Дан дээлтэй “даарч” суугаа нь хэн хэн юм бол..

Сэвэлзүүр салхитай намын хонгор өдрүүд үргэлжилж байгаа ч “давхар дээл” өмсөх сонирхол хүсэл, тэмүүлэлтэй олон хүн төрийн ордноор хөлхөж байгаа гэнэ. Дан, давхар дээл гэсэн хэллэг улстөрд оржирэхдээ албан тушаал, тодруулбал УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсран хаших утга илэрхийлдэг болсныг уншигч та юу эс андахав.

Хэдхэн хоногийн дараа шинэ Засгийн газар байгуулагдана. Энэ бол мөнөөх дан дээлтэй “даарч суугаа” нөхдөд бол үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх агшин.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдсан ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сайдын 17 суудалд 65-уулаа багтахгүй болсон учраас одоо ингээдсууж байна. Юу үнэн, энэ үнэн” гэж хэлж байсан. Яг үүн лүгээ одоо сайд болох гэсэн цаагуур наагуур санаатай хүн болон байгаа. Ялангуяа Засгаа огцруулах бичигт гарын үсэг зурсан, үүний төлөө кнопоо дарсан гишүүдаяганыхаа хариуг эргэж нэхнэ.

Гэхдээ ач хариулах боломж хязгаартай. Ерөнхий сайдад дэвшээд буй У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын үеэр 16 сайд, үүнээс ерөнхий чиг үүргийн 5, чиглэлийн 8, нийт 13 яам бүхий Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж үлдэх бодолтой байгаагаа намынхандаа хэлсэн. Эдгээрээс ерөнхий чиг үүргийн таван яамны сайдыг УИХ-аас сонгох боломжтой байх. Ер нь ийм нэг жишиг яваад байгаа.

Харин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар дуулдаж, яригдаж байгаа сураг ажгийг сонсвол ихэнх сайд УИХ-аас “товлогдоод” байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдад Ч.Улаан, Ж.Энхбаяр нар,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөдМонгол Улсын Сайдад- УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар, Гадаад Харилцааны Сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,Т.Аюурсайхан, Сангийн Сайдад Ч.Хүрэлбаатар, Барилга Хот Байгуулалтын Сайдад УИХ-ын гишүүн Б.Батзориг, Эрчим Хүчний Сайдад Ц.Даваасүрэн нарын нэрс урьдчилсан байдлаар яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Өөр нэг эх сурвалжид дурдснаар БОНХ-ийн сайдаар Ц.Гарамжав, Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Боловсролын сайдад Н.Учрал нарын нэр дуулдаж байна. Үүний цаана сайд л болж байвал юуных ч хамаагүй гэсэн яриа хөөрөөтэй хүн ч байгаа юм байх. Тэд бүгдээрээ УИХ-ын гишүүд.

Гэхдээ сайдуудын энэ сураг одооогоор аль нь ч албан ёсны бус. Эх сурвалж, мэдээлэлд ойр байдгаараа хэвлэлийнхэний хийсэн таамаг нь энэ байх. Гэхдээ энэ таамаг тийм ч их хол зөрөхгүй л болов уу. Ингэхдээ дараагийн сайдуудыг гарын үсэг зурсан 33-аас эрэлхийлж байгаа нь учир шалтгаантай. Одооогоор парламентын гаднаас хэн хэн, хэдэн хүн Засагт орж ирэх нь тодорхойгүй байна. Тэд бол салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер байх учиртай. Зарим мэргэжлийн холбоо, ассоциацийнхан салбарын сайд хэн байх шалгуураар санаа бодлоо хэвлэлээр илэрхийлж, хамгийн чухал нь мэргэжлиййн хүн гэж онцолжээ. Тэгэхээр ямартай чбагшийн мэргэжилтэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар, инженерийг Боловсролын сайдаар томилж онигоотохгүй байх.

Үүнтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээгээр ч хоёрдугаар ээлжийнхний хөнгөн пиар харагдаад эхэллээ.

Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ давхар дээл болон дэдсайдуудын асуудлыг удирдах зөвлөл дээрээ нухацтай ярина гэдгээ илэрхийлсэн. Учир нь иргэдийн хувьд хамгийн таалагддаггүй,намыг муухай харагдуулдаг нь энэ хоёр. Ялангуяа дэд сайдуудын хувьд. Олон нийтийн зүгээсбайнга шүүмжлэл дагуулдаг ийм асуудлыг заавал байлгах гэж зүтгүүлэх нь зөв шийдэл биш гэдгийг намын гал тогооны хүн өчигдөр онцолж байна билээ.

Аливаа юм анхнаасаа таньж мэдрэгдээд эхэлдэг. Энэ зарчим У.Хүрэлсүхийн Засгийн газарт бас үйлчилнэ. Юу гэвэл улс төрд нэг амтай байх ёстой. Өчигдөр ярьснаасаа өнөөдөр буцаж болохгүй. Энэ нь шинээр томилогдох сайд нарт бүр ч хамаатай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих үеэр “Би сайд болохгүй” гэж байсан нөхдүүд өнөөдөр сайд болно гээд явж байгаа нь сошиал орчинд хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Улстөрч хүн “нэг амтай” буюу худал ярьдаггүй байвал тэр эерэг имиж илэрхийлэл нь болно. У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд ч бас үүнээс хамаарна. Иргэдийнхээ итгэлийг тээж, дэмжлэгийг хүлээж явъя гэвэл худал яригчдаас хол явах нь өлзийтэй. “Мэргэжлийн” гэдэг утгаараа өмнөх Засгийн газар анхнаасаа иймэрхүү шүүмжлэлд өртөж байсныг мартаагүй байх.

Би сайд болохгүй гэсэн нөхөд одоо эргээд сайд болох дээрээ тулбал “Эх орны дуудлага, эсвэл улс орны хэрэгцээ шаардлагын улмаас” гэхчлэнсайхан үгээр халхавч хийж, өөрийгөө“төрд хэрэгтэй зайран”-гийн дүрээр харуулах гэнэ. Эх орон хэнийг нь дуудаж, хэнийг нь орхих ёстой байсныг цаг хугацаа харуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ