Ард түмний сэтгэлийн хандив эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу.jpg

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар "Сарнай хүүхдийн төв"-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхширлыг төрүүлэв. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхөнг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Ямартай ч энэ талаар төрийн бус байгууллынхан байр сууриа илэрхийлээд эхлэв. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

Ц.Сувд-Эрдэнэ: Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийн анх дэлгэсэн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм.

Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая.

Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа.

Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ-ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа.

Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо. Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.

Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе. Хүндэтгэсэн: Ц.Сувд-Эрдэнэ" хэмээн өөрийн цахим хуудснаа бичсэн байна.

М.Сарнай: Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсний дараа түүний буруутгаад буй М.Сарнай гэх эмэгтэй ч мөн өөрийн байр сууриа вэб сайтуудад илэрхийлээд амжсан юм. Тэрбээр “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Надад мөнгө хэрэггүй. Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?' гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ” гэсэн байна.

С.Дэлгэр: Сайн үйлсийн аян зогсохгүй шударга ил тодоор үргэлжилнэ

Харин дээрх мэдээллүүд цацагдаж, олон нийт хэн нэгнийг нь зөвтгөж, нөгөөг нь буруутгаж байх зуур дээрх мэдээлэлд нэр нь дурьдагдаж буй Дэлгэр гэх эмэгтэй ч цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, дансны хуулгаа олон нийтэд дэлгэв. Тэрбээр “4-р сарын 15 наас хойш Сарнай Дэлгэр нарын хамтран эзэмшдэг 3-н банкны дансны хуулгыг дөнгөж сая гаргуулаад ирлээ. Хандив өргөсөн хүмүүсээ бүгд сайн нягталж хараарай. Таны өргөсөн хандив цаг хугацаандаа орсон байна уу? 3арлага гарч уу?Хэзээ хаана юунд гэдгийг нягтлаарай...

Сайн үйлсийн аян зогсохгүй шударга ил тодоор үргэлжилнэ.

6-сарын 13-ны өдөр 940.000 төгрөг. Хандивын хайрцаг хулдаасан хэвлэлийнх 6-сарын 21 нд 240.000 төгрөг, кадастрын зураг 280.000төгрөг,Сарнайгийн нүүлгэлтийн хөлс 150.000 төгрөг,цахилгааны утас 150.000 төгрөг,оёдлын ТҮЦ нүүлгэлтийн хөлс нийт 1.760.000 төгрөгний зарлага гарчээ. Бид мэссэж үйлчилгээг сонгосон тул 50 төгрөг суутгалд өгснөөр 11.800 төгрөг банкиндаа татуулсан байна. Сонирхож буй хүмүүсээ цаг гаргаад нягталж үзээрэй” хэмээн гурван банкны хуулгыг оруулжээ.

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвхүү: М.Сарнайг энүүхэн мэтэд хугарахгүй гэж итгэж байна

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвхүү ч дээрх мэдээлэл цацагдсны дараа өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Утааны эсрэг ээж аавуудынхаа хандивын мөнгөнөөс 200 гаруй мянган төгрөгийг бид М.Сарнай бүсгүйд өгч байсан юм. Витафитын Билгүүн анх Сарнайн гэрт биднийг дагуулж очиж түүнээс хойш 2 ч удаа очсон юм. Тиймээс нэгэн бодлоо бичмээр санагдлаа.


Та төгс төгөлдөр хүн үү? Хэрэв тийм бол баяр хүргэе, Үгүй бол бусдаас төгс төгөлдөр, алдаа магадгүй дүрийг битгий нэхээч. Өчигдрөөс М.Сарнай бүсгүйн талаар сошиалаар хичнээн их доромжилж, гүтгэсэн, цэцэрхсэн шүлсээ үсчүүлсэн үгс урсваа. Тэгж цэцэрхэж байгаа хүмүүсийн хэд нь Сарнайн гэрт очиж үзсэн бэ? Хэрвээ нэг ч болтугай очсон бол тэнд байдаг хүүхдүүдийн ерөнхий байдлыг ойлгох байсан. Тиймээ тэнд дандаа хогийн цэг дээрээс ирсэн хүүхдүүд байдаггүй, тэнд өсч байгаа хүүхдүүд бүгд эцэг эхгүй биш л дээ. Гэхдээ тэнд байдаг хүүхдүүдийн үүхийг өөрсдөөс нь сонссоноо хүргэе. 9 орчим насны охин гэхэд ээж аав нь архи уугаад харанхуй хүйтэн гэрт хоол ундгүй гурван хүүхдээ орхиод хэд хоногоор ч хамаагүй орхиод явчихдаг байсныг М.Сарнай мэдээд ойр ойрхон ирж уулзсаар гурван хүүхдийг нь ээж аавд нь хэлж байгаад өөрийн гэртээ авчирсан. 6 сартай билүү нэг хүү байсан. Ээжтэй, аавтай. Гэхдээ аав нь хүүхдээ авчирч үлдээгээд 2 нас хүртэл нь өсгөөд өгөөч, би ажил хийх хэрэгтэй байна, хүүхэддээ хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлэхийг хичээж байя гээд явсан ч ирэх нь ховор, хөдөө ажилладаг болсон.

Жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэхээрээ очих газаргүй болсон залуухан бүсгүй М.Сарнай дээр ирж хүүхэдтэйгээ амьдрангаа тэнд байдаг хүүхдүүдийн ээж багш нь болсон байдаг. Гээд түүхүүдийг бичээд байвал ээж аавтай ч тэд нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, хүүхдээ зүгээр л гэртээ хаячихсан айлын хүүхдүүд олон бий. Өсвөр насны гэрээсээ дайжсан хүүхдүүд М.Сарнай дээр байнга байрлахгүй ч өдөр ирж хоол идчихээд явахыг нүдээрээ харлаа. Тогоо дүүрэн шөлтэй хоол хийхэд хоолны цагаар гаднаас хүүхдүүд орж ирээд идчихээд буцаад явж байсан. Гэрт нь хоол байхгүй хүүхдүүд. Зарим хүүхдийг М. Сарнай нэр дээрээ авчих гэхээр ээж аав нь хүүхдийн 20 мянган төгрөгийн нь авч архиа уухын тулд хүүхдийнхээ бичиг баримтыг өгөлгүй М.Сарнайг хүүхдээр мөнгө хийх гэлээ хэмээн загнаж хүүхдээ авна гэж дайрдаг.


М.Сарнай сүүлийн 10 орчим жил хүүхдүүдийг асарч байгаа. Бид сүүлийн жил гаруйд л түүнийг мэдэж амаа олохгүй магтан сайшаасан. Харин хамтарч байсан нэг эмэгтэй М.Сарнайг шүүмжилсний төлөө дахиад л нийгмээрээ үг чиггүй доромжилж, цэцэрхэж шалгахыг шаардаж байх юм. М.Сарнай алдаа гаргасан байж болно, гэрийн маргаан гарсан нь олон нийтэд таалагдахгүй байж болно. Гэлээ гээд түүний 10 жилийн хүмүүнлэгийн үйлсийг юу юугүй үгүйсгэн доромжилж гүтгэх эрх хэнд байгаа юм бэ? Тэр цэцэрхэгчид амьдралдаа гэр хорооллын харанхуй гудмаар айлын хүүхдэд санаа зовж нэг удаа хоол бариад очиж үзсэн болов уу ??? Хүний 25 хүүхдийг битгий хэл нэг хүүхдийг нэг удаа гэртээ оруулаад хооллоод усанд оруулж үзсэн болов уу? Нэг л их шалгахыг шаардсан хүмүүс байх юм. Хогийн цэг, харанхуй гэр хороололд хичнээн хүүхэд өлсөж цанган айн чичирч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхад хүрч ажиллаж чаддаггүй төрийн хийгээгүй ажлыг сэтгэлийн сайхнаар, овсгоотой зангаар олны тусламжийг хүүхдүүдэд хүргэж чадсан М.Сарнай шиг эмэгтэйг хүртэл хүссэнээрээ доромжлохоосоо санаа нь зовдоггүй юм байхдаа.

М.Сарнай дээр хүний өөрийн нийлсэн 30 орчим хүүхэд ирэн очин амьдарч байгааг улс даяаараа л мэдсэн. Уг нь Хүүхдийн төлөө газар эсвэл хүүхдийн байгууллага тэр даруй очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж М.Сарнай үнэхээр хүүхдийг өсгөөд байна уу эсвэл үнэхээр хүний хүүхдийг хүчээр аваад байна уу гэдгийг тогтоох ёстой биздээ. Төрийнхөн нь ингэж ажиллах нь бүү хэл асрамжийн газар барих газрыг нь шийдэж өгсөн болоод л орхичихсон. Уг нь энэ хүүхдүүдийг өсгөх үүрэг алба М.Сарнайд огт байхгүй. Харин хүүхдийн эрх зөрчигдөж айлд амьдарч байгааг сонссон төр бол арай л өөр түвшинд ажлаа хийх ёстой.

М.Сарнайг хүүхдээр даримдуулж их хандив авлаа л гэх юм. Харанхуй хоосон гэртээ орхигдсон хүүхдүүдийн асуудлыг олны анхааралд авчирч олны тус дэм ирэх нөхцлийг бүрдүүлж чадсан нь сайн л байна шүүдээ. М.Сарнайг хардсандаа хандиваа зогсоох, тэнд байгаа олон хүүхдэд тусламж хүрсээр байх хоёр үйлдлийн үр дүнг харьцуулаад боддоо? М.Сарнайг зальтай гэхийм. Зах зээлийн хэцүү нийгэмд М.Сарнай овсгоотой тулдаа хэдэн хүүхдүүдийг цатгаад явж байхад нь баярлахын оронд сэтгэлээр унатал нь гүтгэж доромжлоод. Ямар хүн чанаргүй юм бэ?


М.Сарнайг айлын хүүхдийг хүчээр булаасан гэхийм. Хэрвээ тухайн айл хүүхдээ хэвийн хэмжээнд асарч өсгөж байхад нь М.Сарнай сайн дураараа очоод хүүхдийг нь булааж авах уу?Асуудалтай байсан болоод л М.Сарнай дээр тэр хүүхэд иртлээ эцэг эх нь хайнга загнасан байнадаа. Гэнэт ухаан орж хүүхдээ эргүүлж авах маргаан үүсдэг нь түгээмэл байдаг асуудал шүүдээ. Анхнаасаа хүүхдээ хайхраагүй байж өдий хүрчихээд өсгөж байсан хүнийг нь элдвээр доромжлоод.


М.Сарнайд алдаа байгаа байх, түүн дээр хандив тусламж их ирсэн байх, хандивын тайланг гаргахыг шаардаж болно. Гэхдээ хэн ч төрөхдөө төгс төгөлдөр, бүхнийг мэддэг чаддаг төрдөггүй. Зарим нэг алдаанаас нь болж хүний насаараа хийсэн сайхан үйлс, хамгийн гол нь сэтгэл рүү нь нийгмээрээ нийлж байгаад ус цацах бол дэндүү муухай шүү. Хүнд шаналдаг сэтгэл, хугардаг урам, дахиж өндийхийн тулд их сэтгэлийн тэнхээ хэрэг болдгийг битгий мартаарай. Өөрийн үр хүүхэддээ зориулах байсан алтан цагаа бусдын 20 хүүхдийн хүүхдийн хоолыг хийж, шээстэй баастай өмдийг нь угаахад зориулсаар 10 гаруй жил амьдрана гээд төсөөлдөө. Харанхуй хүйтэн монгол гэрт өвөл ээж аав нь архи ууж явчихаад 5 настай охин, 8 настай эгч, 11 настай ах гэсэн гурван хүүхдэ хоолгүй хоёр хоног орхичихоод байхад тэр хүүхдүүдэд ямар хэцүү байсныг төсөөлдөө. Тэр харанхуй амьдралд зовж байсан хүүхдүүдийн амьдралд гэгээ оруулж халуун дулаан гэр хоолтой гэдэс цатгалан амьдралыг авчирсан хүн бол М.Сарнай шүү. Сошиал дээрх хэдэн хүний үгнээс болж хүний сэтгэл шаналж, бусдад буруугаар ойлгогдож гүтгэгдэхээр урам хугарсандаа хийж байгаа сайн үйлсээ зогсоох хүртэл бодол төрдөг. Хэрэв тэгвэл цэцэрхэж шүүмжлэгчдийн нэг нь ч тэр хүнд амьдралтай бяфхан үрсэд туслахгүй. Үр дүн нь ердөө л энэ. Гэхдээ М.Сарнайг энүүхэн мэтэд хугарахгүй гэж итгэж байна.


Сувд-Эрдэнэ бүсгүй ч хийсээр ирсэн сайн үслийн сайхан ажлаа үргэлжлүүлсээр нийгэмдээ үлгэр жишээ хэвээр байгаасай гэж хүсьё байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ