Б.Гантөмөр: Хавдрын үед химийн эмчилгээг амжилтгүй болгодог бэрхшээлийг шийдэж, гэрлээр эмчлэхээр судалж ба?
Биоанагаахын шинжлэх ухааны доктор, БНСУ-ын Качон их сургуулийн Эм Зүйн Сургуульд судлаач профессор Баттогтохын Гантөмөртэй ярилцлаа. МУИС-ийн Химийн факультетийг Нефтийн химич мэргэжлээр төгссөн тэрбээр сургуульдаа магистрын зэрэг хамгаалаад БНСУ-д сурахаар явжээ.
Зорьсон сургуульдаа сурч, эрдмийн зэрэг хамгаалсан энэ залуу өдгөө БНСУ-ын Засгийн газраас төсөл авч, анагаахын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Б.Гантөмөрийн судалгааны ажил болоод Монголын дээд боловсролын системийн талаар түүний санаа бодлыг сонссон юм.
-Та Солонгост хэзээнээс судалгаа хийж байна вэ?
-Би Монголдоо ХААИС-д цагийн багшаар ажилласан. Дараа нь ШУА-ийн Химийн хүрээлэнд жил орчим ажиллаад БНСУ-д докторантурт сурахаар анх 2008 оны намар ирсэн. Католикийн их сургуулийн Эмзүйн сургуульд докторын зэрэг хамгаалсан 2013 оны гуравдугаар сараас эхлэн Качон ихсургуулийн Эм зүйн сургуульд ажиллаж байна.
-Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?
-Хавдрын эсрэг гэрлийн эмчилгээний чиглэлээр доктороо хамгаалсан. Миний хийсэн ажил бол шинэ төрлийн гэрлийн идэвхтэй хавдрын эсрэг бэлдмэл бэлдэх, түүнийгээ эс болон амьтан дээр туршсан явдал.
-Хавдрын эсрэг эмийн бэлдмэлээ гаргаж чадсан уу, ямар давуутай эм байх вэ?
Хэд хэдэн шинэ бэлдмэл гаргасан. Ихэнх нь хавдрын эс дээр илүү ойрхон очих бэлдмэлүүд л дээ. БНСУ-ын Оюуны өмчийн газраас зургаан эмэндээ патент авсан. Хавдрын эсрэг ихэнх эм усанд сайн уусдаггүй, миний судалгааны гол зорилго бол тэдгээр эмүүдийг усанд сайн уусдаг болгоод хүний биед шууд тарьж хэрэглэх бэлдмэлүүд гаргах суурь судалгааг нь хийсэн хэрэг.
-Таны эдгээр эмийн патентийг хэрхэн эргэлтэд оруулах боломжтой вэ?
-Би туршилтуудаа амьтан дээр хийж үр дүнг нь батлаад, патент авсан. Эдгээр судалгааг эм болгоё гэвэл судалгааны дараагийн үе шат болох хүн дээр туршилт хийнэ гэсэн үг. Нэг шинэ эм 10 гаруй жилийн судалгааны ажил, асар их хөрөнгө хүчээр бүтдэг. Миний гаргаж авсан нанохэмжээст бэлдмэлүүдийг эм болгоё гэвэл судалгааны компаниуд, эмийн үйлдвэрүүд худалдаж аваад, хүн дээрх туршилтуудаа хийгээд бүтээгдэхүүн гаргах боломжтой юм.
Химийн эмчилгээг халах гэрлийн эмчилгээ хорт хавдрын үед хамгийн оновчтой болох нь анагаахын шинжлэхухаанаар батлагдсан ч эмчилгээнд өргөн хэрэглэж хараахан эхлээгүй байна. Америк, Японд дөнгөж хэрэглэж эхэлж байгаа.
БНСУ-ын Засгийн газрын шалгаруулалтад тэнцэж аваад, хэрэгжүүлж буй төслийнхөө талаар сонирхуулаач?
-“Хүн ба амьтны цусанд байдаг альбумин гэдэг уургийг хэрэглэн нанохэмжээст эмийн зөөгч бэлдэн хавдрын эсрэг турших” сэдвээр 2015 онд Солонгосын засгийн газрын судалгааны сангаас гурван жилийн хугацаатай төсөл авсан. Солонгос улс шинжлэх ухаанд маш их хөрөнгө зарцуулж байгаа ч судалгааны төсөл авах нь өрсөлдөөн ихтэй, ялангуяа гадаад хүмүүст амаргүй даваа. Сонгогдох магадлал арваас нэг л байдаг. Би энэ төслөө гурван удаа явуулж байж авсан л даа. Төслийнхөө хүрээнд судалгааны дөрвөн өгүүллийн нэгдүгээр зохиогчоор ажиллаж, олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүллээ.
-Энэ уураг Таны судалгаанд ямар оролцоотой байгааг энгийнээр тайлбарлаж өгнө үү?
Альбумин уураг нь цусны найрлагад байдаг учир хоруу чанаргүй, мөн усанд сайн уусдаггүй эмүүдийг өөр дээрээ татах чадвартай учир эмийн зөөгчөөр хэрэглэхэд тохиромжтой. Товчхондоо бол биоматериалууд тэр дундаа полимер материалуудыг ашиглан нанохэмжээст эм зөөгч материал гарган авах эрдэм шинжилгээний ажил л даа. Жишээ нь, альбумин, читозан гэдэг полимерыг хувирган олон төрлийн зөөгч гаргаж авсан, мөн хавдарын эсрэг гэрлийн эмчилгээнд хэрэглэгддэг бэлдмэл бэлдэх, тэдгээрийг эсийн түвшинд, амьтан дээр турших судалгаануудыг Солонгост ч, бусад орнуудад ч хийж байна.
ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ ИХЭНХ ЭМ БИЕЭС ХУРДАН ЯЛГАРДАГ ТУЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ СУЛРУУЛДАГ
Өргөн хэрэглэдэг ихэнх эм усанд сайн уусдаггүй учир хүний биеэс маш хурдан ялгарах эсвэл хаа нэгтээ эрүүл эсэд хуримтлагдах нь түгээмэл байдаг. Тиймээс тэдгээр эмийг усанд уусдаг болгох, яг зорьсон “бай” буюу өвчилсөн хэсэгт нь хүргэх шаардлага тулгараад байгаа юм. Альбумин нь хүн, амьтны цусанд байдаг нэг төрлийн тэжээл. Альбуминыг цуснаас нь ялгаад бэлдмэл байдлаар гаргасан байдаг. Тэр уургийг авч, усанд уусдаг биологийн хувьд тогтвортой болгох судалгааг хийж байна л даа.
-Жишээлбэл хорт хавдартай хүнд эмчийн бичиж өгсөн эм төдийлэн үйлчлэхгүй, өвчин нь илааршихгүй байх тохиолдол түгээмэл шүү дээ. Энэ нь тухайн эм өвчилсөн “бай”-гаа онож очихгүй байна гэсэн үг үү?
Энгийнээр тэгж ойлгож болно. Би Ph.D-гийн судалгааны ажлаа хавдрыг гэрлээр эмчлэх эмийг бүтээх тухай сэдвээр хийсэн. Энэ судалгаагаа эсийн дотор байдаг митохондри гэдэг эсийн эрчим хүчийг хангаж байдаг эрхтэнцрийг хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг эмийн бай болгон тухайн хавдрын эсийг устгах зорилготой хийсэн. Мөн хавдрын эмийг эсэргүүцэн химийн эмчилгээг амжилтгүй болгодог процессыг шийдэх, илүү үр дүнтэйгээр эмчлэх боломж олгох ач холбогдолтой юм. Цаашдаа энэ төрлийн судалгааг илүү өргөн хүрээнд хийнэ. Монголд болон дэлхийн ихэнх оронд хавдрын эсрэг химийн эмчилгээ хийж байгаа.
Гэрлийн эмчилгээ илүү үр дүнтэй, сонгомол. Хүний судсаар гэрлийн идэвхтэй бэлдмэлээ тарьж, тодорхой хугацааны дараа хавдартай хэсэг дээрээ гэрлээр шарж өгнө. Гэрэл бол зөвхөн хавдартай хэсгийг онож үйлчилнэ.
Химийн эмчилгээ нь хавдрыг дарангуйлах ч бүх биеийг хордуулдаг. Харин гэрлийн эмчилгээ илүү үр дүнтэй, сонгомол. Хүний судсаар гэрлийн идэвхтэй бэлдмэлээ тарьж, тодохой хугацааны дараа хавдартай хэсэг дээрээ гэрлээр шарж өгнө. Гэрэл бол зөвхөн хавдартай хэсгийг онож үйлчилнэ гэсэн үг. Гэрлийн эмчилгээ хорт хавдрын үед хамгийн оновчтой болох нь анагаахын шинжлэхухаанаар батлагдсан ч эмчилгээнд өргөн хэрэглэж хараахан эхлээгүй байна. Америк, Японд дөнгөж хэрэглэж эхэлж байгаа. Би энэ судалгаагаараа ирэх аравдугаар сард Японы Фүкүокад болох “Нано шинжлэх ухаан ба технологи” сэдэвт дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар бэлдэж байна.
-Нефтийн химич мэргэжилтэй Таны судалгаа явсаар хорт хавдар өвчнийг онилж, хавдрыг анагаах чиглэл рүү орсон нь ямар учиртай вэ?
-Анх намайг Монголоос ирэхэд хүлээж авсан Католик их сургуулийн Ан Үн Шик багш маань энэ чиглэлээр ажилладаг байсан. Багшийнхаа удирдлага дор ажилласаар энэ талынн судалгаа руу эргэлтгүйгээр орсон доо. Энэ чиглэлийн судалгаа сүүлийн 20-иод жилд эрчимтэй явагдаж байгаа ч клиникийн хэрэглээнд нэвтэрсэн нь ховор. Цаашид илүү нарийн судалгаанууд хийнэ. Эдгээр судалгааны ажлаараа би 11 өгүүллийн нэгдүгээр зохиогчоор олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн, хэд хэдэн патент авсан талаар дээр өгүүлсэн. Би энэ судалгааныхаа чиглэлээр өнгөрсөн 3-6 дугаар сард Америкийн Ютагийн Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байгаад ирлээ.
-Монголд халдварт бус өвчнийг хорт хавдар тэргүүлдгийг Та мэдэх байх аа. Ийм төрлийн судалгааг Монголд хийх боломжтойюу?
-Мэдээж Монголд хэрэгжүүлэх боломжтой. Монголд байгаа хөдөө аж ахуй, байгалийн гаралтай түүхий эдүүдээс эдгээр төрлийн биоматериалууд гарган авах, тэдгээрийг эмийн зөөгчөөр хэрэглэх судалгааны ажил хийж болно. Гэхдээ эдгээр судалгааг хийхэд сайн тоноглогдсон лаборатори байхаас гадна, өргөн хэрэглээний бодис урвалжаар хурдан шуурхай, найдвартай хангадаг үйлчилгээ шаардлагатай.
Манай улсын судалгаа, шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгө нь бусад оронтой харьцуулахад маш бага учир иймэрхүү нарийн судалгаа хийхэд одоохондоо төвөгтэй байна. Солонгос улс ДНБ-ийхээ дөрвөн хувийг, Хятад улс 2-3 хувийг шинжлэх ухаанд зарцуулж байна. Манай улс 0.17 хувийг зарцуулдаг гэж сонссон. Энэ бол үнэхээр хангалтгүй тоо л доо. АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн /NIH/-гийн жилийн төсөв нь 30 тэрбум доллар шүү дээ. Монгол Улсын жилийн төсвөөс 3 дахин их хөрөнгө.
ХАВДРЫН ЭМИЙГ АЛЬБУМИНААР ДАМЖУУЛАНЯГ ӨВЧИЛСӨН “БАЙ”-НД ХҮРГЭХ АРГЫГ СУДАЛСАН
-Таны цаашдаа ямар зорилго төлөвлөгөөтэй вэ?
-Ойрын хэдэн жилдээ эндээ судалгаагаа үргэжлүүлнэ. Өөрийн бүтээлийн чанарыг илүү сайжруулах, сурсан мэдсэнээ хэрэглэх орчин энд бүрдсэн учиродоохондоо явах бодолгүй байна. Монгол Улс гадаадад боловсрол эзэмшиж, туршлагажсан хүмүүсээ дэмжээд, ажиллах боломжоор хангавал эх орондоо ирж, судалгаагаа хийгээд дэлхийн бусад эрдэмтэдтэй өрсөлдөх хүсэл тэмүүлэл маш их байдаг.
Өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалаад, эх орондоо буцаад ирсэн миний мэдэх ихэнх хүмүүс зөвхөн хичээл зааж байна. Судалгааны ажлаасаа хөндийрсөн. Судалгааны ажил хийхгүй бол багш огт сайжирдаггүй юм. Дэлхийн бүх том сургуулиудын профессорууд өөрийн лабораторидоо тасралтгүй судалгаа хийнгээ багшилдаг. Миний ойрын зорилго бол өөрийн лабораторитай профессор болох. Энэ лаборатори нь хаана ч байж болно. Монголдоо бол мэдээж сайн хэрэг.
-Монголдоо ирж ажиллах уу?
-Мэдээж Монголдоо очиж ажиллана. Гадаадад олон жил сурсан мэдсэнээ монгол залуучуудад зааж, шинжлэх ухаанд сонирхолтой шинэ үеийг бэлтгэх, Монголоос олон улсад хүлээн зөвшөөрөгдөх судалгааг энэ салбарт хийж болдгийг харуулмаар байна.
-Та яагаад БНСУ-ыг сонгож суралцахаар болсон бэ?
-Монголд байхдаа гадаадад докторантурт сурахсан, миний мэргэжил гадаад л үнэлэгдэх юм байна гэсэн бодол тээгээд л явдаг байлаа. Аз болж тухайн үед БНСУ-д сурж байсан МУИС-ийн багш нар маань профессор багш нь химийн чиглэлээр оюутан авахаар хайж байгааг надад дуулгахад би материалаа явуулсан. “Сурна, хамгаална, чадна” гэсэн хүсэл маш их байсан учир тулгарсанбэрхшээл бүхнийг давахыг хичээж байлаа.
Ер нь гадаадад доктор хамгаалах ялангуяа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурна гэдэг бол маш шаргуу хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүй шаардсан ажил байдаг. Би Католик их сургуульд 4.5 жил сурахдаа зөвхөн бүтэн сайнд амраад бусад өдөр нь 08.00- 23.00 цаг хүртэл судалгаагаа хийж доктороо хамгаалж байлаа. Төгсөхдөө олон улсын сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор гурван өгүүлэл хэвлүүлсэн. Монголоос ирэхдээ хэлээ ч сайн мэдэхгүй байсан миний хувьд ийм хэмжээний амжилттай ажилласан нь сайн бөгөөд чанга багштай учирсных. Бас хүний итгэлийг алдахгүйг хичээж, шаргуу ажилласны үр дүн гэж боддог. Цөхрөлтгүй суралцахад эхнэр минь намайг хурцалж, шахаж бас дэмжиж байсныг нуугаад яах вэ.
-Монгол залуус БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломж хэр зэрэг байна вэ?
Солонгост байгалийн шинжлэх ухааны салбар, мэдээлэл технологийн чиглэлээр суралцах орчин илүү сайн бүрдсэн. Солонгосын ихэнх сургууль гадаад оютнуудын төлбөрийг 30-50 хувь хөнгөлдөг. Гэхдээ ихэнх сургууль баклаврын сургалтаа солонгос хэл дээр явуулдаг нь учир дутагдалтай. Харин магистр, докторын сургалтыг англи хэл дээр авах боломжтой.
Залуучууд Монголдоо баклавраа төгсөөд хэлээ сайжруулж байгаад энд ирж магистр, докторт сурвал их зүгээр юм шиг санагдсан. Байгалийн шинжлэх ухаанаар магистр, докторт сурвал сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлж, лабораторидоо байнга судалгааны ажил хийлгээд тодорхой хэмжээний тэтгэлэг өгдөг. Гол шалгуур нь англи эсвэл солонгос хэлний оноотой байх ёстой. Маш олон багш нар Монголоос оюутан авахыг сонирхдог боловч дээд боловсролтой залуучууд хэлний чадвараараа тэнцдэггүй.
Маш олон багш нар Монголоос оюутан авахыг сонирхдог боловч манай дээд боловсролтой залуучууд гадаад хэлний чадвараараа тэнцдэггүй.
-Солонгос улс дэлхийд аль салбараараа тэргүүлж байна. Тус улсын шинжлэх ухааны цаашдын хандлага хаашаа чиглэж байна вэ?
Сүүлийн үед биоанагаахын чиглэл, биоинженерийн, мөн материал судлал, мэдээлэл технологийн чиглэлд маш их ач холбогдол өгч хөрөнгө мөнгө ихээр зарцуулж байна. Мэдээж бусад салбараа ч орхихгүй дэмжиж байгаа. Том ихсургуулиудаа төрийн бодлогоор дэмжиж, дэлхийн тэргүүлэх сургууль болгох зорилт тавин ажиллаж байна. Солонгос улс их сургуулиудаа хувийн болон төрийн өмчит гэж ялгахгүй боломж олгодог. Мөн шинжлэх ухааны ололтоо практикт нэвтрүүлэх антрипрёнир их сургуулиуд болгон хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж байна.
-Монгол Улсад Азийн өндөр хөгжилтэй энэ орноос нэн тэргүүнд авч суралцах, боловсролын салбартаа нэвтрүүлэх сайн туршлага байна юу вэ?
-Солонгосын аль ч томоохон их сургуульд очиход хотхоны зохион байгуулалттай баригдсан. Тухайн сургуульд тодорхой хэмжээний газар улсаас өмчлүүлж, түүн дээрээ сургуулийн бүх байр, оюутны дотуур байр, хөл бөмбөгийн талбай, номын сан байгуулах зэргээр оюутан сурах боломжийг бүрэн хангасан байдаг. Эдний сургуулиуд оюутнууддаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж олгодог. Дэлхийд өрсөлдье гэвэл эхлээд сургуулиудыг өөрийн хотхонтой болгох хэрэгтэй гэдэг. Монгол шиг өргөн уудам газартай улс томоохон суурин газруудынхаа ойролцоо хэд хэдэн га газрыг их сургуулиуддаа эзэмшүүлээд, дэд бүтцийг нь шийдээд хотхоноо баривал асуудал хялбархан шийдэгдчихмээр санагддаг.
-Манай улсад дээд боловсролын салбарын бодлого алдагдсан гэх шүүмжлэл их байна. Та энэ тал дээр ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Миний бодлоор улсын мэдлийн их сургуулиудын удирдлагуудыг сургуулийн нийт багш, удирдах зөвлөлөөс дөрвөн жилийн хугацаанд нэг удаа улираах эрхтэйгээр сонгодог систем рүү явсан нь дээр. Их сургуулийн дотоод асуудлуудад төрөөс хэт их оролцох шаардлагагүй. Багш нараа чадваржуулах, олон улсын жишигт нийцсэн шаардлагуудын дагуу шалгаруулж авдаг болох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн багш нарт судалгаагаа хийх боломжийг олгосноор багшийг тасралтгүй хөгжүүлж байна гэсэн үг.
-Жишээлбэл, МУИС-д 2013 оны хичээлийн шинэ жилээс эхлүүлсэн дээд боловсрол шинэчлэлийг ямар болсон гэж үздэг вэ?
-Оюутнууд сургуульдаа элссэний дараа мэргэжлээ сонгох үндсэн санаа нь зөв боловч, манайх шиг байгалийн шинжлэх ухаан сайн хөгжөөгүй улсад элсэгчдээ алдах эрсдэл байсныг тооцоолоогүй нь алдаа болсон гэж хардаг. Миний бодлоор хэт нарийн мэргэжлээр хуваахгүйгээр ерөнхий нэг мэргэжлээр элсүүлээд аль болохоор хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлдэх нь чухал юм. Яг энэ сэдвээр танай сайтын сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншиж байсан. Либериал артнь Монголын нөхцөлд тохирохгүй систем байсан нь харагдлаа. Америк зэрэг үйлдвэрлэл, шинжлэх ухаан сайн хөгжсөн улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой оюутан олон байдаг. Гэтэл манайд оюутнууд шууд хэрэглээгээ хараад мэргэжлээ сонгожбайна л даа. Яг үнэндээ байгалийн шинжлэх ухаанаар сурсан хүмүүс илүү хөрвөх чадвартай байдаг. Тэр шинэчлэл дотор авах, бас анхаарах зүйлүүд ч байна.
-Ер их сургуульд ямар байх ёстой тухай жишиг стандарт нь юу вэ?
-Дээд боловсрол гэдэг энгийнээр ойлговол тухайн хүнд амьдралаа аваад явчих чадварыг олгох явдал юм. Монголын их, дээд сургуулиуд үндсэн мэргэжлээс нь гадна оюутнууддаа англи хэлний мэдлэгийг маш сайн олгох хэрэгтэй байна. Сайн боловсон хүчин бэлдэхээс гадна зохион бүтээгч, шинийг санаачлагч болох хандлагатай төгсөгчдийг ихэвчлэн бэлдэх нь чухал л даа.
АНУ-ын ХХ зуунд гарсан том том ололтууд бүгд л хүчирхэг их сургуулиуд байгуулж чадсаны шууд тусгал юм.
Дэлхийн их топ их сургуулиудыг харахад өөрийн хотхонтой, багш нар нь олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээ хэвлүүлсэн тоо болон ишлэл авсан байдал, сургуульд үйлдвэрлэлээс орж ирж буй орлого, төгсөгчдийн ажилд орсон байдал, олон улсын хамтын ажиллагаа гэх мэт шалгуурыг үзүүлэлтээр дүгнэдэг.
-Монголын төрийн өмчийн их сургуулиуд ямар түвшинд байна гэж Та дүгнэдэгвэ?
-Манай улсын сургуулиудаас дэлхийн өрсөлдөөнд хараахан ороогүй байна. Үндэсний том, дэлхийд өрсөлдөх сургуультай болохыг хүсвэл төрийн бодлогоор л дэмжих хэрэгтэй. Сингапур хоёрхон том сургуультай ч хоёулаа дэлхийн тэргүүлэх 50 сургуульд багтдаг. Топ сургуулиудаа тэр улс бодлогоор гаргаж ирсэн.Солонгос ч ялгаагүй Сөүлийн их сургууль, КАИСТ гэх мэт том сургуулиудаа 1970-аад онд цогцоор нь босгосон. Одоо дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна шүү дээ. Манай улсын сургуулиуд олон улсад өрсөлдье гэвэл эхлээд өөрийн хотхонтой болох хэрэгтэй, сургалтаа англи хэл дээр явуулбал сайн.
Аль болох гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан туршлагатай багш болон гадаад багш нарыг урьж ажиллуулбал сайн. Хөгжсөн бүх л улс ийм замаар их сургуулиудаа хөгжүүлсэн. Одоо Хятад яг тэгж байна, Америкт олон жил ажилласан туршлагатай багш нараа их сургуулиуддаа урилгаар ажиллуулж байна. Олон монголчууд гадаадын өндөр хөгжилтэй оронд сургууль төгсөөд тэндээ ажиллаж байна. Тэр хүмүүсийг урих хэрэгтэй. Зүгээр урихад тийм амар ирэхгүй л дээ.
Гадаадад ажиллаж байсан шигээ ажиллах бүх боломжийг бүрдүүлж чадахгүй юм гэхэд 50 хувийг нь бүрдүүлээд уривал ирнэ дээ. Улс орны хөгжилд чанартай их сургуулиуд яаж нөлөөлдгийг олон зүйлээс харж болно. Жишээ нь, АНУ-ын ХХ зуунд гарсан том том ололтууд бүгд л хүчирхэг их сургуулиуд байгуулж чадсаны шууд тусгалууд юм. Хүчирхэг их сургууль байгуулж чадсан улс л хөгждөг.
-Ярилцсанд баярлалаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ