С.Батцэцэг: Чамламаар, бас бахархмаар амжилт гаргажээ

battsetseg

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон, олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотголоо. Ерөнхийлөгч энэ зарлигаа өнгөрсөн даваа гаригт гаргасан бөгөөд түүнийг гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо ирэхэд нь олгож байгаа юм байна.

battsetsegИнгээд Монгол улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн таньд баяр хүргье?

-Баярлалаа, үнэхээр их баяртай байна. Хэлэх үг олдохгүй маш их баярлаж байна.

-Таныг гадаадад байх үед Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Танд анх хэн энэ тухай хэлсэн бэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдож байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар олгох зарлиг гарсан гээд мессэж бичсэн байсан. Маш их гайхсан. Ерөөсөө толгойд буухгүй байсан.

-Таныг энэ хүндтэй шагнал авахыг гэрийнхэн чинь сонсоод хэрхэн хүлээж авсан бол?

-Манайхан бүгд гэнэтийн байдалтай сонссон. Би Европт эмчилгээтэй байж байгаад. Хөдөө гэрийхэн рүүгээ залгаад “Шагнал авахаар болж байгаа юм байна. Та хэд хот руу явах нь” гэсэн чинь “Ямар шагнал” гээд толгойд нь буухгүй байсан юм шиг байна лээ. Манай эмээ, ээж, хоёр эгч, ах маань ирсэн. Бурхан болсон аавын маань ах, эгч нар нь ирсэн байна. Бурхны орноос аав маань намайг хараад маш их баярлаж байгаа байх.

-Энэ жил таны хувьд их онцгой жил байлаа. Шигшээ баг болон таньтай холбоотой мэдээлэл их цацагдсан. Тухайлбал, шигшээ багаас гарлаа гэсэн?

-2009 онд анх шигшээ багт орж байсан. Тэр үед цалин авч бэлтгэл сургуулилт болон өөртөө зарцуулахад их гоё мэдрэмж төрж байсан. Тэр үед миний авч байсан мэдрэмжийг дүү нар маань мэдэрч, чөлөөт бөхийн хөгжил, сайхан түүхийг бүтээхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, амжилт гаргаасай гэж хүссэн. Ингээд би шигшээ багийн цалингаасаа татгалзсан. Одоо албан бус шигшээ багт байдаг.

-2005 онд сумандаа хамгийн анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхийн спортод анх хөтөлж оруулсан багшийнхаа тухай дурсахгүй юу?

-Намайг хамгийн анх чөлөөт бөхөд хөл тавиулсан хүн бол Дэмбэрэлийн Дондог багш маань. Дэлхийн давцанд гарах бөхийн эрдмийг З.Дүвчин багш заасан. Хоёр багшдаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлье.

-Та 12 жил чөлөөт бөхөөр хичээллэлээ. Энэ хооронд маш олон шагнал, медалийн эзэн болсон. Эргээд харахад таньд ямар бодол төрж байна?

-Зөндөө олон медаль авсан. Бас аваагүй медаль ч байгаа. Нэг харахад чамламаар, нэг харахад бахархмаар ийм л амжилттай явж байна даа.

-Хэзээнээс тэмцээн уралдаандаа орох гэж байна. Ойрын зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-2018 оны тэмцээнүүдэд өөрийгөө бэлдэх хэрэгтэй байгаа. Олимпийн циклдээ орохын тулд бага багаар бэлтгэлээ хийж эхэлж байгаа.

-Сая Азийн аваргаас алтан медаль хүртсэн амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Өмнө нь Азийн аваргад хоёр удаа орж байсан. 2010 онд мөнгөн медаль авсан. Энэ жил Азийн аваргад орох боломж бүрдэж, долоон жилийн дараа алтан медаль авсандаа баяртай байгаа.

-Гадаадад эмчилгээ хийлгэж байгаад иржээ. Эмчилгээгээ сайн хийлгэж чадав уу?

-Эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээндээ буцаад явна. Хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэсний дараа бэлтгэлдээ орно доо.

-Нууц биш бол ямар эмчилгээ хийлгэж байгааг тань тодруулж болох уу?

-Риогийн олимпийн үеэр мөрөндөө бэртэл авсан. Мөрөө бүрэн эмчлүүлэх гээд эмчилгээ хийлгэж байгаа.

-Таны дараагийн зорилгыг сонирхъё?

-Миний дараагийн зорилго мэдээж олимп. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилтаа ахиулахыг хүсэж байна. Олимпод оролцохын тулд маш их бэлтгэл хийх хэрэгтэй. Тэр болгондоо биеэ бэлдэж байна.

-Тэмцээн уралдаанд орох гээд их олон цагийн нислэг хийдэг байх. Нислэгээс нислэгийн хооронд их ядарна биз?

-Би ер нь хаана ч хамаагүй унтчихдаг. Нэг их ядардаггүй, унтаад амарчихдаг учраас.

-Таны амьдралд маш олон гайхалтай мөч тохиож Олимп, Дэлхийн аваргаас медаль авч байсан. Энэ шагналуудыг авсны дараах, таны сэтгэлд хамгийн ойрхон бууж байгаа дурсамж гэвэл?

-Алтан медалиудыг авахад баярлаад л өнгөрдөг. 2013 оны Дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Япон улсын тамирчин Каори Ичод хожигдчихоод миний нулимс гарч байсан. Тэр Дэлхийн аварга л их бодогддог доо.

-Риогийн олимпийн дараа таныг хуримаа хийнэ гэж ярьж байсан. Хэзээ хуримаа хийхээр төлөвлөж байна вэ?

-Тийм юм ярьж байсан л даа. Одоогоор хувийн амьдралаа хойш нь тавьсан байгаа.

-Хэзээ ээж болох төлөвлөгөөтэй байна?

-Одоогоор төлөвлөөгүй байна. 2020 оны олимпийн дараа л болох байх.

battsetseg С.БАТСУУРЬ: ГҮҮН ЗЭЛЭН ДЭЭР БАРИЛДАЖ ӨССӨН ДӨӨ

С.Батцэцэгийн төрсөн ах С.Батсуурь бидэнтэй сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. Тэрбээр Маш их баяртай байна. Уржигдар дүүгээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авч байгааг мэдсэн. Өчигдөр л нутгаасаа ирлээ. Багаасаа л бөх барилдах сонирхолтой хүүхэд байсан. Хүүхэд байхдаа эршүүд талдаа бидэнтэй адилхан морь унаад л, гүүн зэлэн дээр барилдаж л өссөн дөө. Биднийг арван жилд байхад чөлөөт бөхийн дугуйланд авч байсан. Тэгэхэд дүүгээ барилдана гэхэд эмэгтэй хүн барилдаж чадах болов уу гээд их гайхаж л байсан. Сүүлдээ аймаг, улсын аварга болох үед нь дүүгээ дэмжиж эхэлсэн” гэв.

battsetseg

З.ДҮВЧИН: ТОМ БАРЬЦТАЙ, ТОМ МЭХТЭЙ ХҮҮХЭД

Монгол Улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын заан, С.Батцэцэгийн багш З.Дүвчинтэй цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр таны шавь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж байна. Танд баяр хүргье?

-Баярлалаа. 2007 оны дунд үеэс над дээр ирсэн хүн л дээ. Түүнээс хойш дөрвөн жил ноцолдоод л, Дэлхийн аварга болсон. Тэрнээс хойш Дэлхийн аварга хоёр боллоо. Дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Азийн аварга боллоо. Дэлхийн цомын аварга боллоо. Ер нь авах ёстой бүх л медаль, шагналыг авлаа.

-Чөлөөт бөхийн спортод тасраад байсан тив дэлхийн медалийн буухиаг их олон жилийн дараа үргэлжлүүлсэн тамирчин шүү дээ?

-Тийм. Чөлөөт бөхийн тамирчид Олимпоос медаль авалгүй 32 жил болсныг залгуулж өгсөн. Мөн Дэлхийн аваргын цолыг 35 жилийн дараа авсан. Тэрнээс хойш Цэрэнчимэд дэлхийн аварга болсон.

-С.Батцэцэгийг маш их хөдөлмөрч, хичээнгүй гэж сонссон?

-Ер нь тулааны спорт, бөхийн спортоор хичээллэж байгаа хүн хөдөлмөрлөхгүй л бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. С.Батцэцэг өөрөө маш их хөдөлмөрч дээрээс нь ямар нэгэн зүйлд ухаалаг шийдэл гаргадаг. Мундаг, мундаг бяртай сайхан хүүхдүүд зөндөө л байдаг. Ганцхан бяраар амжилтад хүрэхгүй шүү дээ. С.Батцэцэг өөрөө маш их шийдэмгий, зоримог учраас өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.

-Тань дээр анх бэлтгэл хийхээр ирэхдээ суурь нь хэр тавигдсан байсан бэ?

-6-7 сар хичээллэсэн хүүхэд байсан. Өсвөрийн Улсын аваргаас мөнгөн медаль авсан хүүхэд гээд над дээр ирж байлаа.Манай Батцэцэг кроссонд гүйх сонирхолтой хүүхэд.

-С.Батцэцэг барилдахдаа их даацтай мэхүүд хийдэг нь амжилтад нь их нөлөөлдөг байх?

-Орчин үеийн чөлөөт бөхөд хийгддэг мэх цөөрсөн. Харин манай С.Батцэцэг боломж нь олдох л юм бол их олон мэх угсарч хийдэг. Том барьцтай, том мэхтэй хүүхэд. Том мэх бүхэл оноог бөөн бөөнөөр нь авдаг. Их сайхан барилдааны онцлогтой бөх.

М.ЖАРГАЛ

battsetseg

battsetseg

battsetseg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ