Ц.Сувд-Эрдэнэ: Би хүүхдээр бизнес хийхийг хэзээ ч өөгшүүлж чадахгүй
“Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлэл цацсанаар иргэдийн дунд эргэлзээ үүсээд буй юм.
Ц.Сувд-Эрдэнэ энэхүү аяныг зогсоож буй шалтгаанаа “М.Сарнай эгчийг дүүргийн Хүүхэд хөгжлийн төв дээр очиж шалгуулсан. Харин тус төвөөс М.Сарнайтай холбоотой маш олон гомдол ирсэн тул судалгааны баг байгуулж судалгаа хийсэн байна. Ингэхэд М.Сарнайгийн гэрт анх очиход байсан 11 хүүхдээс одоо зөвхөн хоёр л хүүхэд нь байдаг гэх бөгөөд эднийд ирдэг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн гэх. Мөн түүнийг хүүхдүүдийг хогийн цэг дээрээс авч ирэн асардаг, заримыг нь тэндээс олж авч өргөж авсан гэх боловч хүүхдүүдийн эцэг эхэд “Танайхыг гэртэй болгож өгнө, хүүхдээ өг, хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй” хэмээн дарамталдаг зэргээр бичжээ.
Иймд Сарнайг эцэг эхтэй хүүхдүүдийг өөрөө өсгөж буй мэтээр ойлгуулж, мөнгө эд хөрөнгө цугларсныг өөрийн хувьд ашиглаж, архи дарс ууж, өгсөн эд материалыг нь машинаар зөөдөг, гэр бүлийнхээ ээж, эгч, дүү нар руу явуулж, айл хотлоор явж хүүхдүүдийг нь гуйж гэртээ байлгадаг зэргийг нь баримт материалуудаар баталгаажуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хандан, гомдол гаргасан гэлээ.
Нэг үгээр хэлбэл, Ц.Сувд-Эрдэнэ энэхүү аяныг зогсоож буй шалтгаан нь цаашид М.Сарнайг асрамжийн төвийг авч явах чадваргүй, итгэж болохооргүй гэж үзсэнтэй холбоотой бололтой. Бид олны дунд эргэлзээ төрүүлээд буй энэ асуудлаар С.Дэлгэр, М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ нартай уулзаж тодрууллаа.
С.ДЭЛГЭР: “ИТГЭЛ СЭТГЭЛИЙН ГҮҮР” САНГИЙН ДАНСНААС ЭНЭ ХАНДИВЫН АЯНЫГ ТУСДАА БАЙЛГАЯ ГЭСЭН-
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр М.Сарнайн төрсөн өдрөөр “Нэг хүн-нэг тоосго” аяны анхны хандивын хайрцгийг аялуулж, манай найзууд миний төрсөн өдрөөр өгөх гэж байсан бэлгээ тэр хайрцган дотор хийгээд аян маань эхэлж байсан юм. Үүний маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-ны ням гаригт Голомт банкинд анхны дансаа нээж байсан. Удахгүй Хаан банк, Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэсэн. Энэ дансыг С.Дэлгэр гэдэг хүн М.Сарнайтай хамтран эзэмшдэг. Тэр өдрөөс хойш долоо хоногт 2-3 удаа М.Сарнайтай уулзаж, царайг нь харж, гэрт нь очиж байлаа. Ингээд “Танайд хоноё” нэвтрүүлэг гарч М.Сарнайг Монголын ард түмэн мэддэг болсноор хандив эрчтэй үргэлжилсэн. Та бүхэнд харуулсан банкны хуулга дээр нэг ч зарлага байхгүй, дандаа орлого байгаа. Хүмүүсийн хайрцгаар цуглуулсан, мобайлаар шилжүүлсэн мөнгөнүүд нэг бүрчлэн энэ хуулга дээр бий. Энэ дансаар 44 сая 764 мянган төгрөг орж ирсэн, үүнээс 1 сая 771 мянган төгрөгийг зарлагадсан. Үүний 940 мянган төгрөгөөр байгууллагуудаар аялдаг 40 хандивын хайрцаг хийлгэсэн. Мөн М.Сарнайг нүүлгэх зардал багтсан. Энэ бүгдийг зарласан. Ингээд одоо дансанд 43 сая төгрөг үлдэж байна.
Шинээр данс нээсэн учир нь “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансаар маш олон хандив цуглаж, аян өрнөдөг учраас энэ аяны дансыг тусдаа болгоё гэсэн юм. Тиймээс “Итгэл сэтгэлийн гүүр сан”-гийн дансаар орж ирсэн мөнгөнүүдээ төвлөрч байгаа Хаан банкны данс руу хийгээрэй гэдгийг энэ аян эхэлсэн цагаас эхлэн би Сувдаад хэлсэн. Сувдаа тэгье гэсэн. Гэтэл гурван сарын турш, өнөөдрийг хүртэл Сувдаа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансаар Сарнай хүүхдийн төв байгуулахад зориулагдан орж ирсэн мөнгийг хийгээгүй яваа.
Дэлгэр, Сарнай нарын хамтарсан дансны хуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү
М.САРНАЙ: МАРГААШ ДАНС ТООЦООГОО ТУЛГАЯ ГЭТЭЛ ӨМНӨХ ОРОЙ НЬ ИЙМ ЗҮЙЛ БИЧСЭН-
“Нэг хүн-нэг тоосго” аян үргэлжилж байгаа. Асрамжийн төв байгуулах газрын газар тэгшлэх ажил эхэлсэн байна. Маргааны хувьд угаасаа мөнгөний асуудлаас болж муудалцсан. “Нэг хүн-нэг тоосго” аяны маань тодорхой хэмжээний мөнгө Ц.Сувд-Эрдэнийн маань данс руу орсон. Мөн С.Дэлгэр эгч бид хоёр хамтран эзэмшдэг данс нээлгэсэн. Тэр олон жаахан хүүхдүүдийн хажуугаар би дандаа хот руу орж ирээд хүмүүсээс мөнгө аваад байж чадахгүй байсан болохоор энэ дансыг нээлгэхдээ С.Дэлгэр эгчийг надтай хамтран эзэмшээч ээ гэж хэлсэн. Үүнээс болоод Ц.Сувд-Эрдэнэ ийм асуудал гаргасан. Намайг шагнал авсан өдрөөс эхлээд л, дөнгөж гэртээ орж ирээд хувцасаа тайлахын хооронд над руу залгаад загнасан. “Яагаад араар юм хийгээд байгаа юм бэ, яагаад “Итгэл сэтгэлийн гүүр” гэдэг нэр гараагүй юм бэ, та яагаад өөр төрийн бус байгууллагын нэр хэлээд байгаа юм бэ гэсэн. Үүнд маш их уурласан. Гэхдээ бид тэр нэрээр явахыг хүсээгүй, тэр хүний ажил түүгээрээ байж л байна. Бид өөрсдөө “Их нигүүлсэл” гэдэг ТББ-ыг гаргаж ирсэн, үүнд л маш их уурласан. Хүүхдүүдийн хувьд тэд бүгд цэцэгнээс гараагүй, бүгд л аав ээжтэй. Би аав, ээжгүй гэж анхнаасаа огт яриагүй. Дандаа л амьдралын боломжгүй, ядуу, хогийн цэг рүү гардаг, хичээлд явах насанд нь явуулж чадахггүй, архины хамааралтай гэж хэлсэн. Ээж аав нь хүсээд л надад авч ирж өгдөг. “Би тийм баян хүн биш”, би тэдэнд гэр авч өгье гэж хэлэхгүй, өнөөдөр ч гэсэн надад автобусны мөнгө олдохгүй л байна. Одоо л намайг энэ ажлыг хийгээд байна гэж харж байгаа байх. Би гэвч энэ ажлыг 11 жил гаруйн хугацаанд хийсэн.Хандивын дансанд одоохондоо орсон уу гэхээс гаргасан юм алга аа. Анх Сувдаа намайг олон нийтэд цацаж, зургаан ханатай гэр олон хүмүүсийн хандиваар босгож өгсөн. Ц.Сувд-Эрдэнэд гадаадаас 900 мянган төгрөг ирээд, М.Сарнай эгчид өгөөрэй гээд постолсон байсан. Гэтэл С.Дэлгэр эгчээс дансанд ийм мөнгө орж ирсэн эсэхийг асуухад “ороогүй” гэж надад хариулсан. Харин С.Дэлгэр эгч Ц.Сувд-Эрдэнэ рүү энэ мөнгө яасан болохыг асуутал “Үрчихсэн” гэж хариулсан байна лээ. Ингээд С.Дэлгэр эгч “Итгэл сэтгэлийн гүүр” байгууллагын дансанд байгаа мөнгийг бүгдийг нь энэ данс руу хийгээд, дээрээс нь бүх данс, тооцоо, хуулгаа аваад ир” гэсэн. Гэтэл маргааш 12 цагт уулзаж, бүх данс тооцоогоо нийлүүлэх ёстой байтал өмнөх өдөр нь ийм юм хийчихсэн байсан.
Ц.СУВД-ЭРДЭНЭ: АРД ТҮМНИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ, ХАНДИВЫГ НЬ БУЦААЖ ӨГНӨ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙГАА-
-Дансны хуулгуудыг өчигдөр орой дэлгэлээ. Ногоон өнгөөр тодруулсан нь ямар учиртай юм бэ?
-Энэ нь Сарнай хүүхдийн төв, эсвэл Сарнай эгчид өөрт нь өгсөн гэх мэт Сарнай эгчтэй холбоотой гүйлгээнүүд юм.
-С.Дэлгэр таныг энэ хугацаанд Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн мөнгөөс нэг ч төгрөг хийгээгүй гэсэн. Энэ үнэн үү?
-Баримтууд дээр бий. Дансны хуулгаас тодорхой харагдана. “Итгэл сэтгэлийн гүүр сан”-гаас С.Дэлгэр эгчийн данс руу шилжсэн мөнгөн дүн харагдаж байгаа. Сайн харвал бүгд харагдана. Мөн бид “Төрийн банк”-нд цуг данс нээж байршуулсан мөнгүүдийг цаг тухайд нь С.Дэлгэрийн хаан банкны данс руу шилжүүлж байсан баримтууд бүгд тавигдсан байгаа. Хайрцгаар цугласан болон гадаадаас явуулсан мөнгийг солиулаад явуулсан, бүх баримт нотолгоотой нь С.Дэлгэр эгчийн данс руу шилжүүлсэн. Нийт 29 сая 600 мянган төгрөг хийсэн байна.
-Таны анх бичсэн постны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таныг анх М.Сарнайд гэр авч өгөх хандивын аян эхлүүлэхэд бид очиж сурвалжлага хийж байлаа. Та хоёр анх уулзахдаа л хэдэн цаг уйлж дуулан ярилцаж байсан гээд сайхан түүхүүдээ хуваалцаж байсан шүү дээ. Яагаад энэ их итгэл эвдрэх болов оо?
-Би М.Сарнай эгчид маш их итгэж байсан. М.Сарнай эгчийн тухай сөрөг мэдээлэл ирэх тоолонд тас өмөөрөөд л гардаг байлаа. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр М.Сарнай эгчийнд С.Дэлгэр эгч бид хоёрыг оччихсон, хашааных нь гадна зогсож байж байхад н.Баярмаа гэдэг эмэгтэй ирээд “Та нар наад хүүхдээр мөнгө олдог луйвраа зогсооцгоо. Та нар Монголын ард түмнийг хуурахгүй ээ. Энэ муухай, бусармаг үйлдлээ хурдхан зогсоо. М.Сарнай чи хичнээн удаан ингэж хүүхдээр мөнгө олж явах гэсэн юм бэ, одоо болно, ингээд л больчих” гэсэн. Би М.Сарнай эгчээс “Энэ ямар учиртай хүн бэ, яагаад ингэж яриад байгаа юм бэ” гээд асуутал “Надад өс санадаг хүн худлаа яриад, над дээр хүн ирэхээр атаархаад байгаа юм аа” гэж хэлсэн. Ингэхэд би анх сэжүүр авсан юм. Харин зургадугаар сар дөнгөж гарахтай зэрэгцээд н.Баярмаа эгч дахин надтай холбогдоод уулзаж ярилцъя гэсэн. Намайг очиход 4-5 эмэгтэй байсан бөгөөд бид нилээд удаан ярилцаж, баримт материалуудыг нь надад үзүүлсэн. Үнэхээр М.Сарнай эгч хүүхдүүдээр бизнес хийгээд байгаа гэх магадлал маш өндөр болж ирсэн.
-С.Дэлгэртэй дахин уулзсан уу?
-Тэр өдрийн маргааш би С.Дэлгэр эгчтэй уулзаад “Дэлгэр эгч ээ, Сарнай эгч чинь өөрөө ийм хүн юм байна шүү дээ, архи дарс уугаад, хүүхдээр бизнес хийж явдаг юм байна, туслаад хэрэг байна уу, одоо үүнийгээ зогсооё” гэж хэлсэн. Тэгэхэд С.Дэлгэр эгч “Сувдаа одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн, ямар ч зогсох эрх байхгүй, энэ бүхэн хүүхдийн төлөө учраас хоёулаа чигээрээ явсаар байгаад л үүнийгээ дуусгана” гэж хэлсэн. Мэдээж хүүхдийн төлөө гэдэг нь үнэн юм чинь гэж бодоод би үүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй явсан. Гэхдээ Хүүхэд гэр бүлийн төв, тэр хавийн иргэдтэй очиж уулзаж, их мэдээлэл цуглуулсан. Утасдаж, фэйсбүүкээр холбогдож ч ярьж хэлсэн олон хүн бий. Үнэхээр М.Сарнай эгч хүүхдийн төлөө явж байсан бол ингэхгүй байсан даа, хүүхдээр дамжуулж мөнгө олоод, олсон мөнгөөрөө өөр юм хийж байгаа бол хамаа алга. Гэтэл долоо хоногийн дийлэнх өдөр нь архи уугаад л, тэр хавийн айлуудыг сэтгэлийн тамд унагах ямар хэрэг байсан юм бэ. Гэр өгнө, өгөхгүй гэж барьцаалж, тэр хүүхдүүдийг авч явах ямар хэрэг байгаа юм бэ, хүүхдүүдийг зовоож, эцэг эхийг нь тарчлаан тарчлаан энэ их муухай юмаа хийвэл одоо зогсоовол яасан юм бэ гэж бодсон.
-Хэзээ энэ аяныг зогсоохоор шийдэв?
-Шав тавихын өмнөх өдөр нь би С.Дэлгэр эгчид дахиад л хэлсэн. “Энэ хүүхдийн төвийн ажил, энэ аяныг зогсооно” гэсэн. Тэгэхэд “Үгүй ээ, бүх зүйл бэлэн болсон, одоо хүмүүс хурдан эхлүүл гээд байна, хурдан эхлүүлнэ” гээд миний үгийг тоогоогүй явсан. Би цагдаад өгье гэж бодсон ч цаг хугацаа их шаардах байсан тул олон хүний хүч хөдөлмөрийг тэр юм руу зүгээр л үрчихэж болохгүй санагдаад фэйсбүүктээ бичиж, маш яаралтай хүмүүсийн чихэнд хүргэж, ядаж эд хөрөнгөөрөө хохирч, илүү зардал гаргах гэж байгаа хүмүүсийг болиулъя гэдэг үүднээс тэр мэдээллийг тавьсан. Би М.Сарнай эгчийг л шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгоно. Би хэзээ ч хүүхдээр бизнес хийж буйг өөгшүүлж чадахгүй. Маш олон хүн надад, М.Сарнай эгчид итгэж хандив өгсөн байдаг. Гэтэл үүнийг зүгээр л нэг бизнес болгоод явна гэвэл би тийм байдалтай цаашид ажиллаж чадахгүй. Харин ард түмнийг би хохиролгүй болгож, хандивыг нь ард түмэнд буцааж өгнө гэсэн бодолтой байгаа.
-Дансныхаа хуулга, баримтуудыг маргааш тулгах байсан чинь өмнөх орой нь ийм сөрөг зүйл бичлээ гэсэн?
-Мөнгө яриад байгаа нь надад их сонин санагдаж байна. Би С.Дэлгэр эгчид маш их итгэж байгаа. Гэхдээ яагаад цаашаа үргэлжлүүлээд байгаа юм бэ гэдэг нь их сонин. С.Дэлгэр эгч М.Сарнай эгчийг тодорхой хэмжээгээр мэдэж байгаа гэж би бодож байна. Гэтэл яагаад өмөөрөөд, цаашаа яваад байгааг үнэхээр гайхаж байна. Данс тооцооны хувьд надад санаа зовох зүйл биш. Бүх зүйл баримтаар нотлогддог учир түүнийг гаргаад тавьсан, шалгуулахад ч бэлэн. Харин тэр бүх зүйл эхлэхээс өмнө хүмүүсийг хохироохгүйн тулд би мэдэгдье гэж бичсэн. Тиймээс ч ард түмний хандивыг дансандаа байгаа бол тэр чигт нь байлгаж байгаад буцаагаад хариуцлагатайгаар өгсөн нь дээр гэж бодож байна. Хамгийн гол буруутан нь би өөрөө гэдгийг мэднэ. Би ард түмнийг ийм буруу зүйлд уриалсан нь миний хамгийн том алдаа. Тиймээс би дахин олон хүн хууртаж, олон хүн бие сэтгэлээр, эд хөрөнгөөр хохирох вий гэдэг үүднээс ингээд явж байна. Үнэн мөнийг цагдаа, шүүхийн байгууллага тогтоож өгөх байх.
-Асрамжийн төвийг үргэлжлүүлвэл хүүхдүүдэд хэрэгтэй гэдэг үүднээс та бодож үзсэн үү?
-Би М.Сарнай эгчийг энэ зүйлийг цаашаа хийгээд явж чадахгүй, тэнцэхгүй хүн гэж бодож байна. Учир нь үр хүүхдээ боддоггүй, өөрийнхөө хүүхдийг боддоггүй хүн өрөөлийн хүүхдийг бодно гэж байхгүй. Боломжгүй ээ, боломжгүй. Би хүүхдээр мөнгө олохыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Ерөөсөө хариулт нь л тэр.
-Цаашид ямар баримтууд дэлгэх вэ?
-Би цагдаагийн байгууллагад бүх баримтуудаа хүргэж өгнө. Үүнийг цагдаагийн байгууллага шийднэ.
Ц.Сувд-Эрдэнийн “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын дансны хуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ