Инновацийг бодлогоор хөгжүүлье!
Монгол Улсад инноваци хэрэгжиж, эдийн засгийн салбарт тодорхой нөлөөлөл үзүүлж чадаж байна уу? Энэ асуултад мэргэжилтнүүд “үгүй” гэж хариулж байна. Учир нь үндэсний хэмжээний томоохон лаборатори, боловсон хүчин, шинжлэх ухааны нээлтүүдэд төрөөс өгдөг төсөв, мөнгө нь дутмаг болохоор тэр.
Гэтэл бидэнтэй зэрэг гараанаас эхэлсэн Казахстан, Польш, Украйн зэрэг улсуудад инноваци нь эдийн засгийн бодит хүчин зүйл болсон төдийгүй дэлхийн бусад улсуудтай инновацийн технологи, мэргэжилтнүүдийг солилцдог болсоор уджээ.
Бидэнд боломж маш их бий
Уг нь инновацийн талаар төрөөс нэгдсэн бодлого боловсруулж, системтэйгээр хөгжүүлбэл боломж бий. Гэхдээ одоогийн нөхцөлд боломж нь алга байна. Учир нь төрийн бодлого, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж хангалтгүй болохоор тэр. Одоо болтол шийдвэр гаргах төвшинд ч, олон нийтэд ч инновацийн ойлголт дутмаг байгаагаас хөгжил нь удаан байгаа гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Шинэ санаа гаргаад түүнийгээ зах зээлд нэвтрүүлэх сонирхолтой хүмүүс маш олон байдаг. Гэтэл манайд шинэ санаа, шинэ бүтээлийг зах зээлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн нөхцөл байдаггүй.
Манай улсад Оюуны өмчийн газар гэх байгууллага байдаг ч инноваци болоод оюуны өмчийн бүтээлийг зөвхөн бүртгэх үүрэг хүлээдэг байгууллага билээ. Одоогоор эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хийсэн дорвитой зүйлс алга. “Мэдлэгт суурилсан эдийн засгийн талаар дээр, дооргүй л ярих болсон. Гэтэл үүнийг амьдрал хэрэгжүүлэх бодит нөхцөл боломж нь одоогоор алга. Жишээлбэл, манай байгууллагын чиг шугам л гэхэд социализмын үеийнх шигээ л байгаа шүү дээ. Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар эрх мэдлийг нь манай байгууллагад олгох хэрэгтэй” гэж Оюуны өмчийн газрын мэргэжилтэн ярьлаа.
Гадаад зах зээлд инноваци бүрэн хөгжсөн
Мэдлэгт суурилсан эдийн засаг. Энэ нэршил сүүлийн арав гаруй жилийн турш дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог болжээ. Угтаа шинэ бүтээмжийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүгээрээ мөнгө олон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг олох гэж тайлбарлаж байна. Биднээс яг ижилхэн гараанаас эхэлсэн Казахстан, Украйн, Польш зэрэг улсуудын мэдлэгт суурилсан эдийн засгийн үнэлгээ 60 гаруй хувьтай гарчээ. Украйн улс гэхэд шинэ бүтээмжийг зах зээлд нэвтрүүлсэн залуу эрдэмтэн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгодог бөгөөд татвараас нь хүртэл чөлөөлдөг аж. Польш улс шинэ санаа, шийдэл бүтээсэн хүнд ажлын байраар хангадаг. Мөн үүнээс нь олсон ашиг бүрээс тухайн хүнд хувийг нь өгч, Инновацийн үндэсний санд төвлөрүүлдэг учиртай.
Уул уурхайн салбараас олох ашгаасаа Чили улс гэхэд л Инновацийн үндэсний санд 10 гаруй хувийг төвлөрүүлж, инновацийн салбарт улсын төсвөөс 40 гаруй хувийг оруулдаг аж. Энэ утгаараа Чили улс бүс нутагтаа тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэг болжээ.
Энэ мэтчилэн бидэнд асуудал их. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд манай орон сүүлийн байранд бичигдсээр байгаа. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдлэгт суурилсан эдийн засаг болоод инновацийг хөгжүүлж чадахгүй байна. Мөн инновацийг хөгжүүлэх талаар тодорхой бодлого үгүйлэгдэж байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ