Анжелина Жоли дэлгэрэнгүй ярилцлага өгчээ
Жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс гэр бүлээ цуцлуулж буй дуулианаас хойш жил гаруй хугацааны дараа анх удаа сэтгүүлд бүрэн хэмжээний ярилцлага өгчээ. Хүнд хэцүү цаг хугацааг даван туулсан жүжигчин бүсгүй шинэ байшинтай болж, дүр төрхөө өөрчилж, хэвийн амьдралдаа орсон гэнэ.
Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр Брэд Питтгүй амьдралынхаа талаар, мөн эрүүл мэнд, хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьжээ.
“Бага байхдаа би ээждээ их, бүр маш их санаа зовдог байлаа. Харин одоо бол миний хүүхдүүд надад битгий санаа зовоосой гэж хүсдэг. Хүүхдүүдийнхээ өмнө зовлон шаналлаа харуулалгүй, шүршүүрийн доор ганцаар зогсож байхдаа цурхиртал уйлах нь дээр. Би хэдийгээр эргэлзэж байсан ч хүүхдүүд минь бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байх нь чухал” гэж Жоли ярьжээ.
Брэд Питт, Анжелина Жоли нарын харилцаа өнгөрсөн зунаас “хэцүү” болж эхэлсэн гэнэ. Тэр үед Жоли “Эхлээд тэд эцгийг минь хөнөөсөн” гэх киноны ажил эхэлчихсэн, тун завгүй байсан үе ажээ.
Ямар шалтгааны улмаас хосуудын харилцаа хүйтэрсэн талаар жүжигчин бүсгүй тодорхой хариулаагүй ч, цаг наргүй ажил, ажил хэргийн аялал, амьдралын хэв маяг тэдний салалтын шалтгаан болоогүй гэдгийг хэлсэн байна.
“Бидний амьдралын хэв маягт ямар нэг таагүй зүйл байгаагүй. Гол асуудал тэр биш ээ. Харин ч хүүхдүүддээ өгсөн, ирээдүйд өгч чадах гайхалтай боломж тэр байсан гэж боддог. Хүүхдүүд маань хүчирхэг үзэл бодолтой, аливаад нухацтай ханддаг, эх дэлхийтэйгээ шүтэлцсэн хувь хүн болж төлөвшиж байгааг харахад бахархах сэтгэл төрдөг” гэж жүжигчин бүсгүй ярилцлагадаа дурджээ.
Брэд Питт, Анжелина Жоли нар Маддокс /15 настай/, Пакс /13 настай/, Захара /12 настай/, Шило /11 настай/ мөн Нокс, Вивьен /9 настай/ гэх ихрүүдтэй билээ.
Тэд өнгөрсөн жилийн есдүгээр сараас тусдаа амьдрах болсон бөгөөд удалгүй Жоли гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм.
Жоли өөрөө хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг авах хүсэлт гаргасан. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байгаа ч хүүхдүүд нь ээжтэйгээ хамт байгаа аж. Тэд саяхан Лос-Анжелес хотын Лос Фелиз орчимд 1000м2 талбайтай шинэ байранд нүүж оржээ.
Анжелина Жолигоор нүүрээ гоёсон Vanity Fair сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт түүний ярилцлага хэвлэгдэн гарах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ