Өнөөдрийн амлалт, маргаашийн хууралт буюу Шинэ Засгийн “чимээ”

Улс төрчид өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдал тод харуулах шиг. Өөрсдийн сүүлчийн хөзрөө тавихын тулд бүхэл бүтэн намынхныгаа лоббидож, ажил болоод албанд нь халдсан нэгнийгээ гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлж буй Монголын улстөрчид хэр зэрэглэгжсэнийг харуулах мэт. АНУ, Япон гэх мэт улс төрийн соёл өндөр хөгжсөн, төлөвшсөн орнуудын дэргэд хүй нэгдлийн үедээ явж буй энэ үзэгдэл манайдаа л өндөр боловсролтой, шилэгдмэл гэгддэг улс төрчидөөс гарч байгаа гэхээр нийт иргэдийнхээ боловсролд эргэлзэх шиг. За энэ ч дүүрч. Ядаж хэлсэн үгэндээ эзэн болчихдог бол шийртэй гэж магтахсан. Гэвч өнөөдөр амлачихаад маргааш нь мартдаг, хуурдаг улс төрчидөөс бид энэ сэдвийг нэхээд ч олохгүй бололтой.

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг унагахаар санаархаж байхдаа УИХ-ын хэд хэдэн гишүүн "Сайд болохгүй" гэж ам гарсан билээ. Учир нь тэднийг хэвлэлийнхэн “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орохоор Засгийн газраа унагаж байна” хэмээн хардаж байсан ч гарын үсэг зурсан гишүүдийн ихэнх нь “Сайд болохгүй” гэцгээсэн. Харамсалтай нь тэд хэлсэндээ хүрэхгүй гэдгийг шинэ Засгийн газрын чимээ хэлээд өгөв.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх ногоон гэрлээр болох нь нэгэнт тодорхой болсон. УИХ-д үнэмлэхгүй олонхи буюу 65 суудалтай МАН Бага хурлаараа шийдвэрлэсэн болохоор эсэргүүцэх гишүүн цөөн биз. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнээр У.Хүрэлсүх өнөөгийн Засгийн газрын бүцтийг өөрчлөхгүй, өвөлжилтийн бэлтгэл, улс орны өр гэх мэт тулгамдсан асуудалтай үед сандал ширээний хэрүүл хийхгүй гэсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар 13яам, ЗГХЭГ, Шадар сайдын нийт 15 суудалд сайд нар яригдаж байна.

Гэвч эдгээр горилогчдын дунд Сайд болохгүй хэмээн ам тангарагаа өргөөд байсан Ж.Энхбаяр, Ч.Улаан нар хамгийн түрүүнд яригдаж эхэлжээ. Тэднийг Шадар сайд болно гэцгээж байна. Гишүүн Ч.Улаан өмнө нь Шадар сайд, Сангийн сайдаар, гишүүн Ж.Энхбаяр Батлах хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан.Хэрвээ энэ хоёр эрхэм Шадар сайдад томилогдохгүй бол Засгийн газрын танхимд багтаж, Ж.Энхбаяр БХ-ын, Ч.Улаан Сангийн сайдаар томилогдох дараагийн хувилбар ч яригдаж байна. Түүнчлэн Засгийн газрыг огцруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын хувиарлалт ярих үеэр ор хоосон үлдэх хүсэлгүй байгаагаа томчууддаа дуулгаад амжжээ. Тэрбээр өөрийн биеэр Сайд болохгүй гэж хамгийн түрүүнд мэдэгдсэн учир өөрөө сайд болохгүй, харин яг өөрийнхөө хүнийг сайдаар томилуулах амбицтай байгаагаа нуугаагүй гэх.

Түүний дараа Л.Оюун-Эрдэнийг онцлох нь зүйтэй болов уу. Сайдад хүрэх бодол хумсын төдий ч байхгүй гэж мэдэгдэж байсан тэрбээр ЗГХЭГ-ын даргад яригдаж байна. У.Хүрэлсүхийн нутгийн дүү, баруун гар нь гэж болох залуу гишүүний хувьд уг албан тушаалд очихыг өөрөө ч хүсч байгаа гэнэ. Өмнөх Засгийн газрыг шүүмжилж байсан гишүүн ийнхүү Засгийн газрын гал тогоог хариуцаж болзошгүй байна. Гэхдээ тэрээр шууд ногоон гэрлээр уг албан тушаалд очихгүй. Өрсөлдөгч байгаа. ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэр яригдаж байна. Түүний хувьд уг албан тушаал дээр очих, эсвэл Гадаад харилцааны сайд болно гэсэн сонголттойгоор дараагийн засагт багтчих нүүдлийг хийж байгаа бололтой. Цаашлаад М.Оюунчимэг гишүүн БОАЖ-ын сайд, Д.Сумъяабазар ХХААХҮ-ийн сайд болох хүсэлтэй байгаагаа хэлээд авсан гэх сураг байна.

Мөн Ерөнхий сайдад нэр нь явж байгаа чимээгүй болсон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаад хуульзүйн салбараа дахин тэргүүлэх сурагтай. Уг нь тэрбээр намынхаа бүлгийн хурал дээр Сайд болохгүй гэж ам гарсан нөхдүүдийг амлалтадаа хүрээрэй хэмээн захиж байсан удаатай. Гэвч тэрбээр парламентад суусан олон жилийн хугацаанд хамгийн хүнд шийдвэрээ гарган, өөрийн намын Засгийн газраа огцруулахад гарын үсэг зурсан хэмээн гайхаж сууснаа ХЗДХ-ийн сайдад яригдаж эхлэх нь тэр. Эсвэлөөр салбар удирдана бор шувуу нисч байна.

Гэхдээ тэр хуульзүйгээс өөр салбар руу хальтираад байдаггүй эрхэм билээ. Ямартай ч ийнхүү ам гарсан нэлээд гишүүдийн ихэнх нь амлалтаасаа буцаж, албан тушаалын төлөө дайрч эхэллээ. "Ард түмэнд юу ч хэлж хошгоруулж болно. Гангцхүү албан тушаал чухал" гэх сэтгэлгээтэй улс төрчдийг бид хэзээ болтол сонгосоор байх юм бол доо.

Б.Өрнөх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ