Р.Содхүүгийн томилгоог цагдаагаас шалгаж эхлэв
Р.Содхүү өөрийн ах, дүү, хамаатан саднаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-т ажилд оруулж, албан тушаалд томилсон тухай мэдээлэл зарим сонин, сайт, фэйсбүүк хуудаст нийтлэгдэх болсон.
Тус газарт ажилладаг 17 хүний нэрийг жагсааж, ард нь аль албан тушаалд томилогдсон, Р.Содхүү даргатай ямар холбоотой болохыг тайлбарласан зурагт хуудсан мэдээллийг тараасан хоёр иргэнийг цагдаагийн байгууллага түр саатуулсныг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ОӨУБЕГ-аас Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, хэргийг шалгах хүсэлтийг өнгөрсөн мягмар гаригт /2017.09.08/ тавьсан байна. Энэ гомдлын дагуу цагдаагийнхан хууль бус томилгоотой холбоотой мэдээлэл нь үнэн эсэхийг тогтоохоор ОӨУБЕГ-ын хүний нөөц болоннэр нь холбогдсон зарим иргэдээс мэдүүлэг авч эхэлжээ.
Р.Содхүү даргын тухайд ОХУ-ын Владивосток хот руу томилолтоор явсан Ерөнхийлөгч Х.Баттулгын багт багтаж, ОХУ, Монгол Улс хоорондын Оюуны өмч, улсын бүртгэлийнсалбарт хамтран ажиллах хэлэлцээрт оролцож яваа аж. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Р.Содхүү даргатай утсаар холбогдоход “Улс төрийн зорилготойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж байна. Тиймээс худал мэдээллийн ард хэн байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн. Манай байгууллагын хэд хэдэн хүнээс мэдүүлэг авч эхэлсэн” хэмээн ярив.
Харин нэр нь холбогдсон 17 хүнтэй холбогдож мэдээлэл авахыг хүсч, ОӨУБЕГ-ын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Т.Хулантай холбогдсон боловч “Хэргийг цагдаагийнхан шалгаж буй учир тодорхой, тайлбар мэдээлэл хийхгүй, цагдаагаас өгч болохгүй гэсэн” гэлээ.
Р.Содхүү даргын хийсэн хууль бус томилгоо гэх 17 хүний нэрийг жагсаасан хүснэгтийг харвал, өргөж авсан аавынхаа ач охиныг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ахлах бүртгэгчээр, түүний төрсөн эгчийн хүүхдийг ОӨУБЕГ-ын Хяналтын газарт улсын байцаагчаар, дүүгийнхээ хоёр хүүхдийг ОӨУБЕГ-ын Мэдээлэл технологийн газарт хэлтсийн даргаар, Хуулийн этгээдийн газарт улсын бүртгэгчээр, эхнэрийнхээ дүүгийн хоёр хүүхдийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгчээр томилсон тухай бичжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад 'Гомдол гаргасны дагуу хоёр хүнийг түр саатуулан шалгаж байгаа нь үнэн' гэх хариултыг өглөө. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Д.Уудам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ