З.Санждорж: Шашныхаа нэр хүндийг бодоод их олон жил тэвчсэн
Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зодуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Өнөөдөр тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, тус дуулианы талаар тайлбар хийлээ. Тэрбээр ярихдаа “Даншиг наадам эртнээсээ уламжлалтай бурхан шашны маш чухал соёлын өв гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Гурван жилийн өмнө болсон наадамд манай Их Хүрээ хийдийн 50 гаруй лам бүх үйл ажиллагаа нь оролцож иргэдэд 300 литр айраг үнэ төлбөргүй тарааж байсан. Өнгөрсөн жилийн Даншиг наадамд дотоод ажлаас болж оролцож чадаагүй. Харин энэ жилийн наадамд оролцохоор Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс "хөтөлбөр авъя" гэхэд хуврага Б.Бүрнээ нудрагын хариу өглөө. Бид нарын энэ асуудлаас болж бурхан шашны нэр хүнд ард иргэдийн дунд их унаж байгаа. Даншиг наадамд оролцох хүсэлтэй олон сайхан лам нар байгаа. Надтай адилхан дарамтанд орсон юм уу, зохион байгуулалт муутайгаас болсон уу 1000 ламаас 900 лам оролцож чадсангүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ үйл явдлаас болж бурханы шашины төлөө явж байгаа бусад лам нарын нэрийг хөөдөж байгаад харамсаж байна” гэв. Ингээд бид түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.
-Тэр өдөр яг юу болов, тодорхой ярьж болох уу?
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон. Маргааш Даншиг наадам болох гээд байдаг хөтөлбөр ирдэггүй. Дөнгөж гандангийн хаалгаар ороод Да лам н.Бямбажав дээр ороод “Сайн байна уу, Даншиг болох гэж байна. Яагаад хөтөлбөр өгөхгүй байгаа юм бэ. Ерөнхий хөтөлбөрийг нь интернетээс уншлаа. Лам нарт зориулсан хөтөлбөрийг авъя” гэтэл “Та нарт өгөхгүй. Танай хийдэд ийм боломж байхгүй. Тэр Б.Бүрнээтэйгээ уулз” гэсэн. Тэгэхээр нь “Б.Бүрнээ бид хоёр уулзвал зөрчилдөнө, уулзмааргүй байна” гэдгээ хэлсэн. Гадаа гарсан чинь манай хорооны /30 дугаар хороо/ цагдаа н.Очирбатад наадмын хөтөлбөр гээд өнгөтөөр хэвлэсэн цаас өгсөн. Тэгэхээр нь би нөгөөдөхийг нь цуг уншилцаад зогсож байтал гаднаас гэнэтхэн Б.Бүрнээ лам орж ирээд “тас” гээд л явчихсан. Миний хөөргийг авч шидсэн, орхимжийг хумиж аваад шидсэн, малгайг минь хог шиг шидсэн. Ийм л юм болсон. Бүх зүйл камерт бичигдсэн байгаа. Шүүх цагдаагийн байгууллага үнэнийг тогтоох байхаа.
-Б.Бүрнээ лам та хоёрын дунд өмнө хэд хэдэн удаа асуудал үүсэж байсан гэсэн. Яг юунаас болж ингэж маргалдаад байдаг юм бэ?
-Шашныхаа нэр хүндийг бодоод их олон жил тэвчсэн. “Хамба хүн зодоод, зодуулаад” байна гээд өдөр болгон хэвлэл мэдээллийн байгууллагаар яваад байж болохгүй биз дээ. 2010 онд бид хоёр харилцан тохиролцож Чой хамбын дэргэд гарын үсэг зурж байсан. 2008 онд манай төв шинээр байгуулагдаж байх үеэс эхэлсэн юм. Түүнээс хойш үе үе ийм асуудал үүсдэг байсан.
-Яагаад танай төвийг Даншиг наадамд оролцуулахгүй гэсэн юм бол?
-Ямар нэгэн газраас эд нарт хов жив ирсэн юм болов уу. Бүү мэд. Өөрсдөөс нь л асуувал хариулах байх.
-Хоёр хүний хоорондын асуудлаас болж шарын шашны соёл, зан заншил, уламжлалыг ингэж уландаа гишгэж боломгүй санагдах юм?
-Б.Бүрнээ бол хамбыг дагаад амьдрах гэж яваа лам шүү дээ. Цаана нь удирдагч байгаа. Түүнийг очоод зод гэвэл очоод зоддог. Б.Бүрнээг би өрөвдөөд байгаа юм. Өөрийн толгойгүй хүн болчихоод байна.
М.ЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ