Ардчилсан нам Засгийн газарт орохгүй
Гурван сарын настай Засгийн газар байгуулахгүйн тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь 32-ынхоо “бүлэг”-ээс сайдад нэр дэвшүүлэхээс аргагүй бололтой. Гэхдээ хотын фракцтай ойлголцож чадах эсэхээс олон зүйл хамаарах аж.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн лхагва гаригт ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарыг багтаах сонирхолтой байгаагаа мэдэгджээ. МАН-ын дарга саналыг нь дэмжсэн ч 50 хувийг нь бид, 50 хувийг нь өөрөө мэдэж бүрдүүл гэх чиглэл өгсөн нь эцэстээ үл ойлголцол руу хөтөлжээ.
Хурлын уур амьсгал ч ширүүсч, “Ардчилсан намаас сайдаа санал болго” гэх үгийг ч зарим нөхөд нь унагасан байна.
Урд өдөр нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон байдаг. Энэ үеэр тус бүлгийн гишүүд “Засгийн газрын бүтцийн хуулиа өргөн мэдүүлэхдээ яамдынхаа тоог нэмэхгүйгээр Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Соёлын яамыг бие даан байгуулж ажиллаач ээ” гэдэг санал тавьжээ. Ерөнхий сайд “Бодолцож үзье” гэх тайлбар өгсөн аж. Гэвч энэ үг намынх нь бүлгийн гишүүдийн чихэнд хүрэхдээ “Ардчилсан нам шинээр яам байгуулж, хамтрахыг хүсчээ” болж хувирсан нь Ардын намынхныг түргэн авахуулж, Ерөнхий сайдаа томилохын өмнө бүлгээ ээлжит бусаар хуралдуулсан юм байна. Харамсалтай нь, ойлголцолд хүрч чадаагүй.Гэхдээ бүлгийн гишүүд нь шинээр байгуулах танхимыг хүчтэй, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн бол Ерөнхий сайд МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэдгээ хэлжээ.
Мөн хуучин Засгийн газраасаа дээр нэр дурдсан гурван хүнийг танхимдаа багтаахыг хүссэн ньхүчтэй, мэргэжлийн танхим бүрдүүлэх зарчим барьж буйтай нь холбоотой бололтой.
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилыг боловсрол, туршлагаараа Мэргэжлийн Засгийн газрыг өнгөлөх сайд нарын нэг гэж үздэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг хүчтэй улстөрчдийн нэг хэмээн намын нөхөд нь үнэлдэг.
Харин Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнийг шинэ танхимд авах санал илэрхийлсэн нь Ерөнхий сайд нутгийнхаа сайдын суудлыг хэвээр хадгалахыг хүслээ гэх яриаг дагуулж байхад “Баагий аварга өөрөө сайдаар үлдэх сонирхолтойгоо хэлсэн” гэх хардлагыг ч дагуулж байна.
Үүнээс гадна МАН дотор Их хурлаас бүх зүйл шалтгаална гэж үзэх гишүүд олон байна.
Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх зүйлээ авахыг хүсэж буй аж. Намын дарга, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, тэр бүү хэл бүлгийнхээ даргыг ч өөрийн багаас тавих төлөвлөгөөтэй гэх.
Эхний хуваарилалт нь Засгийн газрын бүрэлдэхүүн учраас одоогоор дээрх асуудлууд руу орохгүй байгаа гэнэ.
Мөн МАН-ынхан У.Хүрэлсүхийг Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулах нь гэж хардах хэрэггүй бололтой. Дангаараа танхимаа бүрдүүлнэ гэдэг нь бараг тодорхой болжээ.
Хуучин танхимаасаа сайд “урвуулахаар” шийдсэн нь Засгийн газраа Ж.Эрдэнэбатын танхим шиг онхолдуулчихгүйн тулд авч буй арга хэмжээ ч гэж болно.
2020 оны УИХ-ын сонгууль болоход гурван жил үлдсэн. Энэ бол дахиад ч Засгийн газар онхолдуулж болох хугацаа юм. Ардчилсан нам Засгийн газарт багтаагүй нөхцөлд Ж.Эрдэнэбатын танхимыг өмөөрч, кноп дарсан 32 танхимыг нь унагаах эрсдэл бий.
Тиймээс У.Хүрэлсүх хүссэн, хүсээгүй М.Энхболд ба 32-ын “бүлэг”-тэйгээ хэлэлцээрийн ширээний ард сууж, буулт хийхээс аргагүй л нөхцөл үүсээд байх шиг байна.
Г.Хорол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ