А.Сүхбат: Би Д.Сумъяабазар гишүүнийг дагаж гарын үсэг зураагүй
УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахдаа та чухам ямар байр суурь баримталсан бэ?
-Би тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн гэдэг бол өөрөө Монголын ард түмний элч, төлөөлөгч юм. Ард түмнийг төлөөлж бид УИХ-д сууж байгаа. Өнөөөдөр Монгол Улсад яагаад шударга ёс, сахилга бат, хариуцлага байхгүй болчихсон юм бэ гэдгийг л би бодож улс төрд орсон. Энэ үзэл баримтлалынхаа үүднээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Засгийн газрыг би шударга ёс, хариуцлага ярих юм болов уу гэж хүлээсэн, харамсалтайньяриагүй. Тойргийнсонгогчид болон ард түмэн ийм зүйлийг л биднээс нэхэж байгаа. Ер нь хариуцлагатай, сахилга бат өндөртэй, шударга Засгийн газартай улс орон л хөгждөг дэлхий нийтийн жишиг байна. Манайд ийм байдлыг тогтоохгүй бол өнөөдөр Монгол Улс оршин тогтнох уу, үгүй юу гэдэг цэг дээр ирчихээд байна. Тийм ч учраас Засгийн газрыг огцруулах үндэслэлд би гарын үсэг зурсан юм. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хатуу зогсохоосоо гадна байр суурийнхаа төлөө би эцсээ хүртэл явна.
-Таныг “Ахыгаа дагана” гэж хэлээд, Д.Сумъяабазар гишүүний дараа Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан гэхяриа ч явсан?
-Д.Сумъяабазар надаас гурав дүү. Цолныхоо хувьд ч тэр, би түрүүлж Дархан аварга болсон. Тиймээс би Д.Сумъяабазар гишүүнийг дагаж, гарын үсэг зураагүй гэдгээ энд зориуд тодотгож хэлмээр байна. Гарын үсэг зурсан үйлдлээсээ буцсан гэх мэдээлэл ч явсан. Ийм зүйлүүдэд би их гайхаж байгаа. Худал, үнэн хоёрын хооронд таван хуруу зай байдаг. Ер нь хэн нэгнийг дагаж, ийм чухал асуудалд гарын үсэг зурах итгэл үнэмшил надад хэзээ ч төрөхгүй. Харин ч би нам дотроо шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг нэлээд дээрээс дуугарч эхэлсэн гишүүдийн нэг.
-Нөгөө талаас МАН-ын дарга М.Энхболд танд итгэл өгч, мандат олгосноор та УИХ-ын гишүүн болох боломж нээгдсэн гэж харж болно. Тийм байхад М.Энхболдын эсрэг гэмээр байр суурьтай байгаа нь хувь хүн талаасаа хэр зохистой гэж үзэж байна вэ?
-М.Энхболд дарга бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Гол нь би М.Энхболд даргын талаар яриагүй. Засгийн газрын талаар ярьж, байр сууриа илэрхийлж яваа. Зарчмын хувьд М.Энхболд дарга бид хоёр ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа улс. М.Энхболд даргад сайн сайхан чанар өчнөөн бий. Ноён нуруутай, аливаад хүлээцтэй, улс төрийн өндөртуршлагатай хүн. Бихувь гишүүнийхээ зүгээс М.Энхболд, Н.Энхболд нарын ахмад гишүүдээс суралцаж яваа.
-Гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдэд тендер санал болгосон, АТГ-аар шалгуулах үндэслэл танилцуулсан, тодорхой байдлаар шахалт үзүүлсэн гэдгийг гишүүд тодотгож байгаа. Яг танд ийм төрлийн санал, шахалт ирэв үү?
-Миний тухайд тийм зүйлд дуудагдаагүй. Муухай ааштай, байр суурин дээрээ бат зогсдог учраас надтай тиймэрхүү зүйлс хүмүүс ярьдаггүй юм. Хамгийн гол нь хувь гишүүнийхээ зүгээс улс орноо нэг улс орон шиг байгаасай л гэж хүсч байна. Бусад орнуудыг хар. Хууль нь маш сайн төгөлдөржчихсөн, олон хуульгүй. Үүнийгээ дагаад бүх зүйл нь ойлгомжтой, тодорхой. Ямар ч хүндрэл гардаггүй. Гэтэл Монгол Улс хуулиндаа хэт цатгалдчихсан, шингээж чадахаа больчихсон байна. Тэгэхээр бид улс орноороо замбараатай, эмх цэгцтэй, сахилга баттай байх шаардлагатай тулгарч байна. Ингэж байж л улс орон улс орон шиг цаашаа явна. Ийм л зүйл бодоод явна. Энэ тал дээр шударга, зөв үзэлтэй олон гишүүн нэгдсэн. Нэгэнт энэ Засгийн газраас бид шударга ёс, сахилга батыг олж харахгүй байна. Эдийн засагтай холбоотой гэмт хэрэг ХЗДХ-ийн сайдын ширээн дээр овоолоостой байгаа. Ийм байхад яагаад нэг ч хүнтэй хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Тухайлбал, 60 тэрбумын хэрэг ингээд замхраад өнгөрөх үү. Энэ бүхэнтэй чинь бид тэмцэнэ, шударга ёсыг тогтооно гэж амалж гарч ирсэн шүү дээ.
-Гэхдээ энэ асуудлуудыг бүлэг дээрээ яриад шийдэлд хүрчихэж болмоор сэдвүүд байгаа. Ийм нөхцөл байдал үнэхээр үүсээгүй юм уу. Эсвэл бүлгийн шийдвэр хэт хайрцаглагдаад, дээгүүрээ яваад байсан учраас гишүүд нь тэсэрчихэв үү?
-Би бүлэг дээр маш сайн ярьдаг. Саналаа маш тодорхой байдлаар илэрхийлсээр ирлээ. Харамсалтай нь сул гишүүдийн дуу хоолой хадны цуурай мэт, хий хоосон байдлаар өнгөрдөг. Ерөөсөө л цуурай гэсэн үг. Би бөх хүн. Бөхөөрөө жишээ аваад хэлчихье. Бөх хүнд засуул гэж мундаг түшигтэй хүн байдаг. Засуул нөгөө бөхөө ажиглаад, хоорондын барилдааныг нь хараад, “Ийм барьц ав, ингэж барилд” гэхчилэн хэлдэг. “Халуун юм биш дээ хө, бариад ав. Тогтуухан сайхан өдөр ш дээ” гээд хэлдэг. Энэ нь юунаасаа бэргээд байгаа юм бэ, одоо бариад ав. Тогтуухан сайхан барилд гэсэн санаа байх жишээтэй.Ер нь УИХ-ын гишүүд бол төр засгийн засуул нь юм. Засуулууд ийм байна, үүнийгээ анхаар гэж хэлээд байхад үгийг нь огт авахгүй, байнга алдаа гаргаад байна. Энэ нь өөрөө Засгийн газрын огцрох болж буйн гол шалтгаан. Шийдэж чадахгүй олон асуудал байна. Бид албан тушаал, эрх мэдэлдээ бүр бялуурч гүйцлээ. Гэтэл бодит байдал дээр ард түмний амьдрал ямар байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар бол хувийн компани биш. Ард түмэн биднийг ажлаа сайн хий л гэж сонгосон. Түүнээс биш биднийг ингээд өөр хоорондоо хэмлэлдээд, ард түмнээсээ муу дүн ав гэж сонгоогүй.
-Таныг шинэ Засгийн газраас ямар нэгэн байдлаар албан тушаал горилоогүй гэж ойлгож болох уу?
-Би ард түмнийхээ дунд, маш ойр амьдардаг хүн. Надад албан тушаал, эрх мэдэл чухал биш. Би бол Монгол Улсын Дархан аварга, МУГТ, УИХ-ын гишүүн хүн. Энэ алдар хүнд надад дэндүү хангалттай. Түүнээс биш миний хүсэл мөрөөдөл, зорилго албан тушаал биш. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал дээр хувь хүний амбицыг нааж ярьж болохгүй. Монгол Улс гэдэг нэг том эрх ашгийн төлөө би ийм шийдэлд хүрсэн. Хамгийн гол нь, эх орныхоо тугийг өргөж явсан тамирчин хүнийхээ хувьд улсаа улс шиг байж, нэр хүндтэй, тодорхой бодлоготой байгаасай л гэж хүсч байна. Ийм зүйл дээр л миний зүрх цохилж яваа. Ер нь төр засгаараа тоглочихъё гэсэн гишүүд байхгүй. Зайлшгүй огцруулах шалтгаан нөхцөл үүсчихээд байхад бид хамгаалаад яваад байж болохгүй. Улс төрийг чаддаг нь авч явах хэрэгтэй. Чадалтай, чадвартай нь тэргүүлэгч болдог амьдралын хууль.
-Танд төрж буй мэдрэмж, хувь хүний итгэл үнэмшлийн үүднээс та үнэхээр шинэ Засгийн газрыг сайн ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байгаа юу. Нөгөө талаас эрх баригч нам бүлэг дээрээ хагарчихаар шинэ Засгийн газарт сайн ажиллах боломж бүрдэх үү?
-Ямар ч асуудалгүй. Шинэ Засгийн газар сайн ажиллана гэж бодож байна. Гол нь бүлэг дотроо ярьж байж, долоо хэмжиж, нэг огтолвоос мэргэжлийн Засгийн газар жинхэнэ утгаараа байгуулагдаж чадна гэж бодож байгаа. Бидэнд муур, хуулгана болж тоглох шаардлага байхгүй. 2020 онд бид ард түмнээрээ дүнгээ тавиулна. Нэг л завин дээр сууж байгаа. Хэдий тийм ч болохгүй байгаа зүйлийг бид дор нь цаг алдалгүй шийдэж сурах учиртай. Ингэж байж бид урагшилна.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэлийг бүлэгтээ өгсөн. Энэ тохиолдолд чуулган дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн гишүүдтэй нам хариуцлага тооцно гэвэл та хэрхэх вэ?
-Нөхцөл байдал ингэж эргэлээ гэж бодъё. Бид намаас хөөгдөх, хариуцлага тооцогдох яах вэ. Би ярианыхаа төгсгөлд ганцхан л зүйлийг хэлье. Гол нь Монгол Улс хожих ёстой. Монголын ард түмэн хожих учиртай. Үүний төлөө л бид төр засгийг өөрчилье, хариуцлагатай байцгаая гэж яриад явж байна. Чаддаг хүмүүсийнхээ эрдэм чадлыг төр одоо маш сайн ашиглах хэрэгтэй байна.
Ж.Мядагбадам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ