М.Ганбаатар: Д.Амарбаясгалан хариуцлагаа хүлээж огцрохгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ

МАН-ын зарим гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар хэвлэлийн хурал өчигдөр хийлээ. Тэд “МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөн” үүсгэн байгуулжээ. Хэвлэлийн хуралд оролцсон намын гишүүд ингэж ярьж байв.

МАН-ын гишүүн МУСТА Ш.БАТСУУРЬ: -Би МАН-ын гишүүнээр 2008 онд элсэн орсон. Миний өвөө, аав энэ намд насаараа зүтгэж байсан. МАН-ын жирийн гишүүний хувьд намынхаа алдаа завхралыг дуугүй хараад сууж чадахгүй. МАН бол ард түмний нам байхаа больсон талаар жирийн гишүүд хэлж ярьж байна. Харин дарга сайд, ах дүү хамаатан саднаараа нийлсэн, албан тушаал горилсон, олигархийн бүлэглэлийн нам болж хувирсан. Жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, тоодоггүй болсон. Тиймээс МАН-ын шинэчлэлийг хийх цаг ирсэн. МАН-ын шинэчлэлийг МАН-ын эгэл жирийн гишүүд бид хийнэ.

МАН-ын гишүүн Л.Атар: -Бид хөдөлгөөнөө эсэргүүцлийн хөдөлгөөн гэж нэрлэсэн. Үнэхээр эсэргүүцэхээс өөр арга алга. Шударга байхаасаа айдаг, эмээдэг болжээ. МАН-д дотоод ардчилал ус агаар шиг хэрэгтэй байна. Би дарга нарт таалагдахгүй үг хэлж, шүүмжилснийхээ төлөө хөөгдөхдөө хүртэл тулж явсан удаатай. МАН-ын жирийн гишүүд бид намыг ялагдсан үед ч гудамжинд гишүүдтэйгээ хөтлөлцөөд намаа ялуулахын төлөө ажилласаар л ирсэн. Тэгэхэд Д.Амарбаясгалан гадаадад гэдсээ илээд хэвтэж байлаа. Бид намын ардчиллын төлөө шат дараалсан олон арга хэмжээг хийнэ.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатартай ярилцлаа.

-Та бүхэн эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулжээ. Энэ хөдөлгөөний гол зорилго юу юм?

-Би МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа. Иймээс улс төрийн соёл гарган Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөх мөн МАН-ын гишүүд идэвхтэн, дэмжигчдээсээ уучлал гуйж огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна.

-Намын хурлаараа сонгуулийн хариуцлагыг тооцож болдоггүй юм уу?

-Сүүлийн жилүүдэд намын хурал гэж хадаг яндартай нэгнээс нөгөөд албан тушаалаа өгөх зарчмаар явж ирснийг таслан зогсоох хэрэгтэй болжээ. МАН-ын жирийн гишүүдийнхээ үгийг сонсдог, оролцоотой байж жинхэнэ хурал болдог байх ёстой юм. Гэтэл манайхны хурал дандаа дээрээсээ удирдлагатай, бүх асуудлыг ханцуйн дотроо тохирчихоод орж ирж жүжиг тавиад өнгөрдөг. Намын гишүүд юу хүсч байгааг сонсдог удирдлага өнөөдөр алга. Мөн намын гишүүдээс тодорхой хэмжээний сонгон шалгаруулалтаар дэвшүүлж, аливаа албан тушаалд томилдог байх ёстой. Гэтэл МАН дотор энэ асуудал вакуумжсан, хэдхэн хүний хүслээр нь хийгдэж байна. Намд үнэнч шударга яваад юунд хүрэх вэ гэдэг зорилго нь тодорхой байх ёстой. Сонгууль бүрээр дуудаж, хэдэн төгрөг өгөөд айлын хаалга тогшуулдаг нь тогтолцоо биш. Шинэчлэл гэдэг бол доороос нь өгсөөд дээрээ хүрэх, өөрөө дээр хүрсэн бол бусад хүмүүст замыг нь тавьж өгөх асуудал.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын гол шалтгааныг юу гэж харж байна?

-Сонгуулийг удирдаж буй төв штабын доголдолтой үйл ажилагаанаас болж ялагдсан. Мөн 2016 оны ялалтын дараа намын жирийн гишүүдээ хаясан, гомдоосон, авч хэлэлцээгүйн гай. Намын дүрмэнд ажил албанд томилохдоо үүнийг ингэж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг боловч үүнийгээ огт хэрэгжүүлдэггүй. Гадаадаас том дарга нар орж ирээд бүх ажил, албан тушаалыг хуваарилан авч, амьдралаас тасархай шийдвэрүүд гаргаад явдаг болсон.

-МАН-ын дарга М.Энхболд ирэх есдүгээр сард Их хурлаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хурлаар сонгуулийн хариуцлагын асуудлыг хөндөнө гэж байгаа?

-МАН-ын дүрэмд аливаа сонгуульд ялагдвал шат, шатандаа хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэ дүрмийг намын удирдлагууд баримтлах хэрэгтэй. Ер нь бол Монголд намын дүрэм гэлтгүй хууль ч гэсэн дээд шатандаа үйлчилдэггүй, доороо хэтрүүлэн хэрэгждэг тогтолцоо бий болчихсон. Намын жирийн гишүүдэд намын дүрэм бол хууль, намын удирдлагуудад дүрэм биш байж болохгүй. Нэгэнт сонгууль удирдаж чадаагүйгээс ялагдсан бол хариуцлагаа дээрээсээ эхлээд хүлээх ёстой. Намын төв штабаас эхлэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Алдаа гаргаад хариуцлага хүлээнэ гэдэг бол дэлхийн хаана ч байдаг том соёл. Манай хөдөлгөөн зөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүй. Намын жирийн гишүүдийн оролцоог хангаж ажиллана. Намын гишүүд бид нам доторх авлига, хээл хахууль, дотоод ардчилалгүй, асуудлыг хуйвалдааны аргаар шийдвэрлэдэг, намын санхүүжилттэй холбоотой шударга бус үзэгдлийн эсрэг намаа шинэчлэхийн тулд эсэргүүцлийн хөдөлгөөнөө байгуулсан.

-МАН одоо хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ?

-Одоогийн шинэчлэл хэн нэгэн даргыг солих, өөрчлөх асуудал биш. Нийгэм тэр чигээрээ өөрчлөлтийг хүлээж байна. Шинэ цаг үе, шинэ боловсон хүчин, шинэ залуучуудын цаг үе ирсэн гэдгийг олж харах хэрэгтэй. Хэдэн амбицтай дарга нар би, би гэж явдаг цаг өнгөрсөн. Аливаа зүйлийг хийж, хэлж, хийснээр нь дүгнэдэг цаг үе ирсэн. МАН одоо үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Үндсээрээ гэдэг нь үе солигдох процесс эхэлснийг маш соргог олж харах хэрэгтэй. Өмнөх 20 жилийн улс төрийн тогтолцоог харж байхад АН, МАН аливаа асуудлыг ханцуйндаа л тохиролцож ирсэн. Энэ бол хэний ч өмнө ил асуудал. Намын Удирдах зөвлөлийн бугширсан булхайг засч залруулахад намын гишүүд та бидний оролцоо их бий шүү. МАН-ын Удирдах зөвлөлийн 50 хувийг анхан шатны байгууллагын гишүүдээр бүрдүүлэн хангахыг бид шаардаж байна. Энэхүү уриалгаа шат шатны намын байгууллагууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудад хандаж гаргаж байна. Одоо намын гишүүдийнхээ гарын үсгийг авч эхэлсэн. Бид ирэх долоо хоногийг хүртэл Д.Амарбаясгаланг огцрох эсэхийг харж байгаад хэрэв ажлаа өөрийн хүсэлтээр өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ.

-НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах тухай яригдаж байна гэх мэдээлэл дуулдах болсон. Төрийн албыг зарсан гэх 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотойгоор хэлэх зүйл танд байна уу?

-Эхлээд намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу төв штабаас эхлэн асуудлыг ярьж байна. Үүний дараа бүх шатанд бугширсан байгаа асуудалтай тэмцэнэ. Намын нэр хүндэд сэвтэй үйл ажиллагаа явуулсан хүмүүстэй хариуцлагыг тооцно.

-Энэ хөдөлгөөний ард улстөрчдөөс хэн нэгэн байна гэх хардлага байна. Тухайлбал, У.Хүрэлсэхийг байна гэсэн яриа дуулдаж байна?

-Тийм зүйл байхгүй. МАН-ын жирийн гишүүд намынхаа эв нэгдлийг хангах, хариуцлагыг сахиулахын тулд хөдөлгөөн байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ