АН-ын эсэргүүцээд буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бусад намуудын удирдлага юу хэлж байв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав. Харин эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулах "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ Төрийн ордонд зохион байгуулсан. Тэгвэл АН-ын эсэргүүцээд буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тухайн үед улс төрийн намуудын удирдлага ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

Б.Зоригоо: Улс төрийн намуудаар хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол уучлаарай шүү

Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: 1992 оны сонгуулийг хэдэн сум, нэгдлийн дарга нар сууж байгаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл модон морьтой болчихсон учраас өөрчлөх нь зөв. Улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулах ёстой байсан болов уу. Тэд өөрийн гэсэн үзэл баримтлал, концевцтэй орж ирэх байсан. Гэтэл өчигдөр урилга өгөөд өнөөдөр материал тарааж өгч хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол ёстой уучлаарай шүү.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнд бид эргэлзэхгүй байгаа. Энд болохгүй зүйл байгаа.

Харин гоё сайхан хэллэгээр ард иргэдийн амгалан тайван, эрх чөлөө гэх мэт сайхан зүйл бичсэн ч дарга нарын эрх мэдлийн хуваарилалтын талаарх заалтууд л энэ өөрчлөлтөд орсон байна. Аливаа улсын үнэт зүйл нь ард түмэн байдаг. Гэтэл үндсэн хуулийн нэгийн нэгдүгээр зүйлд монгол хүн Монголын Улсын баялаг гэдэг үг яагаад байж болохгүй гэж. Энэ заалтыг оруулж болох байсан. Гэтэл дандаа дарга нарын эрх мэдлийн талаар заалт оруулчихсан байх юм. Мөн Монгол Улсын газар нутгийн тухай заалтыг яагаад оруулж өгөөгүй юм бэ. Монгол хүн байхгүй бол Монгол Улс гэж хэн нэрлэх юм. Монголын газар нутаг байхгүй бол биднийг хэн монголчууд гэх юм бэ. Тиймээс эдгээр заалт, өөрчлөлтүүдийг оруулах ёстой байсан юм болов уу.

Үндсэн хуульдаа алдаа завхрал гараад байгаа Сонгуулийн хуулийн завхарлыг тусгаад хуульчлаад өгөх хэрэгтэй. Манай улсад сонгуульд болохгүй байна гэж байгаа. Монгол Улсад хамгийн их өөрчлөгдсөн хууль бол Сонгуулийн тухай хууль. Гэтэл сайжирсан нь хаана байгаа юм. Хэрвээ өөрчлөөд сайжирдаг байсан бол өөрчлөөд сайжрахгүй байгаа хуулийг Үндсэн хуульдаа давхар тусгаж өгөөд тодорхой хэн ч өөрчилж болдоггүй дураараа эрх мэдэл авсан олонх нь шийддэггүй. Өнгөрсөн хавар бид АН-ынхан та нар дарвалзаж байгаад МАН-д арьсаа хуулуулав аа гэж хэлж байсан. Харин өнөөдөр есүүлэхнээ сууж байна. Үнэхээр хохь нь. Энэ мэт Үндсэн хуульд төрийн албан хаагчдыг улс төрийн намуудыг гишүүнчлэлгүйгээр хуульчилж өгөөч. Түүнийг нь улс төрийн намуудын тухай хуульдаа олигтойхон шиг өөрчлөхгүйгээр явуулаач. Манай танай гишүүн гэж л холиж солиод байгаа болохоос Монгол Улсын хөгжлийн төлөө сайн, муу юм хийсэн гэдгээр нь халж солихгүй байгаа шүү дээ.

Та бүхний тарааж өгсөн энэ өөрчлөлт чинь ямар нэгэн үзэл санаа алга. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахын тулд бүтэн жилийн хугацаанд мэргэжлийн инстетиуци, хуульчид, Монгол Улсын төлөө санаа зовдог хүмүүс нийлж байгаад нэгдсэн нэг драпт гаргаж байгаад түүнийгээ иргэдэд нээлттэй хэлэлцүүлээч. Энэ бүхнийг анхаарч ажиллавал бид бүхэн хамтарч ажиллахад бэлэн байна.

Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь монголын баялагийг хувааж идэх гэсэн арга

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь монголын баялагийг хувааж идэх гэсэн арга. Өнөөдрийн баячууд их мөнгөтэй болчихсон учраас та нарыг дарамталж байгаа. Энэ нь бодит байдал. Үүнд социал демкрат нам хоёр дахь удаагаа хөтлөгдөн оролцож, үндсэн хуулийг өөрчлөхөд гардан зохион байгуулж байгаагаа болих хэрэгтэй. Та нарт ёс суртахууны эрх байхгүй. Үндсэн хуулийн гацаа нь дордсон долоон өөрчлөлт юм байна гэдгийг бид өнөөдрийн хэлэлцүүлгээс ойлголоо. Гацаагаа гаргачихвал АН, МАН, монголын ард түмэнд ямар ашигтай байх юм бэ.

Эхлээд дордсон долоон өөрчлөлтөө буцаацгаа. Олон улсын байгууллагууд танай Засгийн газар үндсэн хуулийн бус Засгийн газар байна гэдгийг хэлээд байна. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц нь танай Засгийн газар бишээ гэж хэлээд байхад та нар сонгоод хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийлгээд байна. Энэ нь яваандаа аюултай. Өөр хүчин Засгийн эрх авах юм бол та нарын Рио тинтотой хийсэн гэрээг чинь цуцалчихаж болно.Яагаад гэвэл Үндсэн хуулийн 6.1-д ард түмнээс асуух ёстой гэж заасан байна.

н.Төмөрбаатар: Брэнд болсон хуулиа самраад хаячих юм бол МУ-д улс төрийн тогтворгүй байдал үүснэ

Судлаач Төмөрбаатар: Монгол Улсад тогтвортой байгаа ганц хууль нь үндсэн хууль. Улс төрийн тогтвортой байдал, Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгийг харагдуулж байгаа зүйл бол энэ. Ганц тогтвортой байгаа цонх хагалахгүй хийсэн хууль гэж брэнд болсон хуулиа самраад хаячих юм бол Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. АСЕМ ирээд танай эдийн засгийн, улс төрийн хямрал чинь улс төрийн булчимгүй үйлдэлээс чинь гарч байна гэдгийг хэлсэн. М.Энхболд дарга бадар гуйгаад явахад нь “Та нар гаргасан шийдвэртээ үнэнч байдаггүй учраас бид та нарт яаж итгэх юм бэ” гэж хэлсэн байсан. Бид нар Монгол Улсын иргэн хүн болохоор та нарын ард бас ичдэг.

Ц.Шинэбаяр: Засгийн газарт бүх эрхийг өгнө гэдэг нь маш аюултай

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр: Үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө энэ ҮХ нь үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, зорилтоо биелүүлсэн эсэхийг дүгнэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улс хөгжлийн ямар чиг зам дээр очиж, ард түмэн ямар ололт амжилтыг хүтэх үү гэдэг концевц нь тодорхой бус байна. Зүгээр л зөвлөлдөх нэрийн дор УИХ, Засгийн газрын бүтцийн хүрээнд яригдсан зүйлийг өнгө засал хийсэн төдий Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгааг нь эсэргүүцэж байна. Засгийн газарт бүх эрхийг өгнө гэдэг нь Засгийн газар гадныханы захиалгат даалгаврыг УИХ-д оруулахгүйгээр шийддэг болгох гэсэн санаа яваад байна гэж харж байгаа.

Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй

ТТЭНН-ын дарга асан Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох ёстой. Сум, дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонговол нийт 500 гаруй депутат бүрдэнэ. Ингээд энэ депутатууд 2020 онд Үндэсний зөвшилцлийг бүрэн хангаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Л.Гүндалай:Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай:Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг би их сайн болсон гэж боддог. Хүний эрх, эрх чөлөө, төр хувь хүний хоорондох харилцаа, хувийн өмчөө зааж өгөөд ер нь үндсэн юмнууд нь орчихсон. Үүнийг үргэлж өөрчлөөд байх шаардлагагүй. Гэхдээ 25 жилийн хугацаанд ялангуяа Засгийн газрын тасралтгүй явах үйл ажиллагаанд зарим нэгэн гадаа үүсэх зүйлүүд гарч байсан. Тэрийг бол дордсон долоо гэж хүмүүс яриад байдаг би бол үгүй байх гэж боддог юм. Жишээ нь, Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайдаа оруулахгүй гацаагаад суучихдаг зэргийг болиулсан гайгүй заалтууд болсон гэж боддог. Хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тулгуур зарчмууддаа л хүрэхгүй байх ёстой. Төрөөс хүнийг дарангуйлахгүй байх хууль байвал дэмжинэ. Бусад жижиг гацаа үүсгэсэн зүйлсийг арилгах нь зүйтэй юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд харагдсан гацаад байгаа юмнууд бий шүү дээ. Ерөнхийлөгч жишээлбэл, шүүгч нарыг томилдог. Яагаад шүүгч нарыг тэр хүн томилох ёстой юм. Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан. Одоо санал болгож байгаа өөрчлөлтүүд ч гацааг арилгасан, амьдралд нийцсэн зүйл харагдаж байна.

Г.Ганбат: Үндсэн хуулийг маш нухацтай боловсруулах ёстой

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард түмэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлтэд тохирсон өөрчлөлт хийгээд ирэхээр эсэргүүцэх юм байхгүй. МАН долоо хэмжиж нэг огтолно гэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт процессын шинж чанартай байна. Үндсэн хуулийг маш нухацтай боловсруулах ёстой. Эрдэмтэн мэргэд, ард түмэн, улс төрийн намуудын оролцоог хангах хэрэгтэй. Ил тод нээлтгэй хиймээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ