Бүсгүйг гэртээ арав хоног хорьсон этгээдийг эрэн сурвалжилж байна

-ХЭРЭГТЭНТЭЙ ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦАЖ, УЛМААР ХОХИРОГЧ БОЛЖЭЭ-

Энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулжээ.

Хэргийг тодруулбал, арав хоногийн өмнө буюу энэ сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О Тэрэлж рүү авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл бий юм. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ.

Хохирогч М нь энэ сарын 9-ний өдөр нэгэн иргэнээс фэйсбүүкээр “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүссэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй аж.

Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газраас нотлох баримтуудыг авч хэргийн хохирогчоос тайлбар мэдүүлэг авч, гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Энэ хэргийн талаар тус дүүргийн Эрүүгийн төлөөлөгч н.Мөнхболдоос тодрууллаа. Тэрээр “Хэргийн газарт холбогдох ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг авсан. Харин одоогоор хэрэгтэнг бариагүй байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариу өглөө.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, холбогдох дүүргийн цагдаа нар хэргийн газар ажиллагаа явуулсан нь үнэн. Харин одоогоор ямар гэмт хэргийн чанартай үйлдэл явагдсаныг тогтооохоор ажиллаж байна гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн хохирогч эмэгтэй фэйсбүүкээр нэгэн ахад “Надад туслаарай, намайг энэ хүн хүчиндэж, гэртээ хориод байна. Намайг хэвтэрт ортол зодсон” гэж нэг хоногийн өмнө хэлжээ. Маргааш өдөр нь “Тэр хүн одоо гэртээ байхгүй байна. Хүнтэй утсаар энэ хүүхнийг алах хэрэгтэй юм байна гээд гараад явсан. Ирээд намайг алах байх цагдаад хэлээд өгөөч” хэмээн хүсчээ. Сэжигтэн 43 настай О нь 2010 онд хүчингийн хэргээр ял эдэлж байсан. Мөн 2014 онд давтан хүчингийн хэргээр ял эдэлж байгаад улмаар 2015 онд өршөөлийн хуулиар суллагдаж байсан аж.

Мэдээллийг авсан иргэн хэргийн талаархи мэдээллийг нэг хоногийн өмнө буюу энэ сарын 9-ний өдөр өгсөн бөгөөд цагдаагийнхан 10-ны өдрийн 15 цагийн үед хэргийн газарт очсон байна. Хэрэг үйлдсэн гэх 43 настай О-г цагдаа нар баривчлах ажиллагаа явуулж, отолт хийсэн боловч сэжигтэн эргэн ирээгүй аж.

Биднийг хэргийн газар очиход цагдаагийнхан байсангүй, хэрэг үйлдэгдсэн гэх айл эзэнгүй байв.

Цагдаагийн байгууллагаас эмэгтэйг мэдүүлэг өгөөд, гэртээ харьсан гэсэн мэдээлэл өглөө. Сэжигтэнг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

У.УРАНЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ