УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг хаахаар болжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг шалгагдаж байгаа билээ. Энэхүү хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдон, улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болжээ.

Энэ талаар албан ёсоор хохирогчийн талд мэдэгдээгүй байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар, хохирогчийн эгч Ч.Саранзаяад байх Шүүх эмнэлэг дотроос ирүүлсэн гэх нотлох баримтыг дахин шинжлэн үзэхэд ямар ч зүйл илрээгүй талаар хэлж байна. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Шүүх эмнэлгийн гурван эмчийг шалгасан боловч хохирогчийн талын хэлж буй шиг тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй гэв.

Хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа долдугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийн дагуу прокурор хэлэлцэж, Баянзүрх дүүргийн прокурорт шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байна. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогч хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан байна. Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна.

Хэргийг эргэн сөхвөөс, зургадугаар сарын 15-ны өдөр хохирогч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж өөрийн биеэр өргөдөл гарган хэрэгт хамаарагдах нотлох баримтыг хавсарган өргөдөл өгсөн. Харин өргөдөл өгсөн тухайн өдрийн орой хохирогч өргөдлөө татаж авсан байдаг.

Гаргасан гомдлыг прокурорын байгууллагаас шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулга хохирогчийн эгч дээр ирж 20 сая төгрөг өгч тохиролцохыг санал болгосон байдаг. Гэтэл Шүүх эмнэлэг дотроос хохирогчийн эгч Ч.Саранзаяа нотлох баримтуудыг ирүүлсэн. Үүний дараа Ч.Саранзаяа АТГ-т Шүүх эмнэлгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хээл хахууль өгсөн байж болзошгүй хэмээн шалгуулах хүсэлт гаргасан. Мөн долдугаар сарын 28-ны өдөр УЕПГ-т дахин шалгах хүсэлтийг хохирогч Ч.Наранзаяа гаргасан байна. Ийнхүү хэргийг дахин шалгаснаар хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Энэ талаар хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга байна. Ямар нэгэн байдлаар албан бичгээр амаар надад хэрэгсэхгүй болсон шүү гэж хэлээгүй байна. Д.Гантулга гишүүний хүмүүс ямар нэгэн байдлаар нөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож байж мэднэ.

Эхлээд юу ч гэсэн бичиг баримттайгаа танилцаад үзнэ дээ. Түүний дараа яахаа өмгөөлөгчтэйгөө ярилцаж шийднэ дээ. Удахгүй хэвлэл мэдээллийнхэнд хандана гэсэн бодолтой төлөвлөөд байна” гэв.

У.Уранцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ