МҮОНТ төрийн дээд одонгоор шагнагдлаа

МҮОНТ түүхт 50 жилийн ойгоор төрийн дээд Д.Сүхбаатарын одонгоор өнөөдөр шагнагдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гардуулав.

МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Нэмж хэлэхэд Монголын радио нь 1974 оны есдүгээр сарын нэгэнд буюу 40 жилийнхээ ойгоор мөн энэхүү одонг хүртэж байсан бөгөөд энэхүү одонг 1941 оны тавдугаар сарын 16-нд бий болгосон билээ.

Дээрх одонгоор хувь хүн болон тодорхой байгууллага, хамт олон, цэргийн анги нэгтгэлийг улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон соёл урлагт онцгой гавьяа зүтгэл гаргасны төлөө Улсын Бага Хурал шийдвэрлэн шагнадаг байжээ.

Харин 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог болсон юм.

Энэхүү одонг энгэрийн зүүн талд бусад одонгийн өмнө буюу эхэнд зүүдэг. Мөн Монгол Улсын баатар цолтонд давхар гардуулдаг билээ.























СЭТГЭГДЭЛ БИЧИХ