироо, яриа байсан нь үнэн боловч энэ бол нэг талаас хамгийн зөв сонголт байх талтай. Ө.Энхтүвшин туршлагатай, нэр цэвэр улстөрч. МАН-ын даргаар ажиллаж байгаад албан тушаалаа авсан шигээ буцаагаад өгчихсөн хүн. Парламент дотроо нэр хүндтэй, бас төрийн ажлын туршлага талаас нь харсан ч Ө.Энхтүвшин Шадар сайдын суудалд гологдохгүй.
Нөгөө талдаа тэр бол намын асар өндөр дэмжлэгтэй. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар /309 гишүүнээс 188-ынх нь саналыг авсан/ тодруулсан МАН-ын IX Бага хурал дээр Ө.Энхтүвшин 101 санал авсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын 30-аас илүү хувь нь Ө.Энхтүвшинд итгэл хүлээлгэж байгаа. Тиймээс ч ажлын туршлагаас гадна намын дэмжлэгийг нь бодвол Ө.Энхтүвшин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн яах аргагүй гол тулгуурын нэг нь болж байгаа юм.
Ж.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ