Д.Мөнхбаатар: Чингэлэг унаж бүгд хүнд бэртсэн ч гэр бүлээрээ амьд үлдлээ

gemteh-ЧИНГЭЛЭГ АЧСАН АВТОМАШИН ХУРД ХЭТРҮҮЛЭН ЯВЖ БАЙСАН ГЭВ-

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар, гэрлэн дохион дээр чингэлэг ачиж явсан том оврын ачааны автомашин хурд хэтрүүлэн явсны улмаас “Приус-11” маркийн суудлын автомашин дээр чингэлэг унаж, нэг айлын таван хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ талаархи дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 12:10 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн байна.Замын цагдаагийн албанаас чингэлэг ачиж явсан ачааны машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй юм. Урьдчилсан байдлаар, тухайн чингэлэг ачиж явсан машины тормоз эвдэрсэн хэмээн дүгнэсэн байна.

Тус ачааны чингэлэгт дарагдсан “Приус-11” маркийн машинд 36 настай эрэгтэй, 15 настай эрэгтэй, гурван настай эрэгтэй хүүхэд болон долоон сартай эрэгтэй хүүхэд нийлсэн гэр бүлийн таван хүн байсан бөгөөд тэд өнөөдөр амьд байгаадаа талархан сууна.

Бид дээрх гэр бүлийнхэнтэй уулзахаар ГССҮТ-д очлоо. Нэг гэр бүлийн таван гишүүн бүгд тархи, нуруу, нугасны хүнд зэргийн гэмтэлтэй хэмээн оношлогдон, одоогоор эмчлүүлсэнхэвээр байгаа юм.

Биднийг очиход гурван настай дунд хүү болон долоон сартай бага хүүхэд нь тариа болон дусал залгуулсан, ээж нь нугас, хүзүүндээ гэмтэл авсан учраас хөдлөх боломжгүй, хүүхдүүдийн аав тэдний эмчилгээг хийлгэж байлаа. Хүүхдүүд тариа болон өвчнөөсөө бож уйлан, аав нь сандарсан байдалтай биднийг угтсан юм.

gemteh

-ХАМГИЙН ТҮРҮҮНД ДҮҮГЭЭ Л АВРАХ ЮМСАН ГЭЭД ДАРААД ХЭВТСЭН-

Бид энэ үеэр том хүү болох 15 настай М.Энэрэлтэй цөөн хором ярилцсан юм.

-Эгчийн дүүгийн бие яаж байна вэ?

-Одоо сайжирч байна. Анх ирээд уушги, нэг хөлий тавхай бяцарсан, бас нөгөө хөл маань мэдээгүй болсон. Бүсэлхийнээс доошоо их гэмтсэн гээд сэхээнд гурав хоносон. Өнөөдрөөс хүүхдийн тасагт шилжээд, одоо бие сайжирч л байна.

-Тухайн үед яг юу болсон талаар санаж байна уу?

-Бид гэр бүлээрээ уул руу салхинд гарахдаа бага дүүд эм авах гээд эмийн сан хайж тэрүүгээр явж байсан юм. Замдаа нэг эмийн байсан хэдий ч тэнд олигтой эм байхгүй гээд цааш Баянхошуу явсан. Гэрлэн дохион дээр зогсож байсан чинь хажуугаар нэг том машин маш хурдан гараад ирсэн. Тухайн үед манай аав “Галзуу, солиотой давхидаг жолооч вэ” гэж байсан. Баруун салаанаас дээшээ өгсдөгт байдаг гэрлэн дохион дээр бид зогсож байсан. Тэр машиныг хурдтай ороод ирэхээр аав маань хажуу тийшээ бултаад дарсан. Тэгээд хажуугаар гараад өнгөрөх нь дээ гэсэн чинь ачиж явсан чингэлэг нь дээрээс уначихсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Сэхээнд ухаан ороод, хамгийн анх аавтайгаа уулзаад юу болсон талаар асууж мэдсэн.

-Тухайн үед чи урд нь сууж явсан гэсэн?

-Ямар ч байсан чингэлэг дээрээс унах гэж байгааг мэдээд, дүүгээ доошоо нь тэврээд, цээжээрээ дараад хэвтсэн. Дүүгээ л хамгаалах юмсан гэж бодож байсан. Би урд талын суудалд гурван настай дүүгээ тэврээд сууж байсан. Харин манай ээж бага дүүтэй хамт хойд талын суудалд сууж явсан. Тэр өдөр олон хүн ирж урд сууж байсан дүү бид хоёрыг гаргаж авсан гэсэн. Амарч явсан аврагч ирж их тусалсан гэсэн. Маш олон хүн ирж, нийлээд чингэлгийг өргөөд, биднийг гаргасан гэж байна лээ. Урд сууж байсан дунд дүү бид хоёр ээлжилж ухаан алдаад байсан гэсэн.

-Та нарт олон хүн тусалж байгаа гэсэн?

-Мэдээлэл гарч эхлэснээс хойш аавын данс руу хүмүүс их мөнгө хийж байгаа гэсэн. Баярлаж байгаа. Анх осол болсны дараа нэг телевизийн мэдээгээр манай аавыг согтуу байсан гэж гаргасан гэсэн. Тэр бол худлаа. Манай аав согтуу байгаагүй шүү. Харамсалтай юм болсон ч гэсэндээ гэр бүлийнхэн маань амьд байгаа болохоор арай гайгүй байна.

gemteh

-ЯДАЖ ҮР ХҮҮХДҮҮД МААНЬ АМЬД ҮЛДЛЭЭ-

Биднийг ГССҮТ дээр очиход хүүхдүүдийн аав Д.Мөнхбаатар тун завгүй, гэр бүлийнхээ гишүүдийн эмчилгээг ар араас нь хийлгээд, “Хүүхэд маань сандаргаад болохгүй байна” гэсээр ирсэн юм. Мөн тэрбээр “Сэтгэл санаа хэцүү байна, зургаа авахуулахгүй байж болох уу. Хэвлэлийнхэн ирээд шууд юу ч асуухгүй зураг дараад байх юм” хэмээ хүссэн тул бид зургийг нь авсангүй.

-Бага хүүхэд чинь уйлаад, бие нь гайгүй юу?

-Манайбага хүү одоо долоон сартай. Тухайн осол гардаг өдөр манай эхнэр тэвэрсэн явж байсан. Миний бага хүү тархиндаа цус хуралттай, баруун хөл хугарсан. Манай дунд хүү одоо гурван настай мөн тархиндаа цус хуралттай, гавлын яс хэвтээ тэнхлэгийн дагуу цуурсан, зүүн гар хугарсан гэсэн. Том хүү маань хамгийн их бэртсэн. Яагаад гэхээр тухайн чингэлэг яг манай том хүүгийн тал дээр унасан. Би уулзвар дээр тус машинаас зайлж гарц хэтэрч зогссон байсан юм. Гэтэл зөрөхдөө уначихсан. Манай том хүүгийн баруун хөл мэдрэлийн саажилттай, нэг хөл нь бяцарсан, тархиндаа хүнд гэмтлийн зэрэгтэй, 20 см оёдолтой. Өнөөдөр том хүүгийн маань шинжилгээний хариу муу гарсан. Бид өөрт нь айгаад хэлэхгүй байгаа. Эмч нар хэлэхдээ хөл нь хэрэв цаашид мэдээ орох юм бол хойд хэсгээс нь урд хэсгийг нь нөхнө гэсэн. Цаашид хөлгүй болох магадлалтай байгаа. 7-8 сар тасралтгүй физик эмчилгээ хийлгэ, сайн эмчид ханд гэсэн. Манай хүү сэхээнд гурав хоноод сэрэхдээ надаас “Аав аа, би хаана сууж явсан билээ” гэж асуусан. Их “шок”-ноосоо гараагүй байгаа. Ямар ч байсан том хүү минь дүүгээ дараад хэвтсэн. Бид эвгүй мэдээ сонсоод сууж байна.

-Таны хувьд гэмтэл хэр байна вэ?

-Миний зүүн өвдөгний булуу хэсгээрээ шингэн алдсан, дөрвөн газраа үхэжсэн. Энэ тав дахь өдөр яаралтай хагалгаанд ор гэсэн. Одоо энэ хэдийгээ ганцаараа асарч тойглож байгаа хүн яана даа л гэж бодож байна. Намайг хагалгаанд орохоор энэ хэд маань яана даа. Харин эхнэр хүзүү болон тархиндаа гэмтэл авсан. Гэхдээ нарийн шинжилгээ хийлгээгүй явж байна. Бид хоёр өөрсдийгөө хаяад, хүүхдүүдээ тэнхрүүлэх гээд зүтгэж байна даа. Энэ осол гэдэг чинь хэцүү юм. Гэнэт л ийм золгүй зүйл болсон болохоор одоо эмчилгээгээ сайн хийлгээд, хүүхдүүдээ л асрах минь би ч хамаа алга. 40 тонны тэр том чингэлэг унаад ирсэн. Үнэхээр аймаар, юу ч болоод өнгөрснийг одоо хүртэл заримыг нь санахгүй байна. Манай гэр бүлийнхэн бүгд их хүнд гэмтсэн. Томографаар харуулсанаас гадна ил шарх, урагдал, няцрал маш их байгаа.

-Цагдаад хандаж өргөдөл гаргасан уу?

-Гаргаагүй. Амьд үлдсэндээ л баярлаж сууна. Үр хүүхэд минь ядахдаа амьд байна, хэдийгээр маш хүнд бэртэлтэй байгаа ч гэсэн дээ. Ядаж амьд үлдлээ шүү дээ, гэр бүлээрээ. Одоохондоо би өргөдөл гаргаж амжаагүй байна. Шинжээч эмч нар дутуу үзээд дүгнээд явчих шиг болсон. Аргагүй дээ, өнөөдөр хариунууд нь захаасаа гарч байгаа юм чинь.

-Чингэлэг ачиж явсан жолооч таньтай ирж уулзсан уу?

-Гурван удаа ирж уулзсан. Осол гардаг өдрийн маргааш жолоочийн эхнэр, охин хоёр ирээд, зарим нэг эм тариа авч өгөөд явсан. Би тэр баримтуудыг нь хадгалсан байгаа. Замын цагдаагийн байцаагч нар их сонин, нэг л удаа залгаж регистр асуугаад, дахиж холбоо бариагүй. Өнөөдрийг хүртэл таг чиг. Би гайхаад л сууж байна.

-Иргэдийн хандивыг ямар дансанд төвлөрүүлж байна вэ?

-Яг албан ёсоор хандивын данс нээгээгүй байгаа. Гэхдээ миний дансанд хүмүүсээс нэг сая орчим төгрөг цугласан байсан. Би өөрөө эрчим хүчинд ажилладаг болохоор хамт олон болон найз нөхөд, арван жилийн ангийнхан, хамаатан садангууд мөнгө хийсэн байсан. Тэд нартаа би баярлалаа ч гэж хэлэх завгүй байна. Энэ дашрамд, биднийг гээд санаа зовж тусалж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн сэтгэл үнэхээр сайхан юм байна. Би өөрөө биеэрээ мэдрээд сууж байна. Хүмүүс сайхан сэтгэлээр туслаад урам ороод бага ч гэсэн итгэл төрж байна. Хамгийн сайхан нь хүмүүсийн сэтгэл, сайхан байна даа.

ХААН БАНК ХАНДИВЫН ДАНС: 5034355754 Д.Мөнхбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ