Цэцэрлэгт хүрээлэн эрүүлжүүлэх болчихож

Хүний бүтээсэн бүхний сайн сайхныг олж харахаас өмнө муу муухайгаар шүүмжиллээ хэмээн уншигч та бүү бухимдаарай. Мэдээж тэнд гялтайх сайхан мэдээ, сайн жишиг байвал бид хамгийн түрүүнд танд дуулгах нь мэдээж хэрэг. Гэвч сайныг нь хэлэх ёстой хэмээн цаасан малгай өмсгөх гэхээс илүү дутагдлыг нь ил тод, шударгаар хэлж гэмээнэ алдаагаа хүн хурдан засч, өмнөхөөс илүү өөрчилж, сайжруулахаар зүтгэдэг учиртай.

Тиймдээ ч улсдаа ганцхан байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн болж бүтэхгүй бүхнийг ил тодоор шүүмжлэхийг хүссэн юм. Хотын даргын шийдвэрээр ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй хоосон талбайд байгуулагдаж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хоёр, гуравхан жилийн дотор итгэмээргүй өөрчлөгдсөн. Тэнд мод тарьж, зүлэгжүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбайг нэгбүрчлэн байгуулсан.

Дугуйн зам хүртэл бий болгож, хөшөө дурсгалыг ч хөрөнгө хайрлахгүй барьж байгуулж байлаа. Харамсалтай нь энэ бүхэн өнөөдөр бидний нүдний өмнө эвдэрч хэмхэрч эхэлжээ. Залуусын тоглож нааддаг сагсан бөмбөгийн талбайн голд борооны ус тогтож, хиймэл зүлэг нь хуурчихсан, урагдчихсан дүр зураг бүтэн зуны турш олны шүүмжлэлтэй тулгарлаа. Турник, савлуур зэргийг байрлуулсан талбайн голд мөн л бохир ус тогтож, хүн тоглох аргагүй байдалд хүрчихсэн байгаа.Хөшөө дурсгалын хөл нь хугарсан, цуурсан гэх мэтээр хаашаа ч харсан бүх зүйл нь ундуй сундуй. Энд чин сэтгэл, арчилгаа дутагдаж буй нь илхэн. Уг нь энд маш олон хүмүүс ажилладаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, харуул хамгаалалтад олон ч хүмүүс ажиллаж байгаа нь харагддаг ч иргэдийн тохитой амарч, зугаалах боломжийг хангаж өгөөгүйг шүүмжлэхгүй байх арга алга.

Хамгийн муухай нь энд өнөөх гудамжны архичин, танхай этгээдүүд хаа сайгүй явцгааж байх юм. Нэг биш нэлээд хэдэн удаа ийм хүмүүстэй таарсан учраас бичихгүй, шүүмжлэхгүй сууж чадахгүй нь. Архичдын оромж аятай хүүхдүүдийн тоглож байсан модны дор согтуу нөхөр хурхиран унтаж байхтай саяхан тааралдлаа. Аяга халуун цай уух гэж согтуу залуугийн хоол горьдсон харцанд ээрүүлж, элдвээр хэлүүлж суугаа залуу гэр бүлтэй ч мөн тааралдав.

Бэлэн бүтээгдэхүүн, хуушуур зарж буй ТҮЦ-ний ойр орчимд хоол горьдсон согтуучууд суучихаад идсэн хуушуурных нь үлдэгдэлтэй хэрүүл зарга үүсгэж байхыг хэлэхгүй өнгөрч боломгүй байлтай. Хэдийгээр бүх нийтээр үйлчлүүлэх ёстой цэцэрлэгт хүрээлэн боловч ая тухтай амарч зугаалах эрхийг нь хангаж өгөх учиртай бус уу. Мод дэрлэн унтаж буй согтуу этгээд нялх балчир үрсийг минь айлгаж ичээвэл хэрхэх билээ. Хоол горьдсон согтуу нөхөр хуушуурны гурил өгсөнгүй хэмээн танхайрвал бас яах вэ.Энэ мэтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хяналт гэж зүйл алга болжээ. Ажиллах гэж цалин авч байгаа бол сэтгэл гаргах ёстойсон. Арчилж тордоод, хяналт тавиад явчихвал болохгүй зүйл алга. Гэтэл тэнд ажиллаж байгаа хүмүүс, тэнднийг удирдаж байгаа даргын аль алинд нь чин сэтгэл дутагдсан нь энэ мэт зүйлээс харагдаж байх юм.

Хотын битүү утаа, түгжрэлд бухимдсан иргэдийн зорьж очиж амардаг, дугуй унадаг, тоглодог, модны үнэрт тухалдаг таатай орчныг бүрдүүлэх учиртай энэ газар хар зах шиг болчихоод байгаа юм. Хаа сайгүй хуушуур, шорлогны эхүүн утаа. Хямдхан тоглоомын хар зах ажиллаж байгааг нуух аргагүй. Ямар ч хяналтгүй зарагдаж байгаа хуушуур нь юуны махаар хийснийг бурхан л мэдэж байх. Хөгшин настай аав минь хоёр хуушуур идчихээд хоёр хоног хоолны хордлогод орж сэхээнд орох шахаж байлаа. Энэ мэтээр тэнд хяналт, хариуцлага гэдэг зүйл алдагджээ.

Энэ газрыг Нарантуул захын боссын охин удирддаг гэдгийг бид мэднэ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч эрхэм хатагтай танд дахиад л хов дуулгая. Дороо ажиллаж буй хүмүүстэй хариуцлага яриач. Дэлхийд номер нэгт орох үндэсний цэцэрлэгт хүрээлэнг маань эрүүлжүүлэх битгий болгооч гэж гуйя. Эвдэрсэн тоглоом, халтайсан хөшөөг нь арчилж тордоод өгөөч. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнстэй, нялх балчир үрсийн минь аюулгүй байдлыг хангасантоглоомтой болгож өгөөч. Ингэж шүүмжилж суухаар орохоо больчих гэж хэн нэгэн их мэдэгч шүүмжлэх л байх. Гэвч бид үйлчлүүлэхээ болилоо гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол маргааш хэн нэгэн ингэж бухимдах нь тодорхой юм. Тэнд чин сэтгэл л дутагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ