Орос, Монголын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрчээ
'Монгол,Оросын хамтын ажиллагаа-2017' чуулга уулзалтын нээлт өнөөдөр /2017.10.03/ боллоо. Энэхүү уулзалтаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлж, харилцан ашигтайгаар яаж ажиллах вэ гэдэгт талууд байр сууриа илэрхийллээ.
Сүүлийн хэдэн жилд хоёр орны худалдааны хэмжээ багассан ч, 2017 оны эхний долоон сард Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 46.8 хувиар өссөн дүн юм. Задалж харвал, Монгол Улсаас ОХУ-руу 33.4 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол ОХУ-аас 671.9 сая ам.долларын барааг импортлон авчээ. Импорт 80 хувь, экспорт 20 хувь болсон худалдааны балансгүй байдлыг цаашид тэнцвэржүүлэх асуудлыгМонголын талаас хөндөж, гарц хайж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл экспорт, импортыг хэрхэн 50, 50 хувь хүргэх вэ гэдэгт Засгийн газар анхаарлаа хандуулах болсныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил тодотгосон юм. Мөн Засгийн газар ОХУ-тай эдийн засгийн харилцааг өргөжүүлэхдээ таван асуудалд анхаарлаа хандуулж ажиллах юм.
Нэгдүгээрт, эрчим хүчний хамтын ажиллагаа. Үүнд шинээр эрчим хүчний эх үүсвэрүүд барих.
Хоёрдугаарт, тээвэр буюуюуны өмнө төмөр замын тээврийн асуудал. Үүнд Улаанбаатар хотын төмөр замыг шинэчлэх, шинэ төмөр зам барих асуудал багтана.
Гуравдугаарт, Евро-Азийн эдийн засгийн холбоотойчөлөөт худалдааны гэрээ байгуулах. Монголын талаас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэдэг асуудлыг тус холбоонд тавьж эхэлжээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар зөвхөн тарифын хүндрэлээ багасгах боломжтой юм. Гэхдээ тарифын хүндрэлээс илүү өнөөдөр Орос, Монголын харилцаанд саад болсон асуудал нь тарифын бус хязгаарлалт болжээ.
Тодруулбал, монголоос экспортолж буй бараа, бүтээгдэхүүн нь стандартад нийцдэггүй, ариутгалын шаардлага хангадаггүй, мал эмнэлгийн шаардлага, мэргэжлийн хяналтын шаардлага, хяналт муу байдаг аж. Экспортолж, импортолж буй бараа бүтээгдэхүүн нь гааль дээр гацдаггүй болох нь худалдааны эргэлтийг нэмэх том найдлага гэдгийг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил тайлбарлав.
Дөрөвдүгээрт, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа. Монголчууд ОХУ-ын их дээд сургуулиудаар дамжиж, Европын болон дэлхийнсонгодог соёлтой холбогдсон улс. Энэ чиглэлийнхээ харилцааг цааш нь үргэлжлүүлж, бататгах аж.
Тавдугаарт, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Эрхүү хот гэсэн хотуудынхамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж эхэлжээ.Энэ хүрээнд барилгын салбарт хамтарч ажиллах аж.
Үүнээс гадна "БНХАУ, ОХУ хоорондох тээврийг Монгол Улсын нутгаар дамжуулах бүрэн боломж бий. Ингэж чадвал тээврээс олох орлого, түүнийг дагасан бизнес Монголд ивээлээ өгнө гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан онцлов. Тэрбээр, Монголын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг ажил хэрэг болгохын тулд эхлээд Монголын парламент одоогийн эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатайг хэллээ. Мөн хил, гаалийн бүсээ орчин үеийнх болгож өөрчлөх хэрэгтэй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ