МАН-ын 25 гишүүн ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зуржээ

Сүүлийн үед МАН-д өрнөж буй сөргөлдөөн ирэх долоо хоногоос улам ширүүсэх бололтой. МАН-ын Их хурлыг угтсан олон үйл явдал болж байгаагийн нэг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн явдал юм. Уржигдар /2017.8.9/ УИХ-ын 18 гишүүн уг саналд гарын үсэг зураад байсан бол өчигдөр долоон гишүүн нэмэгдээд 25 хүний гарын үсэг цугласан байна. Өнөөдөр болон ирэх даваа гаригт хөдөө орон нутаг, гадаадад яваа нэр бүхий хэд хэдэн гишүүн ирж гарын үсэг зурахаа мэдэгджээ. Ингээд 30 орчим гишүүн болох юм байна. Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барих эрхтэй. Гэтэл эндээс үзэхэд МАН-ын 30 орчим гишүүн ийм санал өргөн барина гэдэг Засгийн газраа шууд огцруулах хэмжээнд очиж байгаа юм. Дээрээс нь бие даагчид, АН, МАХН-ын гишүүд нэмэгдвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар тэсч үлдэх бололцоогүй болно гэсэн үг. МАН-ын гишүүд ийн Засгийн газар руугаа “довтлох” болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Сүүлийн үед намын толгойд байгаа бүлэглэл өрнөж буй зарим үйл явдалд фракцын эрх ашгийг хамгаалахаар илтэд хууль хүчний байгууллагыг ашиглаж байгаа. Мөн ирэх 2020 оны сонгуульд намаа амлалт өгөх эрхгүй болгосон. Ийм Засгийн газартай сонгуульд орох боломжгүй гэж үзэцгээсэн байна.

П.Мандах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ