Төрийн өмчит компаниуд 459 тэрбумын ашигтай ажиллажээ

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3.4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.

Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8.8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан.

Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дунджаар 42 ширхэг жийп автомашиныг 4.7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3.3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ