Мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжих дөрвөн ажил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрөөс хэлэлцэж эхлэх байв. Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан хугацааныхаа дагуу аравдугаар сараас өмнө буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Эдийн засагт төсөв болон мөнгөний бодлого амжилттай хэрэгжиж байж тогтвортой өсөлт хангагдана. Энэ хоёр чухал бодлогуудаас төсвийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдэг бол мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг.

Тэгвэл ирэх жилд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийн төсөлд төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх онцлох ажлуудыг нэрлэж байна.

1. Инфляцийг 8 хувьд тогтворжуулж, ханшийг уян хатан тогтооно

Монголбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангах буюу инфляцид чиглэдэг. Тэгвэл Монголбанкнаас 2018 онд инфляцийг 8 хувьд тогтворжуулах зорилт тавьснаа Мөнгөний бодлогын чиглэлдээ тусгажээ. Ингэхдээ нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд харин хоёр дахь үеийн болон дам нөлөө нь өндөр үед мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан арга хэмжээ авна гэжээ.

Харин төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох нөхцлийг бүрдүүлэх аж. Ингэхдээ банк хоорондын валют арилжааны цахим талбар (Bmatch)-т оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, улмаар банк хоорондын валютын захыг идэвхжүүлж, ханш зах зээлийн зарчимд нийцтэй, бодитой тогтох нөхцөлийг бүрдүүлж ажиллах юм байна.

2. Ил тод, ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ

Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгохоор зорьсон нь энэ жилийн мөнгөний бодлогын онцлох чиглэл болж байна.

Аливаа Төв банкууд хараат бус байх тусмаа инфляцийг зорилтот түвшинд барьж чаддаг. Харин хараат бусаар ажиллах суурь нөхцлийг нь ил тод байдал бүрдүүлдэг байна. Монгол Улсын Төв банк анх удаа Мөнгөний бодлогын зорилтдоо энэ чиглэлийг тусгасан нь онцлогтой.

Үүнээс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Энэ нь иргэд хуримтлалтай болох, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ өргөжүүлэх, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг завдагчдын орон зайг үгүй болгох, ирээдүйд улс орны эдийн засаг, санхүүгийн систем хөгжихөд чухал нөлөөтэй юм.

3. Банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ

Санхүүгийн салбарын тогтвортой байдал нь улс орны хувьд амин чухал асуудал байдаг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарын гол оролцогчид болох арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн билээ. Энэ нь банкны салбарын эрсдэл даах, үүргээ гүйцэтгэх чадварыг сайжруулах томоохон алхам болж байна.

Мөн 2018 оны Мөнгөний бодлогын чиглэлд үүнээс гадна санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах хэд хэдэн ажлууд хийгдэхээр тусгагджээ. Тухайлбал санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, мөнгө, санхүү, гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл тараах тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхлэх ажээ.

4. Санхүүгийн салбарын есөн хуулийг сайжруулна, шинээр батална

2018 оны мөнгөний бодлогын чиглэлд тусгаснаар дараах хуулиудыг шинэчлэн сайжруулах ажээ.

Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөн­гөн хадгаламжийн даат­галын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийнмөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, мөнгө угаах болон терроризмыг сан­хүү­жүүлэхтэй тэмцэх тухай хуульд тус тус нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бэлт­гэж байна. Мөн шинээр Валютын зохицуулалтын тухай хууль, Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Активын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.

Ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлого нь эдийн засгийг идэвхжлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чанарыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэжээ. Гагцхүү үр дүнтэй хэрэгжилтэд төсөв мөнгөний бодлого харилцан уялдаатай, тогтвортой байх, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах хэрэгтэйг тус баримт бичигт онцгойлон авч үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ