О.Баасанхүү: Засгийн газрыг огцруулах үндэслэлд 60 тэрбумын асуудлыг дурдсангүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хэр зэрэг бодитой гэж та харж байна вэ?

-Засгийн газрын асуудал хэлэлцэх үед би эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцож чадаагүй. Гэхдээ “Өдрийн сонин”-д өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Нам доторх эрх мэдлийн тэмцлээ УИХ-аар хагалсан гэж би харж байна. Яагаад вэ гэхээр Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл бол шалтгаан биш шалтаг. Тухайлбал, хүүхдүүдэд хууль зөрчиж мөнгө олгосон гээд байгаа юм. УИХ-ын 76 дотор хүүхдэд хайргүй гишүүн нэг ч байхгүй. Мөнгө л байхгүй болохоос. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэж байна лээ. Тэр нь Засгийн газарт ямар хамаатай юм бэ. Заавал ялах албатай ч биш. Аливаа сонгуульд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хэр зэрэг ажилласан бэ?

-Засгийн газар сайн ажиллаагүй. Үүнийг маш олон үндэслэлээр баталж болно. Тухайлбал, 60 тэрбумын асуудал байна. Парламентад байгаа 65 чинь бүгд ах дүү, хамаатан, садан, үр хүүхэд, найз нөхөд, сонгуульд ажилласан багийн хүмүүсээ энд тэнд ажилд оруулчихсан. Гэтэл Засгийн газрыг огцруулах үндэслэлд 60 тэрбумын асуудлыг дурдаагүй. Бас дэд сайд томилох шаардлага байгаагүй. Мөн Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал хөндөөд сөрөг хүчний байр суурийг оруулж, хамтдаа өргөн барих ёстой байсан. Ардын нам түүхэнд анх удаа өөрийнхөө Засгийн газарт хариуцлага тооцож байгаагаа “гоё” гэж яривал ёстой утгагүй.

-Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Хуулийн хугацаанд амжих болов уу?

-Ардын нам Засгийн газраа бүрдүүлэхгүй юм шиг байна. Яагаад гэхээр Засгийн газрын тухай хуульд дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Гэхдээ 30 хоногийн дотор бүрдүүлэхгүй бол дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй.

-Олон улсын валютын сангийн гурав дахь хэлэлцээр болох гэж байна. Гэтэл Засгийн газраа огцруулчихсан байгаа нь гэрээ хэлэлцээрт нөлөөлөх үү?

-Гарын үсэг зурсан гишүүд чинь ОУВС-г хөөж гарга, хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуул гэх мэт популист зүйл ярьсан. Валютын сан манайд хүчээр хөтөлбөрөө тулгаагүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй, Хятадаас зээл авъя гэхээр 7-10 хувийн хүү санал болгодог. Монголчууд сөрөг хүчин, эерэг хүчин гэдгээс үл хамаарч эдийн засгийн бодлого нэгдмэл байгааг гадныханд харуулах ёстой. Гэтэл одоо Засгийн газар огцорч, эдийн засаг хямралтай байгаа үед улс орнууд зээлсэн мөнгөө яаж гаргаж авах вэ гэж бодож эхэлнэ. Тиймээс ОУВС арилжааны банкуудад үнэлгээ хийх гэж байгаа юм. Үгүй гэвэл тэд хөтөлбөрөө зогсоох эрхтэй.

Сая багш нар надтай уулзаад 1,6 сая төгрөгийн цалин авмаар байна гэж ярилаа. Яагаад гэхээр 500 мянган төгрөгийн зээл төлдөг, хувцас, хоол ундны мөнгө гээд тооцохоор 1,6 сая төгрөг болж байна гэсэн. Яах вэ Монголбанк мөнгө хэвлээд, цалин нэмж болно. Ингэснээр нэг талх 5000 төгрөг, нэг кг мах 40 мянган төгрөгөөр авдаг болно. Өөрөөр хэлбэл инфляци өснө. Би хувьдаа багш нарын цаана ямар нэг өдөөн турхирсан зүйл байна уу гэж харсан. Тэдэнтэй хэвийн ярих гэхээр эсэргүүцээд, “Яг одоо өг. Та нарыг хулгай хийдгийг мэднэ” гэх мэтийн зүйл ярьж байна лээ. Тэгэхээр бухимдал, хямрал нүүрлэсэн үед тусгаар тогтнол, төр засгийн тогтвортой байдал бол нэг номерын шаардлага юм. Засгийн газраа хурдан бүрдүүлээсэй гэж би хүсч байна. Хэрэв Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол гишүүдийн 2/3 кнопоор УИХ тарах хууль байна. Ингэхээр дахиад сонгууль явуулж, зөв хүчин гарч ирнэ.

-Засгийн газрыг огцруулах үндэслэлд концессын гэрээг оруулсан байдаг. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Хулгайч хүмүүсийг олоход амархан. Нэг нөхөр өөрийнхөө мөнгөөр байшин барьж болно. Эрчим хүчний тухай хуульд дэд станцыг улс заавал өөртөө авах заалттай. Засгийн газар концессын гэрээгээр дэд станц бариулсан уу, тийм. Тэгвэл улс худалдаж авах хуулийн заалттай. Өнгөрсөн 27 жилийн турш уламжлагдаж ирсэн нэг зүйл бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд 1 тэрбум, 2 тэрбум төгрөгийн бололцоог гишүүдэд олгодог байсан. Гэхдээ би 2012 онд жагсаалтаар орж ирсэн учраас надад өгөөгүй. Гишүүд тэр мөнгөөр тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам засах асуудлыг шийддэг. Мөнгөний 10-20 хувийг өөрсдөө халааслаад дараагийн сонгуульд зарцуулдаг. Сая 2016 оны парламент нэг ч төгрөг олгоогүй. Үүнээс үүдэж 2020 онд сонгууль болоход гишүүд нэг ч сургууль, цэцэрлэг янзлаагүй нь асуудал дагуулна. Ийм болохоор Засгийн газраараа тоглох юм хийлээ гэж би харж байна.

Хоёрдугаарт, нүүрсний хэрүүл нэлээн хүчтэй талцуулж байна гэж би харсан. Улаанбаатар хотод шүлхий ороод ирчихсэн байна. Энэ өвөл эрчим хүчний нэлээн том доголдол гарч мэдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл олон удаа тог тасарна гэсэн үг. Үүнийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Тэр утгаараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид тавьсан. Ээлжит бус чуулганаар өвлийн бэлтгэл, шүлхий, багш нарын цалин, төсвийн тодотголоо хэлэлцмээр байна.

Т.Давааням

СЭТГЭГДЭЛ БИЧИХ