Л.Цандэлэг: "Муу хулгайч"-ийг зодно

Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг залуу охин “өдсөн” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, шуугиан дэгдээгээд байна. Болсон хэрэг явдлын талаар өөртэй нь холбогдож, тодруулсан юм.

-Сайн байна уу? Таныг залуу охин өдсөн гэх асуудлаар сошиалд шуугиж байна. Тухайн үед юу болсон тухай ярьж болох уу?

-Бид Эрээн-Улаанбаатар хотын хооронд үйлчилдэг олон улсын эрхтэй автобусанд төлбөрөө төлөөд явсан. Биднийг Сайншандаас гарахад бидний суусан автобусыг зогсоогоод, нэг хүүхэн суулгасан. Тэр автобус Замын-Үүдээр дайрах ч ёсгүй. Гэтэл цаанаас нь тэр автобусны жолоочийг дарамталж, утасдаад “Даргын охиныг ав” гээд байна гэсэн. Тэгэхээр бид жолоочийг бодоод Зам-Үүдийн вокзалын тэнд цаг гаруй хүлээж, зогссон.

Бид уурлаад жолоочийг “Явъя” гэсэн чинь хар жийп хүрч ирээд нэг үүргэвчтэй хүүхнийг суулгасан.
Бид автобусанд дуулж, хуурдаад явж байсан чинь нөгөө хүүхэн санаатайгаар “Олон нийтийн автобусанд дууллаа” гэж хэрүүл хийсэн. Тэгсэн чинь Сайншандын зам дээр гурав, дөрвөн жийптэй, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цоггэрэлийн цэргүүд давхиж ирсэн юм. Тэд “Та нар эмэгтэй хүн оролдлоо” гэсэн. Биднийг цагдаа шалгахад автобусанд 20 гаруй настай намбатай хүмүүс байсан. Би хүү болон ээжтэйгээ явж байсан. Тэгээд ямар нэгэн гомдол байхгүйг тогтоогоод биднийг 'Та нар гомдолтой бол Зам, тээврийн хөгжлийн яаманд гомдлоо гарга” гээд явуулсан.

-Та твиттер хуудаснаа “Би хүчингийн хэрэг хийгээгүй. Харин Цогоог 'хүчиндэнэ' гэж бичсэнийг олон хүн шэйрлэн түгээжээ. Та хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргасан уу?

-“Би хүчингийн хэрэг хийгээгүй. Цогоог хүчиндэнэ” гэж бичсэн. Миний буруугүй гэдэг нь батлагдахаар Цогоог хүчиндэнэ. Муу хулгайчийг зодно. Монгол ардын намын залуус Монголын уяачдын холбоо болон М.Энхболд руу дайрч байна. Одоо гомдол гаргавал Дорноговь аймгийн Сайншанд руу очиж гаргана шүү дээ. Бид өчигдөр /2017.10.01/ өглөө хотод ирсэн. Цагдаагийн байгууллагад албан ёсны асуулга өгсөн байгаа. Цагдаагийнхан автобусанд явсан бүх хүнийг оруулаад асуусан. Тэр эмэгтэйг хүчиндсэн гэх асуудал огт яригдаагүй. Бид “Баримт болно” гэдэг үүднээс тэр машины улсын дугаарыг хуулж авсан байсан. Тэр хүмүүс машины номероо авах гэж л гомдол гаргасан. Тэгээд шөнийн 03.00 цагийн үед хэн, хэн нь гомдолгүй гээд явцгаасан.

-Автобусанд зам зуурт суусан эмэгтэй ямар гомдол гаргасан юм бэ?

-Тэр эмэгтэй ямар гомдол гаргах вэ дээ. Тэр эмэгтэйг цагдаа дуудсан чинь гарч зугтаасан. Нөгөө авахаар ирсэн хүмүүс нь согтуу байсан. Биднийг хотод ирсэн чинь Цогоо над руу “Би шийдээд өгье” гээд твиттерээр бичиж, утсаар залгасан. Тэгэхээр нь би “Ийм юм болсон. Хүмүүстээ арга хэмжээ авч өгөөч” гэсэн чинь “Та нар хүчин хийчихсэн юм биш үү” гээдл твиттерээр зориуд тарааж байгаа юм. Биднийг замд дахин зохион байгуулалттайгаар зогсоосон. Одоо бид хууль хяналтын байгууллагад хандаж, учрыг нь олох болно.

А.СҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ