"Халууны улирлын башё илүү тэвчээр шаарддаг "
-Хамгийн ойрын зорилго бол ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан их аварга Китанонимийн тогтоосон 63 башёг ахиулах, дээд зиндаанд 1000-с дээш даваа авах-
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2017.07.24/ эх орондоо ирлээ. Түүнийг Буянт-Ухаа нисэх буудалд аав, ээж, ах дүүс болон дархан аварга Г.Өсөхбаяр, шинэхэн арслан Ц.Содномдорж нарын хүчтэнүүд угтсан юм.
Хакүхо гадна хүлээж байсан ард иргэдтэй уулзахаас өмнө сэтгүүлчидтэй ярилцсан. Ингээд түүний яриаг хүргэж байна.
-Нагоя башёд түрүүлж, сүмогийн түүхэнд шинэ амжилт тогтоосон танд халуун баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Мэдээж башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Харүмафүжи Д.Бямбадорж аваргыг ялж, 39 дэх түрүүгээ авах зорилготой байсан. Өөрийгөө маш сайн хурцалж, хүчилсэний үр дүнд олон давааны ард гарсан учраас их хичээсэн. 14 даваатай башёг өндөрлүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Бас сүмогийн түүхэнд шинэ рекордыг тогтоож, озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиуллаа. Өөрийн 39 дэх түрүүгээ хүртсэн гээд сайхан амжилтуудтай эх орондоо ирж байгаадаа сэтгэл өндөр байна.
-Нагоя башёгийн дундаас аварга Какарюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас орхисон. Гэсэн ч хүчтэй бөхчүүд олон байлаа. Та гол өрсөлдөөнийг нэрлэхгүй юу?
-Японы аварга Кисэносато өмнөх башёнуудад түрүүлж сайхан амжилтыг үзүүлсэн. Харин Нагоя башё эхлээд сайн барилдах бөхчүүдийн тоонд орж байсан аваргууд унаж эхэлсэн. Эндээс нэг зүйлийг анзаарч харлаа. Аав минь их ярьдаг байсан. Монгол хүн хүйтэнд тэсэхээс халуунд тэсэхэд хэцүү гэж хэлдэг байлаа. Тэр их ортой санагддаг. Халуун гэдэг бол нүдэнд харагддаггүй өрсөлдөгч гэмээр хүнд асуудал юм болов уу гэж боддогийн. Халууны улиралд илүү их хүч шаарддаг. Энэ үед биеийн энергээ тэнцвэржүүлэх, хоол ундаа сайн тохируулах нь чухал байдаг. Тиймээс Нагоя башё их халууны үед болдог. Энэ башёд аварга Какүрюү, Кисэносато нараас гадна сайн барилдах залуу бөхчүүд ч тэмцээнийг орхиж байсан. Миний хувьд өөрийгөө маш сайн дайчилж сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн байраа алдалгүй барилдсандаа сэтгэл хангалуун байна.
-Таны хувьд олон жил сүмогийн дэвжээнд барилдаж байна. Олон олон амжилтыг эвдлээ. Цаашдын тэмүүлж байгаа зорилгоосоо хэлэхгүй юу?
-Мэдээж зорилго их бий. Гурван жилийн дараа Токио хотноо олимпийн их наадам болно. Монгол Улс анх удаа “Токио 1964” олимпийн наадамд оролцож байсан түүхтэй. Аав минь 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан гээд сайхан түүхийн дурсамжууд байна. Тодорхой хэмжээний шат ахисан зорилго байдаг. Хамгийн ойрын зорилго бол ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан их аварга Китанонимийн тогтоосон 63 башёг ахиулах, дээд зиндаанд 1000-с дээш даваа авах гээд. Үнэндээ дээд зиндаанд 1000 давсан бөх байдаггүй юм билээ. Энэ мэтчилэн олон зорилго бий. Мөн энэ долдугаар сарын башёд арав дахь жилдээ барилдлаа. Гэтэл доод зиндаанд шавь маань түрүүлсэн гээд сайхан үйл явдал болсон.
-Та урьд нь амлалт өгөөд буцдаг. Амлалтаа биелүүлдэг. Одоо ямар амлалтыг өгөх вэ?
-Ер нь хүний үг хурц, бодол гүн байдаг. Манай эхнэр надад хэлж байсан. 30 түрүүлсэн бөх хоёр байдаг. Таньтай нийлээд гурав болж байна. 40 түрүүлсэн бөх байдаггүй гэж хэлж байсан. Тэгэхээр бас дахин нэг зорилго тавих юм бол тэр сайхан өндөрлөгт хүрч 40 дэх түрүүгээ авахын төлөө хичээн барилдана гэж зорьж байна. Баяр наадмын дараа эх орондоо ирээд ингээд баярлаад суух сайхан байна. Шинэхэн арслан Ц.Содномдорж маань угтаж авлаа. Хүүхдүүдээ өвөө, эмээтэй нь уулзуулаад нутагтаа сайхан амраад буцна даа.
-Долдугаар сарын башё Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцдаг. Сүмочдын баяр наадам хэрхэн өнгөрдөг вэ?
-Наадмын хоёр өдөр бол миний хувьд их хариуцлагатай байдаг. Наадам миний сэтгэлд их тод. Мэдээж бөх бүр даваа авах гэж бүгд барилддаг. Аав минь Төрийн их наадамдаа олон жил хүчийг үзэж, ард түмнээ баярлуулж дархан аварга болсон. Надад наадмын хүүхдийн барилдаанд барилдаж байсан үе бий. Тиймээс наадмын өдөр унахгүй гэдэг бодол хэдийн сэтгэлд суусан байдаг. Сэтгэл жаахан гэгэлзсэн байдалтай байдаг. Мэдээж өөрийн дэмждэг бөхөө харна. Тэгээд наадмын хоёр өдрийг дуусгаад сэтгэл амар барилдана даа. Ер нь ингэж сэтгэл хөдөлж байгаагүй юм билээ. Энэ жилийн долдугаар сарын тэмцээний дараа их догдоллоо. Сүмогийн ноён оргил амжилтуудыг хөх монгол, монгол хүний хүүхэд тогтоож байгаадаа сэтгэл хангалуун байна. Өнөөдөр анх очиж байсан үеээ дурсахад сайхан байна.
-Та тэр үеийнхээ дурсамжийг эргээд нэг дурсаач?
-62 кг-ын жинтэй жаахан хүү очиж байсан шүү дээ. Намайг анх очиж байхад японоор муяши гэдэг байсын. Солонгос хоолны цагаан гоймон байдаг шүү дээ. Би тийм л хочтой байсан. Тийм хүүхэд ийм болно гэж хэн ч төсөөлж байгаагүй гэдэг. Би энэ сайхан эх нутагтаа төрж, өсөж, арлын оронд сүмогийн амжилтыг ахиулж чадсандаа үнэхээр сэтгэл өндөр байна. Монгол хүний хүч тэнхээг дэлхий дахинд таниулж чадсандаа баярлаж байна. Цаашид энэ ноён оргилыг бататгаж, сүмо сонирхогчдоо баярлууна гэдгээ энэ дашрамд хэлмээр байна.
-Та барилдааныхаа арга техникийг өөрчлөх шаардлагатай юу. Залуу бөхчүүдтэй цаашид хэрхэн барилдах вэ?
-Би сүмогийн ертөнцөд гурав, дөрвөн үеийн бөхчүүдтэй барилдаж байна. Асашёорюү Д.Дагвадорж аваргатай өгөө, аваатай барилдаж байлаа. Сүүлд ганцаараа их аварга боллоо. Одоо залуу үетэйгээ барилдаж байгаадаа сайхан байна. Ер нь залуу үе миний харснаар их удаан хугацаанд дээшээ гарч байна уу гэж санагдаж байна. 2-3 жилийн өмнө манай залуучуудад боломж их байсан. Гэхдээ 1980-аад оны залуус үнэхээр зоригтой, хийморьтой байгаа нь харагдлаа.
-Доороос гарч байгаа залуучуудыг харж байхад япон бөхчүүд олон байна гэж харагдаж байна. Монгол бөхчүүдээс одоогоор Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өндөр цолтой барилдаж байна. Харин та нарын халааг аваад аварга, арслан цолонд хүрэх монгол залуусын үргэлжлэл тасраад байна уу гэж харагддаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар би заримдаа лекц унших үедээ хэлдэгийн. Би хотод төрсөн хүүхэд. Гэхдээ би өлсөж үзээгүй. Харин хааяа хөдөө явдаг. Гэтэл тэнд очихоор өлсөөд байдгийн. Мэдээж хөдөө очсон хүүхэд аргал түүх, ус зөөх, хонь хариулах гээд байгальтай их ойр байсных юм болов уу. Энэ нь хүнийг тэсвэр тэвчээртэй болгож хүмүүжүүлдэг чаддаг. Сүүлийн үеийн залуусыг харахад байгалиасаа хол байдаг тал харагддаг. Миний хувьд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нартаа ихээхэн найдлага тавьдаг. Мөн одоо гарч байгаа залуу үедээ их итгэж найдаж байгаа. Саяхан Тотүри муж Төв аймагтай ах дүүгийн барилдлагатай хот болсон. Энэ хотод “Хакүхо кап” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Баянхонгор аймгаас ирж суралцаж, сүмогийн бэлтгэл хийж байгаа н.Сосорхүү гэж залуу байгаа. Би энэ жаахан хүүд их найдлага тавьдаг. Ер нь сүмогийн сургуульд монгол хүүхдүүд их орж байна. Тиймээс монгол залуустаа ихээхэн найдлага тавьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ