Лам хүн хоосон номлох бус эдийн засаг, эрдэм мэдлэг, соёлын өвийг бүтээж явах учиртай
Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, их эрдэмтэн, гавж Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойг Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд тэмдэглэхээр дэлхийн 15 орны эрдэмтэн судлаачид нэг дор цугларч буй энэ үед Дэлгэрийн Чойрын хийдийн хамба Зава Дамдин Рэнбүчий, Лувсандаржаа ламтантай уулзаж ярилцлаа. Тэрбээр Зава Дамдин гэгээний хойд дүрээр тодорсон бөгөөд Монгол дахь буддын шашны хөгжлийг сүсэгтэн олны сүсэг бишрэл төдийгүй соёл, уламжлалын үнэт өв, соён гэгээрлийн их бэлгэ тэмдэг талаас нь тайлбарлан хүүрнэснийг энэхүү ярилцлагаараа хүргэе.
-Зава Дамдин гэгээнтний 150 жилийн ой гэдэг нь таны урд төрлийн 150 жилийн ой гэж ойлгосон минь зөв үү. Та ярилцлагын эхэнд энэ талаар тайлбар өгөөч?
-Шашин номын гэгээнтнүүдийн хойд дүрийг тодруулах нь үйл хэргийг нь үргэлжлүүлж, ном номлолыг нь уламжлан хөгжүүлэх ач тустай байдаг. Миний энэ насны үүрэг хариуцлага бол яах аргагүй Зава Дамдин гэгээнтний үйл хэргийг уламжлан өвлүүлж, хөгжүүлэх явдал юм. Иймд энэ насандаа хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд одоогоос арван жилийн өмнө 140 насных нь ойг тэмдэглэж байлаа. Өдгөө 10 жилийн дараа бидний үйл хэрэг улам өргөжин тэлж, дэлхийн эрдэмтэн судлаачид төдийгүй Монголын маань оюун санааны нэр хүндтэй эрхмүүд Зава Дамдин гэгээнтний 150 жилийн ойг тэмдэглэх үйлсэд сүсэг оюун, сэтгэл зүрхээрээ хүндэтгэн оролцох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлье.
-Зава Дамдин гэгээнтний үйл хэргийг бурханы шашны үйл хэргээр ойлгож, төсөөлж ирсэн олны хувьд Судар бичгийн хүрээлэнг анхлан Монгол Улсад байгуулж, номын их үйл хэргийг хөгжүүлэн дэлгэрүүлсэн тухай уншихад сонирхолтой, бас нэлээн танин мэдэхүйн шинжтэй олон баримтыг таньж ойлгомоор санагдсан. Тэр талаар Та яриач?
-Монголын шинжлэх ухааны салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан анхны долоон хүний нэг юм. Жамьян гүн тухайн үеийн Засгийн газрын даалгавраар 1921 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Шинжлэх ухааны хүрээлэн буюу одоогийн Шинжлэх ухааны академийг байгуулсан байдаг. Ингэхдээ гурван лам, дөрвөн төрийн хар хүн оруулсны нэг нь Зава Дамдин гэгээнтэн. Тухайн үедээ зөвхөн үүд хаалгыг нь нээлцээд зогсохгүй, үйл хэрэг, ажил үйлсийг нь удирдан чиглүүлж, оролцон идэвхжүүлж байсан баримт олон байдаг. Үүгээр ч зогсохгүй өөрөө бие даан түүх шаштирын “Алтан дэвтэр” хэмээх гайхамшигт судар бүтээснийг нь өнөөдөр бид орчуулан хөрвүүлж нээлтийг нь хийх гэж байна. Энэ сударт Монголын төдийгүй дэлхийн газар зүйн тогтоц, хүн зүй, бичгийн соёл, археологи, шашны үйл хэрэг гээд олон салбарыг хамарсан байдаг.
-Үеийнхэн дундаа нэлээн мэдлэг арвин хүн байжээ дээ?
-Гадна дотно, орос, европын эрдэмтэдтэй ихэд ойр, ном хэлэлцэж, мэдлэгээ солилцдог хүн байсан. Анх гурван настайгаасаа авга ах болон Лувсанжимба багшийн дэргэд шавилж, ном эрдэм сурч эхэлсэн тухай түүхэнд тэмдэглэн үлдээснээс энэ нь тодорхой харагддаг. Оросоос гэхэд судлаач, эрдэмтэн Ф.Щербатской болон түүний шавь М.Тубянский нартай ихэд дотно харилцдаг, их таван ухаан, бага таван ухаан, түүх шастир, монгол манж, санскрит, төвд, хятад, орос хэлийг төгс эзэмшсэн нь “Алтан дэвтэр” судрыг дэлхийн түүх, соёл судлалдхувь нэмэр оруулахуйц үнэ цэнтэй бүтээл болоход нөлөөлсөн гэж би боддог. Миний хувьд монгол Гүрүдава рэнбүчи багш тэргүүтэй бурханы шашны эрдэмтэн мэргэн багш нар болон Дорж шүгдэн сахиус, Сэтэв сахиусны ивангрид буюу иш зарлигаар Зава Дамдин гэгээнтний үйлсийг залгуулах үүргийг хүлээж авсан. Үүнийг хойд дүр гэхээс илүүтэй тэр хүний эрдэм номыг залгамжлуулж, өнөө үеийн Монгол орондоо эрдэм соёл, бүтээн байгуулалт, боловсролын салбарт бурханы шашны их таван ухаан, бага таван ухааны үүднээс хувь нэмрээ оруулж, хийж бүтээхийн зэрэгцээ үүнийгээ ирээдүй үедээ өвлүүлэн үлдээх үүрэг, хариуцлага гэж ойлгодог. Энэ дагуу Зава Дамдин гэгээнтний 150 жилийн ойг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна даа. Энэ жилийн тухайд бид Зава Дамдин гэгээнтний ойгоор шинэ сүмийнхээ нээлтийг хийнэ.
-Та Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт барьсан Чойрын чулуун хийдийн тухай ярьж байгаа байх. Сүүлийн үеийн шашин номын өргөөний бүтээн байгуулалтыг харахад ерөнхий нэг хийц, урыг шигтгэсэн нь илэрхий байдаг. Яагаад та бүхэн чулуун хийд урлахыг зорьсон юм бэ?
-Дундговь нутгийнхаа чулуугаар арван жилийн турш өрж, эвлүүлж барьсан чулуун сүм. Монгол Улсын XX, XXI зууны түүхэнд дан чулуугаар барьсан сүм, архитектурын дурсгал байдаггүй бололтой юм байна лээ. Иймд үүнийгээ өнөө цагийн сүсэгтэн олныг баясгаад зогсохгүй, ирээдүй хойч үед урлаг, соёлын үнэт өв, монгол урчуудын соёлын дурсгал болон үлдэх их том бүтээн байгуулалтыг хийж чадлаа гэж бид бүхний хувьд их баяртай байгаа. Ер нь бол уран барилгын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болов уу гэсэн итгэл байна. Архитектурын шийдэлтэй чулуун барилга гэдэг утгаар нь Италийн архитекторууд ирж үзээд ихэд сайшаасан. Европт урлагийн маш гайхалтай бүтээлүүд байдаг ч яг манай чулуун сүм шиг ийм барилга бараг байхгүй гэдгийг тэд хэлж байсан.
-Гэхдээ манай улсад чулуун барилгын түүх дурсгал нэгээр тогтохгүй олон шүү дээ?
-Сүүлийн хоёр зуундаа гэсэн үг л дээ. Түүнээс бус Хар бухын балгас, Хар балгас, Цагаан балгас гээд чулуун барилга, байгууламжийн тууриуд бий л дээ. Харамсалтай нь, бүтнээрээ үлдсэн зүйл алга байна. Гол нь Венец, Ромын архитекторууд манай сүм шиг чулуун барилгыг Азид харж байгаагүй. Европт ийм гайхамшигтай шийдэлтэй чулуун сүм байдаггүй гэж хэлсэн. Зөвхөн чулуугаар барьсан төдийгүй түүнийг чимэглэсэн чимэглэл, гар урлал, уран зургийг нь соёлын өв болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн уран зургийн чимэглэл гэхэд бидний өөрсдийн гаргаж авсан арга технологи дээр суурилсан.
-Энэ нь ямар чиглэл байх вэ?
-Уламжлалаас жаахан хэлбийсэн зүйл нь шороон будгийг бага шиг оруулж, тосон будгаар голчилсон байгаа.
-Харьцангуй сонгодог тал руугаа гэж хэлж болох уу?
-Гол нь наадах чинь. Дорно дахины хэв маяг дээр тосон будгийг түлхүү шингээж сонгодог тал руугаа Өрнийн сонгодог хэв маягийг дорнын хэв шинжтэй хослуулснаараа онцлог.
-Италийн архитекторыг гайхуулсан тэр шийдлийг хэн санаачилсан юм бэ?
-Гол шийдлийг би өөрөө гаргасан. Дээр нь, Эрдэнэ-Оргил гэж манай инженер, архитекторын ур ухаан шингэсэн. Өлзийбат гэж зөвлөх архитектор маань байна. Манай хийдийн лам нар, ээж маань хүртэл санал бодлоо хэлж, өөрийн бодол санаагаа шигтгэсэн. Намайг дөрвөн жил бясалгал хийх хугацаанд ээж минь өөрийн бодол санаагаараа их том нөлөө үзүүлж, санаачлан хийлгүүлсэн шийдэл олон байгаа. Ерөнхийдөө монгол хүний ур ухаан шингэсэн соёлын үнэт өв гэж хэлж болно. Гэхдээ бүтээн байгуулалт үүгээр дуусч байгаа хэрэг биш л дээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг байрлуулснаас эхлээд өндөр Гэгээн Занабазарын үед өөрийнх нь зарлигаар бүтээж байсан Богд Зонховын суугаа хүний дайтай дүрийг зална. Энэ мэтчилэн соёлын дурсгалт бүтээлийг байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Та яагаад жанжин Д.Сүхбаатарын анхны эх хөшөөг тэнд байрлуулсан юм бэ. Хогийн цэгт хаясан байсныг олж суурилуулсан гэж сонссон. Анхандаа ер нь ямархуу байдалтай байсан бэ?
-Их хэцүү. Монгол хүний хувьд нүд хальтирмаар, элэг эмтэрмээр, мориных нь өрөөсөн хөл хугарчихсан, жанжны дүрийг сэвтээсэн байдалтай байсан. Д.Сүхбаатарын хөшөөг суурилуулсанд их олон шалтгаан бий. Наад зах нь, энэ эх хөшөөг дан лам нар бүтээсэн. Чоймбол гуай тэргүүтэй урлаачдын дунд надад анх үсэг заасан уран Данзан гэж багш маань байсан. Тэгэхээр зүгээр ч нэг сонирхол биш л дээ. Багш маань бүтээлцсэн төдийгүй хамт урласан уран Жамбаа гуайг би таньдаг байсан. Булган аймгийн Дайчин вангийн хошууны хүн. Багштай маань нэг нутгийн хүмүүс. Сүүлд ирээд төв Ганданд дөчөөд оноос хойш саатаад их олон хөшөө, дурсгалыг бүтээлцсэн байдаг. Эрдэнэзуу, Амарбаясгалант тэргүүтэй сүм хийдэд бурханы шуумал болон хээ урлалын маш гайхалтай бүтээлийг урлаж, үлдээсэн нь одоо ч залаатай байгаа. Багш маань Гандангийн Дүйнхэр дацанг байгуулж, Дүйнхэр дацангийн ёс жаягийг залуу лам нарт сургаж өвлүүлсэн хүн. Тэр багш маань надад Сүхбаатарын хөшөөг бид зүгээр нэг бүтээгээгүй, шүншиглэж бүтээсэн гэж айлдаж байсан болохоор багшийнхаа бүтээлийг хайрлах, хамгаалах сэтгэлд хөтлөгдсөн хэрэг л дээ. Хоёрдугаарт, Сүхбаатар жанжин өөрөө Зава Дамдин гуайтай номын барилдлагатай байсан түүх байдаг.
-Хатанбаатар Магсаржав гуайг шүтэж байсан гэж уншсан юм байна?
-Нэлээн ойр байсан яриа байдаг. Ер нь Амар сайдаас эхлээд тэр үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд бүгд л Зава Дамдин гуайтай холбоотой байсан түүх бий. Гуравдугаарт, бид бага байхаасаа эхлээд Д.Сүхбаатарын талбайд очиж, зургаа авахуулж, арслангийн гинжин дээгүүр үсэрч, харайж тоглож өссөн хүмүүс. Үүнийгээ бодоод үзсэн ч тэр, Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын хөшөө гэдэг утгаар Д.Сүхбаатарын хөшөөг хог дээр хаясныг мэдээд сэтгэл зовнисон болохгүй л дээ. Парисын эрх чөлөөний хаалга, Америкийн эрх чөлөөний хөшөө гэдэгтэй дүйцэх Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг бол Д.Сүхбаатарын хөшөө гэж боддог. Монгол хүн болж төрсөн учраас энэ хөшөөг хайрлаж, хамгаалахаас өөр аргагүй. Дөрөвдүгээрт, хагас зуун жилийн турш төр нийгэм маань энэ хөшөөнд хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай. Үүнийг бид хаа хаанаа бодож явах хэрэгтэй. Зарим хүний хувьд шашны газар төрийн зүтгэлтний хөшөө юу хийж байгаа юм гэж бодож магадгүй. Тэр хүмүүст хэлэх миний тайлбар энэ байгаа юм.
-Шашин, төрийг хослуулан барьж ирсэн Монголын буддын шашны нэгэн үеийн түүх бий. Таны сүүлийн өгүүлбэрийг зарим хүн үүнтэй холбон сэрхийж бас магадгүй юм шүү?
-Тийм санаархал бидний хэнд ч байхгүй. Байх ч боломжгүй. Гэхдээ шашин, төр хоёр өөрөө бас гал, ус шиг зүйл биш шүү. Баруун зүүн гар, арга билэг гэдэгтэй адилхан төр шашин гэдэг зүйл өөрөө нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ, гүн ухаанд шингэсэн зүйл. Наймдугаар богд Жавзандамба хутагт 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулж, эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлаж явсан түүхтэй. Тэгэхээр гал, ус шиг ойлгож яасан ч болохгүй. Гэхдээ ингэж хэллээ гээд далд санаа зорилго байна гэсэн үг биш шүү. Түүхийг л сөхсөн хэрэг.
-Таныг ер нь яагаад Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодруулсан юм бэ. Хэдийгээр та энэ нэр алдраар хэвлэл мэдээллээр олонтаа гарсан ч тодорхой нэг сэдэвтэй холбоотой үг, үйлдлийг тань хүмүүс мэдэхээс цаад учир шалтгаан нь бас их нээлттэй байдаггүй санагддаг?
-Би нэг үгээр хэлээд, түүнийг маань шууд ойлгоход хэцүү л дээ. Маш олон шүтэн барилдлага байдаг. Бурханы шашинд шүтэн барилдахуйн ухаан гэж байдаг. Энэ ухааны үүднээс зарим нэгэн зүйлийг тайлбарлая л даа. Жишээ нь, манай өвөө маань Жанцанжурам гэж их ном эрдэмтэй хүн байсан. Гунгаачойлон дацанд Зава Дамдин гэгээнтний шавь байсан хүн. Ээжийн маань аав шүү дээ. 1937 онд хэлмэгдүүлэлт болоход цэрэгт явж, Халхын голын дайнд оролцож цусан гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Өвөөгийн маань ах болох Данзан-Осор гэж гавж тухайн үеийн Гандан хийдийн хамгийн номтой, эрдэмтэй лам байсан. Монголын бурхан шашны түүхийг уншиж судалсан, хийд оронд ойрхон байдаг хүн бүр энэ хүний тухай мэддэг. Намайг бага байхад нууцаар чуулж байсан өвөөгийн үеийн Гончигдорж гуай тэргүүтэй лам нар бүгд Зава Дамдин гуайн шавь нар байсан. Гончигдорж гуай ном судрыг нь хамгаалж байгаад 1970 онд монгол Рэнбүчи багшид Дели рүү өгч явуулж хэвлүүлсэн байдаг. Монгол Рэнбүчи багш тэндээсээ олон улсад тарааснаар дэлхийд тархах, алдарших үүд хаалга энэ үед эхэлсэн гэж ойлгож болно. Миний хувьд анх лам болохдоо Гончигдорж гуайд бараалхаж, хийморийн сан тавиулахад надад орхимжоо хайрлаж байсан юм. Тэгжби лам болсон. 1991 онд монгол Рэнбүчи багш морилж ирээд Зава Дамдин гуайн сүм хийдийг сэргээхээр таалж байсан ч тэр үеийн нөхцөл байдал тааламжгүй байсан учраас Амарбаясгалант хийдийг сэргээсэн түүхтэй. Сүүлд 2000 он гараад Чойжин бууна гэж байдаг даа. Тийм зан үйл болж, Зава Дамдин гэгээнтний хойд дүр Монголд байна, энэ дүрийг тодруулж, үйлсийг нь дэлгэрүүлэх юм бол Монгол оронд нэн тустай, Монгол оронд нэн тустай байх юм бол дэлхийд тустай гэснээр намайг тодруулсан юм.
-Тэр үедээ танд тодорхой үүрэг хариуцлага оногдуулсан байх. Өнөөдөр ч гэсэн олон арван хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах нь их болж. Гол нь тэр бүхний ард олон түмний сүсэг бишрэл, урд хойдын буян заяаг тэгшитгэх, ном номлолоо түгээн дэлгэрүүлэх хувь заяаны үүрэг хариуцлага хамт явдаг байж таараа. Хэдийгээр үл итгэгчид олон, магадгүй ярилцаж суугаа би ч бүрэн дүүрэн ухаарахгүй, ойлгохгүй байлаа гээд энэ нь шууд үгүйсгэж болох зүйл биш нь ойлгомжтой. Иймд танд оноосон үүрэг хариуцлагаас яриач. Эгэл жирийн бидний хувьд аав, ээжийн нэрийг өргөх, бүтэн үлдээх үүрэг байдаг. Харин танд бол давхар давхар үүрэг байж таараа. Хар ухаанаар бодоход урд дүрийнхээ энд хүрэх гэж том хэмжүүр байдаг байх. Тийм үү?
-Байлгүй яахав. Би байнга нэг зүйл хэлдэг. Бидэнд хариуцлага, аливаа зүйлд нарийвчлал хэрэгтэй. Ямар ч хүн ээж, аавынхаа нэрийг бодож, улс орондоо хэрэгтэйгээр амьдрахыг хичээдэг. Миний хувьд үнэхээр өөрийн тань хэлснээр ээж, аавынхаа нэрийг бодно. Лам багш нарынхаа алдрыг бодно. Урд дүрийн Зава Дамдин гуайн дүрийг өргөж явахаа бодно. Эх орныхоо нэр хүндийг өргөж явахыг чухалчилна. Яагаад өнөөдөр Зава Дамдин гуайн 150 жилийн ойг тэмдэглэхээр ОХУ, БНХАУ, БНЭУ, Непал, Англи, Герман, Итали, АНУ, Австрали, Франц, Швейцарь зэрэг 15 орны эрдэмтэн цугларч байна гэхээр мөнгө өгөөд цуглуулж байгаа хэрэг биш шүү дээ. Би өөрөө 1996-2000 оны хооронд Швейцарьт буддын гүн ухааны сургуульд суралцсан. Тэр үед лам багш, ээж аав, Монголынхоо нэр хүндийг бодож суралцсан учраас 15 жилийн хугацаанд үзэх номыг дөрвөн жилд үзэж, тэндээ нэлээн сайн үнэлэгдэж, багш нарынхаа итгэлийг нь олсон. Үүнээсээ өмнө Амарбаясгалант хийдэд сууж байх хугацаандаа олон сайхан өвгөн багш нараараа ном заалгасан маань их тус дэм болсон. Төгссөнөөсөө хойш өнөөдрийг хүртэл суралцсаар л явна. Төрийн эрдэмтэн мэргэдтэй нөхөрлөж, шинжлэх ухааны боловсрол олж авахад их анхаардаг. Энэ мэт эрдэм мэдлэгийн хүрээгээ тэлж, ном эрдэмд уйгагүй суралцаад эхлэхээр цэцгэнд зөгий аяндаа дурладагтай адилхан олон орны эрдэмтэн судлаачид Монгол оронд Зава Дамдин гэгээнтний хийд орон сэргэж, сүм дуган нь номын сантай, архивтай, музейтэй гэнэ, лам нар нь ойг нь тэмдэглэнэ гэнэ, “Алтан дэвтэр”-ээс эхлээд ном бүтээлийг нь орчуулж байна гэнэ гээд үзэж сонирхохоор, судалж мэдэхээр өөрсдийн сүсэг бишрэлийн дуудлагаар наашаа ирж байна л даа.
-Та яагаад буддын шашныг Швейцарьт судалсан юм бэ. Ихэнх лам Түвд рүү, Дарамсала руу явахыг гол зорилгоо болгодог доо?
-Манай багшийн санаа байсан. Монгол рэнбүчи багш маань “Энэтхэг, Түвд рүү явах юм бол сурах газар олон байгаа. Тэнд очихоор дацангийн ёсоор явах хэрэгтэй болно. Гэхдээ тэгж явахад маш их цаг алдана. Яг дацангийн ёсоор явахаар эхний жил тийм зиндаанд орно. Дараагийн жил ийм зиндаанд орно гэсэн жаягийг дагана гэхээр асар их цаг хугацаа алдана. Тиймээс Швейцарьт гэр сургалтаар ном үзэж, цаг хожих хэрэгтэй” гэж айлдсан. Энэ үеэрээ буддын шашны сургаалд суралцахын зэрэгцээ шинжлэх ухааны эрдэмтэдтэй их холбогдсон. Англи хэл сурах гэж нэлээн их мэрийсэн. Ийм шийдвэр гаргаснаараа багш нарын маань алсын хараа их зөв байсан гэж боддог.
-Төв Гандан болон таны тэргүүлдэг Чойрын дацан хоёрын төв сургаал нь бурханы шашны мөн чанарт захирагддаг ч гэсэн эргээд сүсэгтэн олны бодол, тэдний дунд өрнөдөг яриа, та бүхний өөр өөрийн зүгээс өгч буй тайлбараас харахад тодорхой нэг ялгарал байна уу гэж харагддаг. Магадгүй христийн шашны өөр өөр урсгалтай адил гэж хэлж болно байх. Та үүнд тайлбар өгөөч. Энэ дунд ямар ялгаа байгааг тодруулаач гэсэн үг л дээ?
-Энэ бол яах аргагүй цаг үеэ олсон асуулт л даа. Манай Монгол Улс бол нэг тэнгэртэй, нэг ашиг сонирхолтой, нэг хил хязгаартай, нэг үндсэн шашинтай гайхамшигтай улс орон. Тэр шашин нь юу вэ гэхээр судар тарнийг хослуулсан шарын шашин байгаа юм. Яагаад судар тарнийг хослуулсан гэж байна гэхээр Энэтхэгээс Төвд, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг олон оронд бурханы шашин дэлгэрсэн. Ялангуяа Төвд, Монгол оронд Их хөлгөний шажин хийгээд Очирт хүлгэний шажин дэлгэрсэн. Энэ судар дандарын шашин зарим үед хольцож ирсэн үе байдаг. Богд Зонховын үед нэгэн бие дээр бага хөлгөн, их хөлгөн, очирт хөлгөн тэргүүтэй агуу их номлолыг нэг хүний насанд, нэг коллежид сурч амжих сургалт, сургаалыг гаргасан. Тэр шашин бол Монголд сүүлийн үеийн шашин дэлгэрэлт буюу Түмдийн Алтан гэгээн хаан, Халхын Абтай сайн хааны үеэс дэлгэрээд өнөөг хүрсэн. Тэгэхээр Гандан хийд, Зүүн хүрээ, Эрдэнэ зуу, Амарбаясгалант, Дэлгэрийн Чойрын хийд тэргүүтэй ихэнх сүм хийдүүд шарын шашинтай, шарын шашны судартай, шарын шашны уншлага номлол хөгжсөн уламжлалтай. Мэдээж бага зэрэг Сажавын шашин, Гармавын шашин байгаа. Гэхдээ ер нь бол Халх Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар Монгол нутагт шарын шашин дэлгэрүүлснээс хойш манай улсад шарын шашин л зонхилж ирсэн. Энд ямар нэгэн хагарал тэмцэл, зөрчил угтаа бол байхгүй.
-Гэхдээ бас байхгүй гэсэн үг биш байх л даа. Та өөрөө ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Би аль болох маргаан мэтгэлцээнтэй сэдвээс зайлсхийж байгаа ч гэсэн нэгэнт ярилцлага авсных тайлбарыг нь танаас сонсох гэж хичээгээд байна л даа?
-Дорж Шүгдэн сахиусын талаар асуух гээд байна уу.
-Тийм ээ?
-Тэгвэл хариулъя. Дорж Шүгдэн сахиусыг Гандангийн Гунгаа чойлон хийд дээр дөрөвдүгээр Богдын үеэс шүтэж ирсэн. Чойжин ламын сүм музейд гэхэд зурмалаараа, цутгамлаараа, хөөмлөөрөө нандин шүтээнээр залаатай байгаа. Наймдугаар Богдын ордон музейн сан хөмрөгт ч бий. Эдгээрээс үүдээд хэлэхэд, Дорж Шүгдэн сахиус Монгол оронд хэрэгтэйн учир шалтгаан, шүтэж ирсэн үүсэл гарлыг Зава Дамдин гуай бичиж үлдээсэн байдаг юм. Тэгэхээр одоо үед гаднаас орж ирсэн, нөгөө талд дотроо байдаг зарим нэгэн ухвар мөчид хүмүүс улстөржүүлж, улс төрд ашиглах зорилгоор бид бүхнийг шинээр гаргаж ирсэн юм шиг ойлгуулахыг хичээн ажиллаж байгаа нь үнэн. Ингэхдээ Монголын лам нарыг дотроо хагаралтай байгаа юм шиг харагдуулахыг хичээдэг. Шуудхан хэлэхэд, Дарамсалад байгаа Түвдийн цагаач улстөрчдийн хийж байгаа үйл ажиллагаа. Биднийг Монголдоо зүв зүгээр сайхан номоо хураад, ая дангаа нийлүүлээд байж байхад гаднаас орж ирээд “Багшийгаа битгий шүт. Ном судраа битгий унш” гэхээр мунхаг хүмүүс биш учраас архиваа уудалсан. Тайлбараа өгсөн. Наймдугаар Богд Монгол орны тусгаар тогтнолыг даатгаж, Цагаан сарын шинийн 3-нд Чойжин буулгаж, айлтгаж байсан түүхтэй байдаг. Ийм түүхийг хэзээ ч бид мартаж болохгүй.
-Бумбаны тахилгын тухайд хариулт авъя гэвэл та мөн л дээрхийн адил тайлбар өгөх үү?
-Бумбаны тахилгыг монгол Рэнбүчи багш 1992 оноос сэргээсэн. Гонгорын бумбаны тахилга гэж. Гонгор гэдэг нь Цагаан махгал. Цагаан махгал гэдэг нь эдийн тэнгэр юм. Ер нь бол Юанийн гүрний үед Сангийн сахиус байсан юм билээ. Монголчууд дээр үеэсээ шүтэж ирсэн түүхтэй. Гэхдээ бүр тухайн үеийн сүсэгтнүүдийн хүсэлт болон Монголбанк, Худалдаа хөгжлийн банк гээд олон банкны хүсэлтээр сэргээсэн зан үйл шүү. Ихэнх банкуудад залаатай байдаг зүйл. Эдийн засагт яах аргагүй сайнаар нөлөөлсөн байх гэж боддог.
-Та дээр “Зүгээр сайхан номоо хураад сууж байхад” гэж хэлсэн дээ. Үүнтэй холбоотой асуухад шашнаар жишээ авахад лал, христ, будда гээд алийг нь ч шүтсэн хүмүүс сайн сайханд хүрэх, аз жаргалаа хамгаалах л зорилготой мөргөл үйлддэг байж таараа. Тэгвэл таны уншлага, мөргөлийн сайн, сайхан ер нь хаашаа чиглэдэг вэ?
-Мэдээж сайн сайхныг бодно. Гол нь хүн төрөлхтөний хөгжил дэвшлээс хоцрохгүй явахыг хүсдэг. Тэр бүхнээс хоцорвол бүдүүлэг харанхуй нийгэм болж хувирна. Хорьдугаар зууны ихэнх хувьсгалын алдаа нь энэ байсан. Хориннэгдүгээр зуунд бид ийм алдаа хийж болохгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг харах хэрэгтэй. Шинжлэх ухааны хөгжлийг нь харна. Иймд бидний хувьд дэлхийн хүн төрөлхтөний соёл хаана явна, тэнд хоцрохгүй очих хэрэгтэй. Үүний тулд аливаа зүйлийг ойрын ганц хоёр жилээр бус, 200-300 жилийн цаадхийг харж бүтээж, туурвидаг болох хэрэгтэй. Европын эрдэмтдийн хэлэхгүйгээр, зарим нь хэлж судалдаг зүйл бол Шамбалын эрин. Шамбалын эринд монголчуудын оролцоо их байна гэж бичсэн байдаг. Ямар оролцоо гэхээр оньсон хүрдний оролцоо. Тэр дундаа оюун ухааны оньсон хүрд гэж байдаг. Иймд дотоод, гадаад оньсон хүрдээ хөгжүүлж явахгүй бол өнөөдөр яг хоцордгийн даваан дээр байна. Зүгээр ам бардам байж байгаад хөгжилд хүрнэ гэж байхгүй. Асар удаан хугацаанд судалж, уншиж, суралцаж байж улс орон урагшилна. Үүний тулд Монгол оронд маань эрдэм мэдлэг, энх амгалан их чухал. Дээр нь, эдийн засаг байхгүй бол та бид яаж ч хичээгээд урагшилж чадахгүй.
-Гэхдээ та эдийн засаг, ашиг орлого яриад бурууддаг тал бий байх аа. Хоосон чанарыг номлох ёстой лам хүн атлаа гээд л?
-Би өөрөө хувиа хичээсэндээ биш Монгол орондоо санаа зовоод л ярьдаг. Эдийн засагт шунах, эдийн засгийг бүтээх хоёр чинь өөр ойлголт. Жишээ нь, би ном эрдмээ өөрөө өөртөө бүтээгээд, хоосон чанараар бясалгасаар байгаад үхэх нь зөв үү. Эсвэл тэр бүхнээ гаргаж ирж, биет өв ном зохиол болгон үлдээх нь зөв үү. Энэ бүхнийг хадгалах орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан байгуулах, одоо байгаа уран зураг, дүрслэх урлагийн бүтээлээ хадгалах музей байгуулах нь буруу юу. Гол нь эдгээрийг бүтээхдээ улсаас, төрөөс мөнгө гуйсан уу. Шуудхан хэлэхэд, бид төр засгаас нэг ч удаа мөнгө гуйгаагүй. Бүтээл туурвил, сүм хийд барихдаа хандив тусламж хүсээгүй. Гэхдээ энэ бүхнийг хоосон сургаал номлолоор бүтээдэг юм биш. Ер нь Монгол орон хүчирхэг, соёлтой, илүү шинжлэх ухаанч болчихвий гэж зарим нэгэн боддог юм биш байгаа даа. Дэлхийн түүхэнд хүн төрөлхтөний соёл, соёлын өв гэдэг зүйл эдийн засгийн хүчээр бүтэж, хойч үедээ дамждаг юм. Энэ бол шүтэн барилдлагын өөрийнх нь хууль. Галын дөл өөдөө, усны урсгал доошоо гэдгийг хэн ч зохиогоогүйтэй адилхан. Тэгэхээр лам хүн эдийн засаг ярьснаараа шуналтай байна гэсэн үг биш. Харин шуналын сэтгэгдлээр ашиглаж байгаа бол буруу. Шуналыг сэтгэлдээ тэвчих ёстой болохоос бус алтыг хог руу хаяад тэвчиж байгаа хэрэг биш юм. Харин сэтгэлдээ шуналыг тэвчээд хүн төрөлхтөнд соёлыг бүтээх нь л чухал. Лам нарыг хоосон эрдэм өвөрлөөд, хоосон байж байгаад дуус гэж байгаа бол энэ нь боловсрол, соёл дутагдсаны илрэл болно. Хэр олон хүн ингэж ярина тэр хэрээр Монгол орон дэлхийн хөгжлөөс дутуу явна аа л гэсэн үг. Манай багш монгол Рэнбүчи гэж маш мундаг багш байсан. Хятадууд Түвд рүү орох үед нөхцөл байдал маш хэцүү, өлсгөлөн ядуурал хэрээс хэтэрсэн байсан гэдэг юм билээ. Тэгэхэд манай багш түвдүүд дээр очиж зургаа, долоон үйлдвэр барьж өгсөн байдаг. Дүпүний үйлдвэр, тоосгоны үйлдвэр, номын хэвлэх үйлдвэр, бүс бараа торго дурдангийн үйлдвэр, хүжний үйлдвэр барьж өгсөн. Тэгж эдийн засгийг нь дэмжсэн. Тэгж толгой өндийгөөд ирэхтэйгээ зэрэгцэн төвдүүд дэлхийгээр аялаад эхэлсэн. Ингэхдээ харин эдийн засгаа дэмжээгүй, эдийн засгаа дээш нь босгоогүй. Буруу хүмүүс рүү очиж наалдаж, өөрсдийгөө ядруу зүдрүү, Хятадад дарлуулсан болгож харагдуулах замаар хандив цуглуулж олсон мөнгөө үр дүнгүй зарцуулж ирсэн. Тэдэнтэй адил явах ёсгүй. Бараг сайн дураараа өөрөө өөрсдийгөө хэлмэгдүүлж болохгүй.
-Буддын шашны сургаалыг үр дүнтэй амьдрах, хийж бүтээх үйлстэй хамтад нь хослуулах хэрэгтэй гэсэн үг байх нь. Тийм үү?
-Манай багш бидэнд тэгж л заасан. Гол нь хаа байсан тэр түвдээс хандив тусламж гуйж олсон мөнгөөрөө наашаа орж ирж улс төр хийдэг болчихжээ. Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Шашны хагарлыг бий болгохыг санаархаж байна уу. Хэрэв тийм бол үүнийг зогсоох хэрэгтэй. Тэгэхээр энд ялгаа байгаа биз. Бид эндээ өөрсдийнхөө хүчээр сүм хийд барьж, сүсэгтэн олондаа буян ном үйлдэж, эдийн засаг бүтээж, түүхэн дурсгал, соёлын үнэт өв, эрдэм соёлыг өөрсдийн гараар бүтээгээд байдаг. Гэтэл тэнд өөрсдийгөө ядууруулж, зовлонгоо нэмчихээд монгол руу эрх ашгаа хамгаалахын тулд зөрчил нэмээд байдаг. Бид хэзээ ч хоосон чанар ярьж, хүмүүсийн тус дэмээр амьдрах гэж гуйлга гуйгаагүй. Хүн төрөлхтөний соёлыг Монголдоо дамжуулахыг хүссэн. Монголдоо номын сан, музей, гар урлалын бүтээл туурвих замаар энх тайванчаар ажиллаж, амьдарч яваа. Үүнийг манайхан ялгаж, салгаж ойлгодог юм. Боловсролтой байх, боловсролгүй байхын ялгаа нь энэ шүү дээ. Монголд уран барилга, боловсрол хэрэгтэй биз дээ. Эрдэм ном түрүүлж сурсан дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа боловсролтой хэсэг нь үүнийг бүтээхгүй бол боловсрол, мэдлэггүй гаднын нөхөд бидэнд бүтээж өгөх юм уу. Үгүй шүү дээ. Бид тэгэхэд археологийг хүртэл судалж байна. Манай Зава Дамдин гэгээнтэн тухайн үедээ археологийн чиглэлээр олон чухал олдвор илрүүлж байсан учраас бид бүхэн энэ насандаа энэ үүргийг нь нэр хүндтэй гүйцэтгэнэ гэсэн зорилготой байдаг.
-Амарбаясгалант, Чойрын дацан хоёр шүтлэг, дэг жаяг нь нэг гэдгийг уншигчид мэднэ. Үйл ажиллагаа нь ер нь хэр холбоотой байдаг вэ. Таныг Амарбаясгалант хийдээс тусгаарлаж, Чойрын дацанг байгуулсан гэдэг яриа гарсан нь ямар учиртай юм бэ?
-Амарбаясгалант хийдэд би 14 жил болсон. Рэнбүчи багшийгаа орлож, цорж лам хийн олон арван лам хувраг нарт хичээл зааж байсан. Энэ үеэр Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодорч, үйл хэргийг нь үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Хувраг, лам хүний хувьд ийм үүрэг хүлээчихээд Амарбаясгалантаас чойрын богд чиглүүлээд, Улаанбаатар хотоос Дундговь руу харсан шигээ суугаад байж болохгүй биз дээ. Яг ийм бодлоор Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт ердөө туурь төдийхөн нь үлдсэн байсан Чойрын сүмээ сэргээхээр ирсэн. Өөр ямар ч салан тусгаарлалт, хагарал зөрчил байхгүй. Нэг өрх айл байлаа гэхэд үр хүүхэд нь өрх тусгаарлаж, дор бүрнээ гэр бүлээ хайрлан хамгаалж, өнөр өтгөн айл өрх болбол сайн биз дээ. Амарбаясгалант, Чойрын хийд хоёрын хувьд үүнтэй л адилхан зүйл. Харин сүүлийн үед хагалгах, зөрчилдүүлэх гэсэн санаатай мэдээ мэдээлэл хэвлэлээр их явуулж байгаа харагдсан. Гэхдээ уг зорилго, мөн чанар, итгэл үнэмшил маань нэг байгаад нэг зорилгын төлөө явж байгаа болохоор гаднаас явуулж байгаа явуулгын үр дүнгээр зөрчилдөж, муудна гэж байхгүй л дээ.
-Гаднаас явуулж байгаа явуулга гэдэгт та дээр хэлсэн төвдүүдийн сонирхлыг хэлж байна уу?
-Ерөөсөө л тэр. Шашин гэдэг өөрөө ариун нандин зүйл. Ийм ариун нандин зүйлийг буруу аргад, буруу үзэл сурталд ашиглаж байгаа хүмүүсийг би хувьдаа шашны зүтгэлтэн гэж хэлж чадахгүй. Манайхан энэ бүхнийг ихэд уншиж, судалж, ойлгож ухаарахгүй бол эргээд боловсрол, мэдлэггүй, харанхуй бүдүүлгийн золиос болж ч мэднэ шүү.
-Та атомын цахилгаан станц барьж байгаа гэж мэдээлсэн байсан. Та бодит утгаар нь хэлэв үү. Эсвэл энэ мэдээлэлд зүйрлэл яваад байна уу?
-Аль аль нь байж болно шүү дээ. Энэ сарын 27-28-нд нээлтийг нь хийнэ. Очиж үзэхэд нээлттэй. Гол нь бидний хийсэн бүхэн Монгол орондоо үлдэнэ. Монгол орондоо сайн сайхан юм болж бүтэх учраас заавал ийм юм, тийм юм гэж хариулмааргүй байна. Очиж үзээрэй л гэж хэлье.
-Таны ярилцлагаас Зава Дамдин гэгээнтнийг бурханы сургаалаас гадна эрдэм оюуны үйл хэрэгт идэвхийлэн оролцож, Монголын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг ойлголоо. Таны тухайд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуай “Манай бурханы шашин улам батжин хөгжих, ер нь Монголын шарын шашин гэх тэр онцлогийг хадгалж, дэлхийд түүнийгээ түгээн дэлгэрүүлэхэд энэ хүн хувь нэмрээ оруулах байх. Өөрөө Швед, Англи, Түвд, Манж, Хятад гээд таван хэлийг эзэмшсэн хүн. Тиймээс миний хувьд рэнбүүчийг бурханы шашныг хөгжүүлэх үйлст үлэмж юм хийх байх, олон сайхан үйлс бүтээх байх, их буян үйлдэх байх гэж бодож, дотроо хүндэтгэж яваа даа” гэж ярьсан байсныг уншсан. Иймд таны буян номын үйл хэрэгт сайн сайхныг хүсье.
-Баярлалаа. Эрх чөлөө гэдэг хэврэг юм. Ердөө л 20 гаруй жилийн өмнө та бид эрх чөлөөний тухай ярих ч эрхгүй явж ирсэн. Магадгүй цаашид юу болохыг бид мэдэхгүй. Иймд сурч мэдэх, уншиж судлах бүхэнд цагаа гаргаж, дэлхийн хүн төрөлхтөний хөгжил дэвшилд ойрхон алхахыг монгол түмнээсээ хүсье. Харин шашинг аль урсгал, чиглэл байх нь хамаагүй шүтсэн бол шүтсэн шиг шүтэх хэрэгтэй. Шүтэж чадахгүй бол итгэл үнэмшлээ, өөрийнхөө сэтгэл зүрхийг хуураад явж болохгүй шүү гэдгийг хэлье. Төгсгөлд нь Дэлгэрийн Чойрын хийдээс Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Соёл урлагийн их сургуультай хамтран зохион байгуулж буй Зава Дамдин гэгээнтний 150 жилийн ойн арга хэмжээнд өргөн дэлгэр оролцож, итгэн үнэмших, сурч мэдэх, хөгжиж боловсрох үйлийн учир холбогдлыг ойлгон тунгаана уу хэмээн хүсье. Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ