Н.Цэрэнбат: Засгийн газрын яг юу нь буруу байсан талаар ярихгүй байна

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нам дотроосоо Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсныг та юу гэж харж байна вэ?

- Монголын улстөрийн намууд намын бодлого, шийдвэрээр улс орноо байгаа түвшнээс нь ахиулна гэсэн зорилготойгоор тухайн намын гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлдэг. Сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Ард түмний энэ итгэлээр сонгогдсон МАН Засгийн газраа байгуулж ажилласнаар нэг жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид цаг хугацаа тулсан Бондын өрийн дарамтаас гарсан, орон нутгийн сонгууль, 2017 оны улсын төсөв батлах, Ерөнхийлөгчийнсонгууль гээд дөрвөн том шалгуур дунд Засгийн газар МАН-ын амласан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлаа хийж байна. Энэ хугацаанд МАН-ын үе үеийн Удирдах зөвлөлд ажиллаж байсан, удирдах албан тушаал хийж байсан, МАН-ын толгойд ажиллаж байсан хүмүүс өөрсдийн байгуулсан Засгийн газрыг сөрөг хүчинтэй нийлж огцруулах асуудлыг ярьж байна. Нэг талаас нь харахад эх орнооаврах гэж байгаа юм шиг боловч өмнөх алдаанаасаа, өөрсдийнхөө үүрэх ёстой хариуцлагаас мултардаг ужиг өвчин Монголын улс төрд 20 гаруй жил болж байна.

Засгийн газар огцруулах асуудал эхлээд намын хариуцлага, дараа нь УИХ дахь бүлэг өөрсдөө хариуцлагын асуудал ярих ёстой. Түүний дараа биднийг төлөөлж ард түмэнд бидний амлалтыг хэрэгжүүлэх ёстой Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Хэн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа чанга хашхирсан нь ард түмний итгэлийг авдаг асуудал биш. Бид энэ байдлыг засах ёстой. Хамгийн эмзэглүүштэй нь Монголын улс төрийн намын залуучууд олон жил улс төрд явсан ахмадуудынхаа хагаран бутардаг, талцдаг алдааг давтаж байна. Шинэ үе зарчим, ёс зүйг эрхэмлэнэ.

-Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг та юу гэж харж байна. Засгийн газрыг огцруулах нь нэн тулгамдсан асуудал мөн үү?

-Шинэ зуунд Монголын олон залуучууд дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн шинэ санаачлага, шинэ бүтээл туурвих хүслээр Монголын олон залуучууд дор бүрнээ ажлаа хийж байхад, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэдэг хүмүүс нь хэт туйлшралын давалгаанд тоо баримтгүй, хов яриаг факт болгон ашиглаж, улстөрийн хариуцлага тооцдог асуудлаас салах ёстой. Засгийн газарт хариуцлага тооцох хугацаа бидэнд хангалттай бий. Гэхдээ цаашид ямар үнэт зүйл, шалгуураар явах юм бэ гэдэг өнөөдөр тодорхойгүй байна. Бид одоогийнхоос илүү гоё ирээдүйг хүсч байна. Гэтэл бидний одоо байгаа нөхцөл, болохгүй байгаа зүйл нь юу вэ гэдгийг хурдан шийдвэрлэх ёстой. 65-уулаа нэг ч эсэргүүцэлгүйгээр сонгож байсан Засгийн газрыг огцруулах асуудал бол нэн тулгамдсан асуудал биш. Хэн нэгэнд тунихаараа Засгийн газраа огцруулдаг байж болохгүй. Хэн нэгнийг илүү үзэхээрээ хов ярьж, тэр хов нь ард түмэнд хүрч, хөгжил биш хов ярьсаар урагшлах биш ухарч байна гэдгийг л бодох хэрэгтэй. Зарчмын хувьд бид УИХ дах бүлгийн хурал дээр Засгийн газрын сайд нарын алдаа, дутагдал, хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих ёстой байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүлгийн хурал дээр нэг ч сайдад хариуцлага тооцох асуудал яриагүй нь Засгийн газрыг огцруулах шуурганы алдаа нь гэж харж байна. Хэн Төрийн ордонд шүдэнз зурж, түймэр тавив. Энэ түймрийг яаж унтраах вэ, энэ түймэр байнга ассаар байх уу. Ямар үнэт зүйл дээр Монголын ард түмэн төрийн түшээдийг одоо, ирээдүйд шүүх юм бэ. Энэ дэнсийг бид одоогийн нөхцөл байдлаар тогтоох ёстой. Нэг талаасаа Монголын төр, ард иргэдийн түүхийн нэг шалгуур болж байна. Цаашид популист буюу попорсон байдлаар явах уу, бодлого ярьдаг багийн тоглолтоор явах юм уу гэдгээ одоо зөв тодорхойлох ёстой. Нөгөө талаас сонгогдох болохоор нам гэж гүйгээд, сайд авах болохоор нам хамаагүй гэдэг зарчим МАН-д үйлчлэх ёсгүй, бас бусад улс төрийн хүчинд ч гэсэн.

-Цаашид популист биш бодлого ярьдаг багийн тоглолтоор явахын тулд яах ёстой юм бэ?

-Бид ямар шалгуур, үнэт зүйл дээр цаашид явах вэ гэдгээ зөв тодорхойлох ёстой.

-Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь нь буруу, зөв гээд сөрөг хүчин болон гарын үсэг зурсан гишүүд хэлж байсан?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд тусгай хяналтын дэд хорооны асуудал хамаагүй гэж зарим гишүүд хэлж байна лээ. Цаашид олон сайд нар, төрийн түшээд бие биесээ тагнаж, чагнадаг, түүнд нь хууль хяналтын байгууллага оролцоод явбал яах вэ гэдгийг энэ удаагийн Шадар сайдыг чагнасан эсэх асуудлаар цэг тавих ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтэй сайд нь харьяа байгууллагадаа үүрэг даалгавар өгч, тагнах, чагнах ажиллагаа явуулах юм бол Төв азийн цээжин дэх ардчилсан гэгддэг монгол улс юу болох вэ. Үүнийгтаслан зогсоохын тулд Тусгай хяналтын дэд хороо энэ асуудлыг авч хэлэлцэх, бусад холбогдох байгууллагуудаас нь тагнасан, чагнасан асуудлын талаар бодит мэдээллийг УИХ-ын гишүүдэд хаалттай танилцуулаач гэсэн саналтай байгаа юм. Яг одоо үүний ард хэн нь буруутай, хэн нь зөв гэдэг талаар мэдээлэлтэй нэг ч хүн байхгүй байна.

-Засгийн газар тогтворгүй байх нь ямар үр дүн авчирдгийг АН тод харуулсан. Гэтэл энэ алдааг МАН давтаж байна гэж шүүмжлэх хүмүүс их байна?

-Засгийн газраа олон удаа огцруулсан нь Ардчилсан намын алдаа, бас монголчууд бидний алдаа. Би Монголын залуу үеийн төлөөлөл. Надтай ижил амьдралтай, хөдөлмөр эрхэлж байгаа олон залуучуудын төлөөлөл учраас энэ олон залуучууд юунд итгэж цаашид явах вэ гэдэг л чухал. Түүнээс энэ олон залуучуудыг тэр, энэ гэж хагалан бутаргах биш үнэт зүйл, зарчим дээр нэгтгэх ёстой. Засгийн газар тогтвортой байх нь Монгол Улсын нэр хүнд. Нэр хүнд гэдгийг хамгийн энгийн бодитоор тайлбарлавал, бид өртэй байгаа, өрөө төлөхөд бидний зээлэх мөнгөний хүү буурна гэсэн үг. 2016 оны сонгуулийн дараа МАН эх орноо алдаа дутагдлаа засах байх гэдэг үүднээс Засгийн газар ажлаа хийсэн.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлийн хүү буурсан нь тогтвортой байгаагийн хожил. Гэвч тогтвортой нэрийн дор алдаа дутагдлыг нуух асуудал байж болохгүй гэж би бодож байна. Бид улстөрийн, эдийн засгийн амаргүй цаг хугацааны шалгуурын нэгхэн жилийн ард гарч байна. Одоо харин өнгөрсөн нэг жилийн алдаа дутагдлыг МАН-ын бүлэг дээр хэлэлцээд явах нь бидний хүсч буй нийгмийн нэг илэрхийлэл болох байх.

-МАН-ын 65 гишүүн нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй явсаар өнөөдрийн хүрлээ. Хоёр тал ширээний хоёр талд суугаад тодорхой шийдвэрт хүрэх бололцоог МАН-ын удирдлагын зүгээс эрэлхийлж байгаа юу?

-Бүлгийн хурал хоёр удаа зарласан боловч Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд орж ирээгүй. Өөрсдийнхөө итгэл үнэмшлээр Засгийн газрыг огцруулах асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл Монголд улстөрийн намууд УИХ-д бүлэг байгуулж, төрийг авч явдаг. Ороод, гараад явдаг гишүүд сайд нар биш тухайн улстөрийн институци Монголын ард түмний өмнө хариуцлагаа үүрээд явдаг. Ороод гарсан хүмүүс нь тусдаа нам байгуулаад явдаг. МАН-ын гишүүн болж, намын бодлого тодорхойлдог Бага хурлаас тодорхой итгэл хүлээж УИХ-д сонгогдохдоо энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж гарын үсэг зурсан хүмүүс, бид. Засгийн газрыг огцруулах олон хүн гарын үсэг зурсан нь үнэн. Тэдний өргөн барьсан шаардлагынх нь нэг Засгийн газрын танхимын гишүүн Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг хэлэлцэх гэхээр орж ирдэггүй. Бид хэдэн ч Засгийн газар огцруулж болно. Монголын ард түмэн аль ёс зүйд итгэх, сонголт нь юу болох вэ гэдгийг дахин бодох ёстой. Олон удаа чанга дуугарсан нь баатар биш, олон хүнийг зөв зүйл рүү авч явж байгаа хүмүүсийг бид сонсох ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн хариуцлагыг гүйцэтгэх засаглалаасаа хариуцлага нэхэж байгаа нь буруу гэж шүүмжлэх хүмүүс байгаа?

-Нам сонгуулийн үр дүнгийн хариуцлага хүлээх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй. Намын дарга Бага хурал хуралдуулж, сонгуулийн дүнг хэлэлцэх ёстой. Намын сонгууль удирдсан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтээ өгсний дараа бүлэг төлөөлж байгаа Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярьж, шийдэл гаргах ёстой гэж би бодож байна.

-Огцруулах шаардлагад тусгагдсан асуудлыг эхлээд бүлэг дээр хэлэлцэж дэмжсэн учраас Засгийн газар хэрэгжүүлсэн байх. Гэтэл өнөөдөр олонхоороо гаргасан шийдвэрээ буруу гэж Засгийн газраа огцруулах гэж байгаа нь?

-Ардчиллын нэг зарчим бол олонхоороо гарсан шийдвэрийг цөөнх байсан ч биелүүлэх. Орчин үеийн амьдралын зарчим. Олонхын шийд гарсан бол түүнийг дагах ёстой.

-Засгийн газар огцорлоо гэж бодъё. Цаашид юу болох вэ?

-Ямар зүйл, ямар зарчмаар дараагийн Засгийн газар бүрдэх вэ. Засгийн газрын буруу, огцруулах ёстой л гэж яриад байгаа болохоос яг юу нь буруу байсан бэ, тэгвэл тэр бурууг яаж засах вэ гэдэг нь өнөөдөр тодорхойгүй байна. Хүн эмчид үзүүлэхэд шинжилгээ өгөх, зураг авхуулах гээд шат дараатай үзлэг хийдэг. Гэтэл энэ 30 гишүүн шууд л мэс засалд орно гээд зүтгээд байгаа юм. Мэс засалд ороход зүрхний хэм ямар байх, цусны эргэлт ямар байна вэ гэдгийг хэн анхаарах юм бэ. Зүйрлэж хэлбэл ийм л байна.

Бид Монголын ард түмний төлөөлөл гэдэг нь үнэн ч төгс төгөлдөр нь бас биш. Цаашид бага алдаа гаргадаг байхын тулд зарчмаараа явах ёстой гэж залуу гишүүний хувьд бодож байна. Хэн буруутай вэ гэдэг талаар ямар ч мэдээлэлгүй учраас эхлээд тагнасан, чагнасан асуудалд хэн буруутай вэ гэдгийг сонсох хүсэлт л гаргасан.

Ш.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ