Нарны цахилгаан станц бариад олборлолт хийее

Нийслэлийн иргэд өвөлтэй зэрэгцэн утаандаа”хордож” эхэлдэг. Харин утаанаас ангижрах боломжийг эрэлхийлээд үзвэл олон гарц байдаг аж.

Байгаль өөрөө асар их баялаг нөөцтэй. Харин бид түүнийг нь зөв арга замаар ашиглах нь чухал юм.

Монгол орон нарны эрчим хүчний арвин нөөцтэй болохыг гадаад, дотоодын эрдэмтэд судалгаагаар нотолсон байдаг. Тухайлбал, нарны энергийг эрчим хүчний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой аж.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад тухайн хэрэглэгчийн дулааны хэрэглээ бага буюу барилгын хаших хийцүүдийн дулааны алдагдал бага байх тусам хөрөнгө оруулалтын хэмжээ буурах давуу талтай байдаг. Тиймээс барилга байшингаа шаардлагын дагуу дулаалж, чанартай барих аваас хүний эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль экологид сөрөг нөлөөлөхгүй нарны эрчим хүчний халаалтын системийг бага зардлаар ашиглах аж.

Нарны эрчим хүчээр дулаан хангамж, хэрэглээний халуун ус бэлтгэх чиглэлээр хот хөдөө орон нутагт олон ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалт байгуулагдсан.

Энэхүү Нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Уг 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц энэ оны нэгдүгээр сараас төвийн бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхлээд байгаа аж. Цахилгааны холболтынкабель нь манай орны -30 хэмээс -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг ханган ажиллаж байгаа аж.

Хэрвээ Дархан-Уул аймгийн нутагт нарны цахилгаан станц амжилттай болбол Монголын бүх нутагт барих боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс тус нутгийг сонгосон байна. Барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд төслийн санхүүжилт 17 орчим сая ам.доллар аж.

Монгол Улс эрчим хүчнийхээ 20.1 хувийг ОХУ-аас импортоор авдаг. Өмнө нь таван МВТ-ын хүчин чадалтай салхин станцыг барьснаас өөрөөр нар, салхины эрчим хүчээ ашиглах боломжгүй байсан. Тиймээс энэхүү нарны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжвэл эрчим хүчээ өөрсдөө ашиглах, жилд 14.5 сая квт цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх, эрчим хүчийг экспортод гаргаж, валют болгох зэрэг олон боломж бүрдэх юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ