Б.Баярмаа: Үерээс гурван хүнийг аварсан ч нэгийг нь алдчихсандаа түгшээд, хэцүү байна

Өчигдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үер бууж, гурван хүн амь насаа алдсан талаар бид мэдээлсэн.

Бидний нэрлэж заншсанаар 61-ийн гарамын зэргэлдээ, хуучнаар Партизаны САА, Жаргалант тосгонд дүүргийн удирдлага, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд, Онцгой байдлын алба хаагчид одоог хүртэл ажиллаж байна.

Жаргалант тосгон нь баруун, зүүн, хойд хэсгээрээ уулсаар хүрээлэгдсэн тогтоцтой тул уулын ам бүрээс урссан үерийн ус тосгоны дээд хэсэгт нийлж, төв зам дагуу үерлэн орж иржээ.

Үерт урссан гэрийн бүрээс, эсгий, автомашинууд, хашааны банз, байшингийн хана зэрэг ньлаг шаварт зоогдон овоорсон байдалтай, цэвэрлэгээний багийнхан газар ухагч трактор, хүрз, хамуур зэргээр ухан гаргаж, цэвэрлэж байгаа юм.

Үер тосгоныг чиглэн ирэх үед хашааныхаа гадаа байж, үерт урссан хоёр хүүхэд, нэг том хүнийг аварсан эхнэр, нөхөр хоёр тухайн үеийн нөхцөл байдлын талаар ийнхүү ярилаа.

Тэд “Үерийн ус яг том гол шиг, улаан бор өнгөтэй, эрчилсэн их ус байсан.Намайг хашааныхаа гадна байхад гурван хүүхэд дагуулсан нэг эмэгтэй даланг дагаад дээшээ алхаж байсан. Тэгээд л яах ийхийн зуургүй үерийн ус хүнгэнээд ороод ирсэн. Нөгөө эмэгтэй далан дээгүүр үсэрч гараад, хүүхэд тэвэрсэн охиныхоо гараас бариад гарах гэтэл усанд цохигдоод хамгийн бага хүүхдээ алдчихсан.

Түүний араас нөгөө гурав нь ч урссан. Би айж сандраад нөхрөө дуудаж орилсон. Усанд урсаж байсан эмэгтэйг татаж гаргах үед нөхөр маань нэлээд доороос нэг хүүхдийг гаргаад, дахиад ус руу орж харагдсан.

Үерийн ус хүчтэй урсаж байсан болохоор урсаж байгаа хүүхдийг авах үедээ нөхөр маань хөл алдаж, хоёулаа урссан. Би гэрээсээ дээс авчран нөхөр лүүгээ шидэж, тэднийг гаргасан.

Тэр үед нөгөө эмэгтэй “Гурван настай охин минь урсчихлаа. Авраач” гээд орилж байсан. Үнэндээ тэр хүүхдийг харж ч чадаагүй. Шөнөжин хайсаар цогцсыг нь олсон гэж дуулсан. Бид хоёр чадлынхаа хэрээр гурван хүнийг уснаас аварсан ч нэг хүүхдийг аварч чадаагүй болохоор сэтгэл түгшүүртэй, хэцүү байна. Их харамсалтай юм боллоо.

Одоо эндээ цаашид амьдрана гэхээс айж байна.

Төр засгийн байгууллага нь үер усны далан шуудууг хангалттай хийж өгөөсэй. Дахиад ийм үер орж ирэхгүй гэх баталгаа алга” хэмээн ярилаа.


Христийн сүм

Албан бус эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Жаргалант тосгонд байдаг Христийн сүм тухайн өдөр 60 гаруй хүүхдийг цуглуулан сургалт явуулж, бэлэг өгсөн байна. Хүүхдүүдийг бороо орохын өмнөхөн тараасан боловч хүүхдүүд харьж амжаагүй байхад үер болж, урссан талаар мэдээлэл өгч байлаа.

Амь эрсэдсэн гурван настай охины ах ч энэ мэдээллийг баталж, “Дүү нар маань сүмийн цугларалтад явсан. Ирж амжаагүй ийм зүйл боллоо. Би гэртээ байсан болохоор дүүдээ туслаж чадсангүй” гэсэн юм.

Нөхцөл байдалтай танилцсан ажлын хэсгийнхэн хуралдаж, цаашид авах арга хэмжээ, иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар шийд гаргах аж. Ингээд газар дээр нь ажиллаж байгаа СХД-ийн Засаг даргын орлогч н.Ганбаатараас зарим асуудлыг тодрууллаа.

Үер, хохирлын талаар мэдээлэл өгнө үү?

Долоодугаар сарын 25-ны өдрийн 16.30 цагт СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд 15 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Онцгой байдлын алба хаагчид, СХд-ийн Онцгой комисс газар дээр ньажиллаж байна. Гурван хүний амь нас эрсэдсэн нь хамгийн харамсалтай хэрэг байлаа. Мөн дөрвөн хүнийг ар гэр, онцгой байдлын алба хаагчид хамтран аварсан байна.

Одоогийн байдлаар долоон айл орон гэргүй болсон. Байшин, гэр нь нурангид дарагдсан, урссан байдалтай байна. Мөн автомашинууд урссан байна. Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг гарсан. Хараахан дүгнэлт гарах болоогүй.

Үерт дайрагдсан голомтод яг ямар ажил зохион байгуулж байна вэ?

Ариутгал халдваргүйжүүлэлт хийх, орчны бохирдлыг цэвэрлэх, хунгаралсан лаг шаврыг ачиж, зөөх зэрэг ажлууд хийгдэж байна.

Орон гэргүй болсон айлуудад ямар тусламж үзүүлэх вэ? Тухайлбал, зургаан хүүхэдтэй айл хоосон хашаандаа сууцгааж байна?

Гамшгийн тухай хуульд яаралтай гамшиг гарсан тохиолдолд орон гэргүй хүмүүсийг орно байр, хоол хүнсээр хангах заалт бий. Бид орон гэргүй айлуудыг сургууль, цэцэрлэгийн байруудад түр байршуулж, яаралтай орон гэртэй болгох асуудлыг шийднэ.

Хохирлын хэмжээг тодорхойлох үнэлгээний баг ажиллаж байна. Дэлхийн зөн, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад айл өрхүүдийг орон гэртэй болгох асуудал яригдаж байна.

Газар дээр нь ажилласан ажлын хэсэг одоо хуралдана. Хурлаар олон шийдвэр гарах байх.

Ц.Анх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ