Ч.Гантулга: Энэ ганц Ц.Сандуй гэдэг хүний асуудал биш
НИТХ-ын төлөөлөгч, эрх зүйч, улс төр судлаач Ч.Гантулгатай ярилцлаа. Тэрээр НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчдийн нэг юм.
-НИЙСЛЭЛ ДЭЭР НАМЫНХАА ГЕНСЕКТЭЙ НИЙЛЭЭД ШИНЭ БҮЛЭГЛЭЛ
ҮҮСГЭЧИХСЭН ЮМ АЛГА-
-НИТХ дахь танай намын бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барилаа. Ер нь энэ гарын үсэг цуглуулах үйл явц хэдийд эхэлсэн юм бэ?
-Гарын үсэг зурах үйл ажиллагаа нэлээд эрт эхэлсэн гэж болно. Үүнийг бүлгийн гишүүд бүгд мэдэж байсан. Учир нь, бид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үр дүнгээ хэлэлцэх ёстой. Харамсалтай нь сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч НИТХ тэр дундаа МАН-ын бүлэг асуудлаа ярьсангүй. Бүлгийн гишүүний хувьд бүлгийнхээ даргад хандан, сонгуулийн үр дүнгийн асуудлаар хуралдах санал тавьсан. Гэвч хуралдаанаа хийсэнгүй. Бидний зүгээс гурав хоногийн өмнө ч энэ шаардлагаа дахин тавьж, хэлж ярьсан. Уг нь том утгаараа энэ ганц Ц.Сандуй гэдэг хүний асуудал биш. МАН 2016 оны сонгуулийн үр дүнд УИХ болон НИТХ дээр олонхи болсон. Олонхийг аваад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах учиртай. Гэтэл мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэл тун тааруу байна. Тэгэхээр НИТХ-ыг даргалж байгаа хүн өөрөө гишүүдээ хэрхэн удирдах вэ, дотоод эв нэгдлээ яаж хангах вэ зэрэг чадамжийн асуудал үүсч байгаа юм. Бүлэг хуралдахгүй байна. Асуудлуудаа дотооддоо шийдэж чадахгүй байна. Ийм болохоор цаашдаа энэ албан тушаалыг хашаад явах чадамжгүй юм байна гэдэг дээр санал нэгдэж, гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн юм.
-Гарын үсэг зурах явцыг Ц.Сандуй өөрөө мэдэж байсан болов уу. Энэ хугацаанд та бүхэнтэй уулзаж, тодорхой тохироонд хүрэх санал тавиагүй юу?
-Уулзаагүй, тийм санал ч тавиагүй.
-Огцруулах үндэслэлд 60 тэрбумын асуудал голчлон нөлөөллөө гэж ойлгогдсон?
-Мэдээж огцруулах үндэслэлд хэд хэдэн шалтгаан нөхцөл байгаа. Дээр ч би дурдлаа. Үүн дээр нэмэгдээд, мэдээж 60 тэрбумын асуудал. Энэ асуудал жил хагасын өмнө яригдаж л байсан. Гол нь, бидний дунд эргэлзээ байх ёсгүй. Үнэн юм уу, худал юм уу гэдгээ л гаргаад ирэх ёстой. Эвлүүлэг юм уу, үнэхээр ярьчихсан хэдий бодит байдал дээр биелсэн эсэх зэргээ тодорхой болгоод, хэлж ярих учиртай. Ямар ч тайлбар, шийдэл байхгүй учраас миний дотор ч гэсэн маш их эргэлзээ байна. Би нийслэлийн олон мянган иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа хүнийхээ хувьд нийгэмд ийм эргэлзээ байх ёсгүй гэсэн л байр суурьтай байгаа юм. Дээр нь, НИТХ-ын хэвийн ажиллагааг хангаж явах хэрэгтэй байна. Нам дотроо хэд хуваагдчихаад ажлаа цалгардуулаад байж болохгүй. Нэг тийш нь асуудлаа шийдээд, бид цаашаа явах хэрэгтэй байна.
-Огцруулах бичгийг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны дараа өргөн барьсан нь ямар учиртай юм бэ. Магадгүй өмнө нь өргөн барих боломжтой байсан?
-Бид гарын үсэг зуруулах явцдаа шөнө дөлөөр уулзаж, хэн нэгнээс нуусан байдалтай үйл ажиллагаа явуулаагүй. Бүгд л мэдэж байсан. Улс төрийн үзэл баримтлалын хүрээнд зөв буруугаа яриад явсан. Тодорхой хугацаанд харлаа, хүлээлээ. Арай өөр шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлт ч байсан. Гэтэл Удирдах зөвлөлийн хуралдаанаар хариуцлагын асуудлууд яригдсангүй. Ганц Ц.Сандуйгийнх ч биш. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд дунд ч хариуцлага ярих ёстой хүмүүс зөндөө байгаа. Ийм асуудлууд дээр зарчмын шийдлээ нам гаргахгүй байна. Нөгөө улс төрийн зарчмууд, хариуцлага тооцох систем нь хаана байна. Удирдах зөвлөлөөс хэн нэгэнтэй хариуцлага тооцохгүй гээд шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр бид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, өргөх бичгээ барьсан гэж ойлгож болно.
-Танай бүлэг 34-үүлээ. Эндээс МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тэргүүтэй 16 төлөөлөгч огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Тэгэхээр бүлэг дотроо үзэл бодлоороо хуваагдсангэж ойлгогдож байна?
-Яах вэ, улс төр өөрөө баг бүлгээрээ олонхио дагуулж явдаг. Гол нь, энэ баг бүлэг өөрөө зөв бүрэлдэхүүнтэй, зөв хүмүүс байна уу? Хэлж ярьж, хийж буй үйлдэл нь шударга үнэний төлөө байна уу гэдэгт л ялгаа байгаа юм. Би 2008 онд МАН-д элсэж, тодорхой байдлаар намын ажлыг хийж ирлээ. Нам доторхи бүлэг, фракциа гадарлана. Гэхдээ миний хувьд аль нэг фракци бүлэглэлд хамаардаггүй. Харин энэ удаа зарим журмын анд нартайгаа нэгдэж, үүссэн нөхцөл байдлыг багаараа нийлж шийдэх зарчим барьж ажиллаж байгаа. Түүнээс биш нийслэл дээр намынхаа генсектэй нийлээд шинэ бүлэглэл үүсгэсэн юм байхгүй.
-МАНАЙ АХ Ч.ГАНХУЯГ “ЧИ ИНГЭЭЧ, ТЭГЭЭЧ” ГЭСЭН ЗҮЙЛ ЯРИАГҮЙ-
-Нөгөө талаараа та МАН-д шинэчлэл хийе гэсэн уриалгыг анх гаргасан Ч.Ганхуягийн дүү. Ц.Сандуйг огцруулах асуудалд та бүхэнд чиглэл өгч, дээрээс нь хэн нэгэн нөлөөлсөн байх магадлалтай?
-Тийм чиглэл өгсөн асуудал огтхон ч байхгүй. Сонгуулийн дараа бид Баянзүрх дүүргийн залуустайгаа уулзсан. Уулзахдаа “Энэ намд өөрчлөлт хийх ёстой юм байна” гэдгээ шууд хэлж байсан. Өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх замаар намын шинэчлэлийн асуудлыг ярих боломж байгааг харсан. Залуус маань ч дэмжиж, би өөрөө улс төр судлаач хүнийхээ хувьд хэд хэдэн нийтлэл ч бичсэн байгаа. Ярьж, дуугарч өнөөдрийг хүрлээ. Түүнээс биш намын хэн нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Ялангуяа манай ах Ч.Ганхуяг “Чи ингээч, тэгээч” гэсэн зүйл яриагүй. Бид хоёр хоёулаа энэ намын гишүүн. Намын шинэчлэлийн асуудалд ижил байр суурьтай байгаа. Бусад нөхдүүдийн маань хувьд гэвэл бид нэгдэж чадсан. Зөв зүйлийн араас явах цаг нь болчихсон юм байна гэдэг саналаа нэгтгэж, илэрхийлээд явж байна.
-Гарын үсэг зураагүй нөхдүүд тань энэ үйл явцыг хэрхэн хүлээж авсан бэ? Магадгүй тодорхой байдлаар эмээлт, айдас байсныг үгүйсгэх аргагүй?
-Олон жил явж ирсэн улс төрийн намын эргэлт, хугарлын үе нь одоо таарч байна. Нийгэм, намуудын хөгжлийн хувьд ч тэр. Сонгуульд оролцож буй байдал, Үндсэн хууль гэхчилэн бид асар том эргэлтийн ирмэгт ирчихсэн. Тэгэхээр улс төрд яваа хүн өөрөө алхам бүртээ сонголтоо хийж явах шаардлагатай тулгарч байна. Бид энэ жишгээр сонголтоо хийгээд явж байгаа юм. Нөхдүүд маань мэдээж биднийг тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Гэхдээ хүн бүрийн эр зориг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах байдал нь өөр өөр юм. Цаашдаа биднийг дэмжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Зарим байхгүй ч байна. Тодорхой шалтгаан нөхцлүүд бас байгаа.
-Огцруулах саналыг эхлээд бүлгээрээ хэлэлцэх үү?
-Эхлээд бүлгээрээ энэ асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын товыг зарлах учиртай. Энэ хурлаараа бид чөлөөт санал хураалтаар асуудлыг шийдэх ёстой.
-Та бүхний зүгээс НИТХ дахь АН-ын бүлэгтэй энэ асуудлаар санал солилцсон уу?
-2016 оны улс төрийн сонгуулиас хойш НИТХ нийтдээ 10 удаагийн чуулган хийлээ. Нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын асуудал, хууль, дүрэм журмуудыг хамтдаа хэлэлцэж, саналбодлоо солилцож ирлээ. Чадамжийн хувьд маш сайн залуучууд сонгогджээ гэж ойлгогдсон. Зарчмын ийм асуудал дээр бүлгээрээ шийдвэрээ гаргана байх. Гэхдээ бидний энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Сүүлийн асуулт. Та өнөөгийн НИТХ, Нийслэлийг удирдаж байгаа багийн чадамжийг хэрхэн харж байна вэ? Өмнөх даргын үед хийгддэг байсан шинэчлэл, зоримог шийдлүүд одоо харагдахаа больж, зогсонги байдал руу шилжчихээд байна?
-Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. МАН олонхи болсон. Жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ажлууд хийгдээгүй биш хийгдэж байна. Өмнөх засгийн газрын үед нийслэл дээр нэлээд хугацаанд зогсчихсон байсан ажлуудыг шинэчилж, шийдлүүдийг зоригтойгоор хайсан. Нийслэл өнгө төрхөө ч зассан. Үүнийг үгүйсгэж болохгүй. Одоо иргэд юу хүсч байна гэхээр, үүнээс илүү зүйл биднээс шаардаж байна. Илүү зүйл хийж чадаагүй явж байж ч магадгүй. Эхний жил бид томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтуудыг эхлүүллээ. Хоёр, гурав дахь жилдээ үр дүнгээ өгнө, бид ч шахаад явах хэрэгтэй байна. Өнөөдөр шинэчлэл гэж яриад явж байгаа хүний хувьд хэлэхэд ядаж хурлын төлөөлөгч нарыг ажиллах боломжоор хангах хэрэгтэй байна. Дуу хоолойгоо гаргаж, түүгээрээ шийдвэр гаргахад нөлөөлөх боломжийг хангах талаас нь бас энэ шинэчлэлийг ярьж байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ