Нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ
Оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь Монгол Улсын нийт экспорт өсөхөд голлон нөлөөлсөн талаар ҮСХ мэдээллээ. Нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсний 97 хувийг БНХАУ руу гаргажээ. Биет хэмжээ нь 90 орчим хувиар нэмэгдэж, 20.8 сая тонн болсон байна.
Монголын нүүрсний экспорт огцом өсөхөд БНХАУ-ын нүүрсний зах зээл сэргэсэн, мөн Хойд Солонгосын нүүрсний худалдаанд хориг тавьсан нь нөлөөлсөн. БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр эхний хагас жилд хориг тавьсны дараа Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар өссөн. Гол компаниудын тухайд, Гашуунсухайт-Ганц модны боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа компаниуд голлон экспорт хийж байгааг боомтын захиргаа мэдээлсэн.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортолсон. “Mongolian Mining Corporation”-ы хувьд өнгөрсөн оны эхний хагас жилд 61.7 сая долларын алдагдалтай ажилласан бол энэ жил 250-375 сая долларын ашиг олох төлөвтэй байгаа талаар мэдээлсэн.
Орон нутгийн “Таван Толгой” ХК хагас жилд 255 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос нь 44 хувиар давсан. Цэвэр ашиг нь 57.2 тэрбум төгрөг болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ