Жолоочийн хоолойг суудлын бүсээр нь боож, цаасны хутгаар гэмтээжээ

-ТЭР АХ “ТӨМРӨӨС ҮНЭТЭЙ ХҮНИЙ АМЬ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ,
МИНИЙ ДҮҮ” ГЭЭД ЯВСАН-

Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч тухайн үедхэрэг бишдэх гэж байгааг анзаарч, зам дагуу цагаан өнгийн “Приус-20” маркийн машин бараадан зогссон аж.

Гэтэл зогссон даруйд тухайн машины арын суудалд сууж байсан гурван залуу таксины жолоочийн хоолойг суудлын бүсээр боож, хоёр гарыг нь араас нь татах үеэрээ баруун гарыг нь цаасны хутгаар олон удаа зүсчээ. Таксины жолооч тухайн үед суудлаа буулгаж, хоолойгоо чөлөөлөх гэж оролдон, хазаа гишгиж, урд талд зогсож байсан цагаан өнгийн “Приус-20” мөргөж тусламж дуудсан байна.

“Приус-20” дотроос жолооч нь гарч ирж, сэжигтэн гурван залуугийн нэгийг нь барьж авч жолоочийг аварчээ. Сэжигтэн гурван залуугийн хоёр нь машины хоёр хаалгаар зугтаж, дунд нь сууж байсан сэжигтэн ийн баригдсан байна. Хохирогч болох таксины жолоочЗ нь тухайн тусалсан жолоочтой хамт цагдаа нарт гэмт хэрэгтэнг хүлээлгэж өгчээ.

Хэргийн талаар таксины жолооч, хохирогч З-оос тодрууллаа.

-Юу болсон талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Тэр хэрэг гардаг өдөр 24-25 насны гурван залуу гар өргөөд зогсож байхыг нь хараад машиндаа суулгасан. Гэтэл тухайн залуус согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хаашаа явах вэ гэхэд чигээрээ явж бай гэсээр гэр хороолол руу хүнгүй газарт ирсэн. Толиндоо хартал хоорондоо үгээ тонгороогоод яриад, сэжигтэй байсан. Явж байгаад ингэсгээд зогсоорой гэхээр нь би хүнгүй газар гэхээсээ илүү хүн бараадаж цагаан өнгийн машин дөхөөд зогссон. Гэтэл суудлын бүсээр хоолой боож, хойноос хоёр гарыг маань хоёр талаас татаад, суудлын ард авчирсан юм. Гэтэл нэг нь цаасны хутгаар гарын бугуйг хэд хэдэн удаа зүссэн. Би тухайн үед хаазаа гишгиж, урд байсан машиныг мөргөөд “Хүн байна уу, туслаарай” гэж орилсон. Тэгтэл урд цагаан машинаас нэг ах гарч ирээд, нэгийг нь барьж аваад, миний амийг аварсан. Урд машинаас хүн гарч ирэх үед хаалганы хажууд сууж байсан хоёр нь гараад зугтчихсан. Харин голд нь сууж байсан хүнийг нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа.

-Цагдаад өргөдлөө өгсөн үү. Зугтсан хоёр сэжигтэнг барьсан болов уу?

-Ямар ч байсан гомдолоо бичиж өгсөн байгаа. Хэрэг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа. Хамгийн гол хоёр хүн буюу миний гарыг цаасны хутгаар зүссэн залууг бариагүй байгаа гэсэн. Тухайн өдөр баригдсан залуу одоогоор хоригдож байгаа. Хэдхэн хоногийн өмнө байцаагч дуудаад “Та гомдолгүй гэвэл энэ хэргийг хаалаа гэж байсан. Тэгэхээр нь би яалаа гэж дээ гомдолтой байлгүй яах вэ. Өөрийн машинаа ч янзлуулна. Мөн гараа ч эмчлүүлж хэрэгтэнг барих хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн.

-Өөрийн чинь амийг аварсан гэх машины жолооч ямархуу хүн байсан бэ?

-Тэр хүн байгаагүй бол би амиа алдах байлаа. Тухайн өдөр машины жолооч ах гүйж гарч ирээд хэрэгтэнг барьсан. Би хоолой боомогц хаазаа гишгээд, тэр ахын машиныг нь хойноос нь мөргөчихсөн. Би тухайн үед их айж, сандарсан байсан. Би “Ах аа, яана аатаны машиныг янзлуулах уу, уучлаарай” гэсэн чинь тэр ах “Миний дүү хүний аминаас үнэтэй төмөр гэж байдаггүй юм, зүгээр ээ” гээд л яваад өгсөн. Би нэрийг нь ч асууж амжаагүй. Ахимаг насны, цагаан өнгийн “Приус 20”-той ах байсан. Тэр ахыг олж баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна. Бас машиныг нь засаж өгмөөр байна.

-Тэр хүний машин хэр их эвдрэл авсан юм бэ?

-Тэр ахын машины хойд талын хэсэг хэд хэдэн газраа хойнхойсон байсан. Мөн гэрэл нь хагарсан байсан. Би тэр хүнийг олж гэртээ урьж баярласнаа илэрхийлэн машиныг засаж өгөх гээд хайж байгаа юм.Удахгүй олдох байх аа. Харин миний машины урд хэсгийн купер болон копуд хонхойсон байгаа. Одоогийн байдлаар ямар ч байсан машинаа янзлуулж хэрэгтнүүдээс хохирлоо барагдуулж авах бодолтой байна.

-Тухайн гэмт хэрэгтнүүд ямар зорилгоор таныг ингэж гэмтээсэн юм бол?

-Миний бодлоор машин авах гэж байсан байх. Хоорондоо үгээ тонгоруулаад харилцаад байсан. Баригдсан хүн нь цагдаад мэдүүлэг өгөхдөө “Согтуу байсан, уучлаарай” гэж хэлсэн байсан. Ямар ч байсан гол хэрэгтнийг барьж, миний амийг аварсан ахыг олж машиныг нь янзалж баярлалаа гэж хэлмээр байна. Мөн өөрийн хохирлоо барагдуулмаар байна. Тухайн хэрэг гардаг өдөр би бас гар утсаа алдчихсан юм. Би өдөр нь ажлаа хийгээд, оройн цагаар халтуур хийж эхнэр, хүүхдээ тэжээдэг, энгийн л нэг залуу. Гэхдээ би тэр миний амийг аварсан ахад заавал баярласнаа уулзаж хэлнэ. Тэр ах манай гэр бүлийг бүтэн үлдээлээ шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ