Монгол төрийн МАНАН замхарна

Монгол төрийн толгойд зайдлан суусан МАНАН хэмээх мангасыг дарах баатарлаг хөвгүүнээ хүлээсэн түмэн олны хүсэл биелэх цаг мөч ойртсоор. Монголчууд түүхэндээ ялалт ялагдал, тэмцэл, шинэчлэлийг бартаа нугачаа олныг давсан нь баримт сэлтийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Хамгийн ойроос нь дурдвал 1911 оны эрх чөлөөний төөлөх тэмцэл, 1921 онд Ардын хувьсгал, Цагаан морин жилийн буюу 1990 оны ардчилсан хувьсгал... зэргийг нэрлэж болох. Энэ бүхнийг тоочихын учир нь бидний өмнө дахин нэгэн хувьсгал хийх цаг тулж иржээ.

Өдгөө Монголын төрд авирсан МАНАН хэмээх бүлэглэлийг нухчин дарах цаг хэдийн болсныг бид өдөр тутмынхаа амьдрал, улс орны байр байдлаас мэдэрч, ойлгож байгаа. Энэ түүхэн үйл явдлыг эхлүүлэхээр Монголын улс төрийн эрхэм нөхөд эхнээсээ зориглон хөдөллөө. Тэд одоогийн олигархууд, 60 тэрбумынхан буюу Хотын фракцынхан гэгдэх хөрөнгө мөнгө, эрх мэдлээр сүлжилдсэн МАНАН бүлэглэлийг нухчин дарж, улс төрийн тавцан дахь ноёрхлыг нь зогсоохоор сэтгэл шулууджээ. Монголын Улс төрчид эх оронч, эрх мэдэл мөнгөний төлөөх шуналтнууд гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсныг ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явдлаас харж болохоор байна. Монголоо гэсэн чин сэтгэлтнүүдийн тэргүүлэн хашир улс төрч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, шадар сайд У.Хүрэлсүх нар МАНАН-гийн эсрэг зогсохоо зарлалаа.

Ц.Нямдорж яагаад тэргүүн шугамд зогсох болов?

1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан түүнд үнэхээр ямар ч магтаал, эсвэл шүүмжлэл наах шаардлагагүй. Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч. Хэрсүү, хэрэлдвэл үгээр дарна уу гэхээс дарагдаж байсан удаагүй. Тэр өөрт нь тэрссэн нөхрийн өөдөөс бус Монголтой тэрссэн хүний өөдөөс үг хэлдэг, хэдэрлэвэл хэрэлддэг. Зарим нь түүнийг зэвүүн гэж хардаг, зарим нь шударга, үнэн үгтэй гэж хэлдэг. Ц.Нямдорж шударга бус нэгэнд зэвүүн харагдаж, үнэн үгтэй “үхэр тэрэгтэн”-үүдэд өөрийнхөөрөө танигдсан хүн.

Монголчууд 1990 онд 55 хуулийн хүрээнд аж төрж байв.Одоо харин 900 орчим хууль үйлчилж байна. Энэ бүх хуулийг баруун солгойгүй судалж, эх барьж, “мэс” хүргэж, шинэчилж, найруулж, ацаг шүдний зөрүү бүрийг тэгшлэхэд санаа тавьж оролцож ирснээрээ тэр Монголын хууль зүйн мэдлэгтнүүдийн хамгийн өндөрт тухлах эрэмбэтэй. Тэр улс төрийн халуун чулуу, хүйтэн хайрга, цас бороо, салхи шуургыг ханатал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хат суусан, хашир улстөрч. Түүнд эх оронч, шилдэг хуульч, үнэнч шударга, хэлье гэснээ хэнээс ч айхгүйгээр хаана ч гэсэн хэлж чаддаг зүрх зоригтой гэх магтаал оногддог. Түүнийг өнөөдрийн нийгэм УИХ-ын даргын суудалд суух зүй ёсны эрхтэй, энэ бүх алдаа завхарлыг залруулж арилгах өндөр үүрэгтэй гэж хариу байна. Ц.Нямдорж хашир улстөрчийн хувьд ч тэр туршлагатай хууль сахиулагчийн талаасаа ч тэр энэ төрд хамгийн хэрэгтэй “зайран” болоод байгаа юм.

Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихвол...

Энэ зоримог, шийдэмгий залуу 19 настайгаасаа үеийнхээ нөхдийн дуу хоолой болон ирээдүйн улстөрч болох гараагаа эхэлж байв. МАХН-ын “бурхи”-ууд түүнийг “Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн “ нөхөр хэмээн өхөөрдөх, хүндэтгэхийн завсарт хэлдэг. Анхандаа ад үзэнгүй хандаж байсан ч чухамдаа 22 настай цэргийн бага даргыг дарцаг барих хэмжээнд хүртэл хөөрөгдөж, улс төрийн мэдэгдэхүүн олгож, намын элгэнд нааж чадсан хүмүүс бол МАХН-ын тухайн үеийн нөлөө бүхий кадрууд. Өөрөө ч тэр тухай, “Өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр гурав” хэмээн дурссан байдаг. Харин тэр эдүгээ дарцаглаж давхих бус бусдыг дагуулан дэрвэх жанжин тугийн хэмжээний улс төрч болсон. Түүний улс төрийн намтар энгийн талдаа. Гадаадад их, дээд сургууль төгссөн, угсаа гарвал нь тайж энэ тэр гээд онцлоод байх зүйлгүй. Өөрийнхөө гаргасан жимээр өөрийнхөөрөө өгсч яваа улстөрч. Түүний шударга, зоримог шийдэмгий, үнэнийг өмгөөлөх чанар, эх оронч үзэл өнөөдөр хэрэгтэй байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанд томилогдож байж гэмээнэ МАНАН-гийн бүлэглэл сарниж, МАН-ын мөн чанар тодорч, Монгол улсын ирээдүйн чиг хандлага зөв замдаа орно гэж харж байгаа хүн олон. Тийм ч байх. Өнгө мөнгө, эрх мэдлийн төлөөх “дайн”-ыг тэр дуусгавар болгохыг, гагцхүү ард олон руу зүглэсэн бодлого хэрэгжихийг түүнээс л хүлээж байна.

МАНАН-гийн мөхөл ирэхэд, Монгол мандана

МАНАН гэж чухам юу вэ, гэж үү? Ердөө л АН, МАН хоёрын эрх мэдэлтнүүд мөнгөний шуналтнуудаас бүрэлдсэн бүлэглэл. Тэд ард түмнийг мөлжиж, өөрсдийнхөө халаас руу Монголын эд баялгийг урсгагчид юм. Одоо харин дээрх хоёр эрхэм тэдний эсрэг зогсон, хүчээ нэгтгэж, эх орон ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж байна. Тэдэнд өнөөдөр хүн бүхний дэмжлэг хэрэгтэй. Тэгж байж шинэ хувьсгалд ялалт байгуулж, бид ирээдүйг өөдрөг гэрэл гэгээтэйгээр харах боломжийг бүрдүүлэх билээ.

У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын хоршил МАНАН-гийн бүлэглэлийг үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт хөдөлгөөнд оруулж байгаагийн учир нь зөвхөн эрх мэдлийн урт гараар их хэмжээний мөнгө олдог, өөрсдийн эрх ашигт зохируулан улс эх орны асуудлыг шийддэг явдал нь дуусгавар болох гээд байгаагаас айсан явдал. Нийгэмд Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хоёр шиг муу хүн байхгүй тухай хорчин мэдээлэл түгээж байгаа нь МАНАН-гийн арга ядсан л явуулга шүү дээ. Тиймээс ч өнөөгийн төрд буй ханаж цадахаа мэддэггүй тэднийг хагалан бутаргаж, нийгмээс, төрөөс зайлуулахын төлөө нэгдэх хэрэгтэй .

Яг одоо л энэ МАНАН-г замхруулахгүй бол бидэнд ахин хэзээ ч ийм боломж эргэж ирэхгүй нь лавтай. Монгол түмний заяа түших нь гарцаагүй билээ.

З.Говьсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ