М.Ганбаатар: МАН-ын фракциуд дараагийн удирдлагыг битгий шийдээсэй
МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатартай ярилцлаа.
-ЗАСГИЙН ЭРХЭНД БАЙГАА ТУСМАА БИД ИЛҮҮ АРДЧИЛАЛТАЙ, ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ-
-Хөндлөнгөөс харахад МАН нэгэн хэв загварт баригдаж, дарга болдгууд нь л ээлжлэн дарга болоод, эгэл жирийн гишүүдийнх нь хувьд ямар ч ахиц дэвшил байхгүй байдал олон жилийн турш үргэлжилж байна. Залуус эртнээс л намаа эрүүлжүүлж, шинэчлэлийн тухай дуугарах ёстой байсан юм болов уу. Таны үгийг сонсъё?
-МАН Засгийн эрхэнд гараад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Мэдээж энэ бол аливаа зүйлд дүн тавих хугацаа биш. Гэхдээ бид өнгөрсөн 2012-2016 онд нэг унахдаа яаж унадгийг харсан шүү дээ. Энэний урьдчилан сэргийлэх гол вакцин нь ардчилал, тэмцэл юмаа гэдгийг миний хувьд олж харсан. Бид энийг цаг тухайд нь хэлж ярьж, тэмцэж байх ёстой юм байна. Энэ дарга, тэр дарга, энэ минь тэр минь гэж байж болохгүй юм байна гэсэн бодол 2012-2016 онд ялагдсаны дараа надад төрж байсан. Тэгж хийх минь яав, ингэж хэлж байх минь яав гэж бодож явсан. Одоо бид хэлэх зүйлээ хэлээд, ярих зүйлээ яриад явна. Засгийн эрхэнд байгаа тусмаа бид илүү ардчилалтай, илүү нээлттэй байх ёстой.
-Та МАН-д ямар албан тушаал хашдаг вэ?
-Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын орон тооны бус дэд даргаар ажиллаж байсан. Бид тэмцэнэ, үгээ хэлнэ. Гэхдээ зөв, соёлтой тэмцэнэ.
-Ерэн жилийн түүхтэй, Монголын ууган намын шинэчлэлийн тухай асуудал яригдаж эхэллээ гэж ойлгоод байгаа. Зөв үү?
-Тийм ээ. Намын шинэчлэл гэдгийг бид юу гэж харж байна вэ гэхээр, энэ намд ердөө ганц л алдаа дутагдал байгаад байгаа. Удирдлага нь дээшээгээ тасраад явчихсан, доороо жирийн гишүүд нь бахь байдгаараа үлдчихсэн, ийм байдалтай олон жил болж байна. Энэ байдлыг засъя л гэж байгаа юм. Бид бүхний хамгийн гол тавьж буй шаардлага юу байна вэ гэвэл намын Удирдах зөвлөлд намын анхан шатны нэгжийн гишүүд, дэмжигчид, үүрийн төлөөлөл 50 хувь хүртэл байх ёстой. Энэ 50 хувь нь аливаа дарга, сайдын ямар нэгэн амбицгүйгээр орсон байх ёстой. Ингэж үйл ажиллагаагаа эхлээд явуулж чадвал энэ намын цэвэр шинэчлэл болж чадна. Нөгөө талдаа намын цэвэршилт, шинэчлэл нь төрийн цэвэршилт болно. Та бүхэн мэдэж байгаа. Эрх барьж буй нам Удирдах зөвлөлөөрөө аливаа албан тушаалын томилгооноос эхлээд бүхнийг шийддэг. Бид зөвхөн албан тушаалын томилгоо биш, улс эх орны хөгжлийг ярьж хэлэлцдэг, шийддэг, алдаа дутагдал байвал шүүмжилж засдаг ийм байгууллага байгаасай л гэж бодож байгаа юм.
-24 цагийн хугацаатай тайван суулт зарласан. Одоогоор ямар хүмүүс хамрагдаад байна вэ?
-МАН-ын гишүүд дэмжигчдийн тайван суулт үргэлжилж байна. Өчигдөр 14:00 цагт тайван суултаа гурван хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн. Нэг гол зүйл юу вэ гэхээр бидний оролцоогүйгээр, эхнээсээ намын гишүүдийн бодол санаагүйгээр намын шинэчлэл нь явчих вий дээ. Ямар нэгэн онол ч юм уу, популист ч юм уу, албан тушаалд хөтлөгдсөн хэн нэгний бодлого, шийдвэрээр явчих вий дээ гэж урьдчилсан сэргийлж энэ суултыг хийж байгаа.
-БИДНИЙГ АРДЧИЛСАН НИЙГЭМД ХЭН ХОРИГЛОЖ ЗОГСООЖ ЧАДАХ ЮМ БЭ-
-Намын шинэчлэл ярьж буй хүмүүсийг МАН-ын Зүүний хүчний холбооныхон, Сү.Батболдын фракц турхирч, энэ суултыг хийлгэж байгаа гэсэн мэдээлэл бий. Та юу хэлэх вэ?
-Бид хэн нэгний захиалгаар ч юм уу, хэн нэгний эсрэг турхирагдсан юм биш ээ. Мэдээж нам дотор янз бүрийн бодол санаа, зорилго чиглэлтэй хүмүүс байна. Гэхдээ бид хэний ч гар, хөл биш. Бид залуучууд. Цаашид идэвхтэй байх ёстой. Бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байна. Бид их юм хүсээгүй. Бид зөв болгоё гэсэн зарчмыг л тавьж байгаа. Яагаад бид идэвхитэй байж болохгүй гэж. Заавал хэн нэгний албан тушаалын шунал тачаалд түлхэгдэж явах ёсгүй шүү дээ. Бидэнд хэнийг ч өмгөөлж хамгаалах бодол байхгүй. Бидний уриа буруутай бүхний бурууг хүлээлгэх. Бид энийгээ л биелүүлэх ёстой. Бидний хэн ч ямар ч албан тушаал, наймаа арилжаа бодоогүй.
-Хүмүүс хэр их дэмжиж байна вэ?
-Биднийг зарим нь сайн байна, дэмжье гэж байна. Зарим нь чи Тавантолгойд очиж “Белаз” барь гэж байна. Яагаад заавал бид “Белаз” бариад, зарим нь төр улсын эрх барих ёстой юм бэ. Бид хамтдаа л байх ёстой. Тэгэхээр бид өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж, идэвхитэй байх ёстой. Би өөрийгөө тэмцэж шалиагүй ч гэлээ идэвхитэй иргэнийхээ үүргийг л гүйцэтгэж байна гэж ойлгож байгаа. Энэ намд өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаа, энэ намаар дамжуулаад төр засагт өөрийн дуу хоолойгоо хүргэж байна л гэж ойлгож байгаа.
-Ж.Мөнхбат “Манай намд хүний нөөц, хариуцлагын тал дээр олон жил бугшсаар ирсэн тэр бэтгийг хага татаж шахах ёстой” гэж хэлсэн байсан. Энэ мэтчилэн МАН-ын дотоодын нөхцөл байдал хурцдаж, аргаа барахаараа “тэсэрч” буй хэрэг байж болох юм?
-Тийм. Ялангуяа нэг унаад боссон хүн гэдэг өөр байдаг. Өмнө нь бид ялагдаад сургамж авсан, дахиад бид энэ асуудалдаа өнгөцхөн хандаж болохгүй ээ гэдгээ л харуулж байгаа юм. Ер нь “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг шиг бүх гишүүдээрээ хэлэлцчих ээ, бүх гишүүдийнхээ оролцоог хангачих аа. Зөвхөн албан тушаалд дулдуйдсан хүмүүсээр удирдлагын баг бүрдэх магадлал өндөр байна. Үүнийг бууруулъя л гэдэг зарчим яриад байгаа юм.
-Урдны он жилүүдэд та бүхний “ам”-ыг намын удирдлагууд юугаар таглаад байсан хэрэг вэ гэж гайхаж байна л даа?
-Биднийг энэ ардчилсан нийгэмд хэн хориглох юм бэ. Хэн хориглож зогсоож дийлэх юм бэ. Бид шинэ тэмцлийн арга хэлбэр л гаргаж ирж байна гэж ойлгож байна. Тайван суулт урд нь хэрэглэгдэж байсан ч гэлээ ингэж өргөн хүрээтэй хэрэглэж байсан түүх байхгүй. Хонож өнжөөд, 24 цагаар суулт хийж байсан түүх бага. Бид дараа дараагийн тэмцлээ хийгээд л явна. Бид үзэл бодлоо илэрхийлээд явна. Энэ нь эсрэгээрээ ардчилал өндөртэй нам л гэж харагдана. Тэрнээс талцаж хуваагдаад, нэгнээ намнаад байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ.
-Аливаа зүйл хэмжээнээсээ халиад ирэхээр асуудал үүсдэг. Танай намд яг тулгамдсан ямар асуудал ноёлж байна вэ?
-Би түрүүн хэлсэн. Намын удирдлагууд хэтэрхий дээшээ тасарчихсан, жирийн гишүүд нь доор үлдсэн гээд. Өнгөрсөн жил бид үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэндээ эрдэж бардах, бас нэг жаахан дээрэнгүй зан гаргасан явдлууд бас бий гэж бодож байгаа. Энийгээ бид засаж залруулж явах ёстой. Нөгөө талдаа энгийн гишүүд, иргэдийнхээ дууг сонсохгүй байх, тэдний аж амьдралд нөлөөлсөн шийдвэр бага гаргасан асуудал байгаа. Энийгээ засахын тулд л бид тэмцэж байгаа юм.
-БИД “ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН” БОЛЖ НЭГДСЭН-
-Гурвуулаа эхэлсэн суулт богино хугацаанд олныг хамарчээ?
-Намын гишүүд дэмжигчид ирж дэмжиж байгаа. Цай, хоол зөөж авчирч байгаа. Бид гэхдээ энд тэднийг хүчилж, дуудаж авчирсан зүйл байхгүй.
-Танай намын удирдлагууд та бүхний суултыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Бидэнтэй уулзах байх гэж хүлээж байгаа. Олон жил хамт явсан бие биенээ танина. Миний хувьд МАН-д элсээд 18 жил болж байна. Уулзах байх, ярилцах байх. Яагаад ийм нөхцөл байдал үүсч байгаа талаар сонсох байх гэж бодож бид суулт хийж байгаа. Тэрнээс бид сонсохгүй бол ийм үйлдэл хийхгүй шүү дээ.
-Хэрвээ удирдлагууд чинь та бүхний бодол санааг сонсохгүй, хүссэнээр чинь ирж уулзахгүй бол 24 цагийн суултын дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Шаардлагаа хүргүүлнэ. 14 цагаас өмнө ирж бидний шаардлагыг авна гэсэн. Энд дээр дурдсан шаардлагуудаа ерөнхийд нь багцлаад хэлж байгаа. Гэхдээ бид гурав хоногийн хугацаатай шаардлага өгнө. Бид үйл ажиллагаагаа зогсоохгүй. Бид хөдөлгөөн болж нэгдсэн.
-Ямар нэртэй вэ?
-“Эсэргүүцлийн хөдөлгөөн”. Бид аливаа буруу бүхнийг бүх шатанд эсэргүүцнэ гэдгээ л хэлж байгаа. Хэрвээ 24 цагийн суултын дараа намын удирдлага ямар нэг байдлаар бидэнд хариу өгөхгүй бол дараагийн суултынхаа хугацааг уртасгаад явна. Бид хэн нэгнийг буруу, бусармаг зүйлд уриалж турхирахгүй. Бид соёлт ард түмэн. Соёлтойгоор тэмцэнэ гэсэн бодолтой байна.
-Хөндөхгүй орхиж болохгүй асуудал бол 60 тэрбумын тодотголтой төрийн өндөр албан тушаалын наймаалцал. Бичлэгт байгаа М.Энхболд, Сундуй, Ганбаатар нартай хэрхэн хариуцлага тооцохоор төлөвлөж байна вэ?
-Энэ бол байж болохгүй асуудал. Алдаа гаргасан бол алдаа гаргасан хүн хариуцлагаа хүлээх л ёстой. Хамгийн том хариуцлага бүгд л шат шатандаа өөрчлөгдөх л хариуцлага байгаа. Бүх буруутай хүмүүс шат шатандаа өөрчлөгдөөд явна. Энэ бол гарцаа байхгүй үнэн.
-Танай намын гишүүн Ганхуяг МАН-д “Тод манлайлал” үгүйлэгдэж байна гэж бичсэн байсан. Та санал нийлж байна уу?
-Ер нь иргэдийн төлөө явсан хүнийг монголчууд мэддэг шүү дээ. Мөн гишүүдийнхээ төлөө зүтгэсэн хүнийг МАН-ын гишүүдийн зүгээс дэмждэг. Үнэхээр гишүүдийн манлайлал, гишүүдийн дэмжлэгийг олж аваад, биднийг манлайлах, удирдах олон сайхан “баатрууд” төрөөсэй л гэж бодож байна.
-Сүүлийн үед МАН дотор фракци хоорондын зөрчил хурцдаж, байдал ширүүхэн байгаа дуулдаж байна?
-Бидний гол тавиад байгаа зүйл фракциуд дараагийн удирдлагыг битгий шийдээсэй. Дараагийн удирдлагыг эгэл жирийн гишүүд шийдээсэй гэж хүсч байгаа.
-МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гол шалтгаан юунд байсан гэж дүгнэж байна вэ?
-Яг хөрсөн дээр бууж ажиллаж чадаагүй, бодлого шийдвэр нь иргэдэд тулж очиж чадаагүй гээд мэдээж алдаатай олон үйл ажиллагаа байгаа. Тэр болгоныг бишгүй л ярьж байгаа.
-Та МАН шинэчлэгдэнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Итгэж байгаа болоод ингээд улаан малгай өмсөөд, үүдэнд нь сууж байна даа.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ