Сарны шороог авчирсан цүнх 1,8 сая долларын үнэд хүрчээ
Сарны шорооны анхны дээжийг дотор нь хийж дэлхийд авчирсан цүнхийг пүрэв гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1,8 сая доллароор заржээ. “Аполлон-11” сансрын хөлгийн багийнхан Сарны гадаргуу дээр буусны 48 жилийн ойд зориулсан арилжааны явцыг Sotheby’s дуудлага худалдааны компани шууд эфирээр дамжуулсан байна.
Зохион байгуулагчдын хувьд уг цүнхийг 2-оос 4 сая долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан аж. Энэ цүнхэнд Сарны шорооны жижиг ширхэгүүд, Сарны тоосны үлдэгдэл байгаа ба энэ нь Сарнаас дэлхийд авчирсан анхны дээж юм.
Sotheby’s-ийнхны ярьснаар, чухамхүү энэ цүнхэнд сансрын нисэгч Нил Армстронг Сарны таван өөр өөр цэгээс 500 гр чулуулгын дээжийг авч, мөн ойролцоогоор нэг см хэмжээтэй 12 объектыг цуглуулан хийжээ. Цүнх нь сүүлийн жилүүдэд хувь хүний цуглуулгад байсан байна.
Арилжааг зохион байгуулагчид энэ цүнхийг 2014 онд дуудлага худалдаанд гурван ч удаа оруулж боловч худалдан авагч олдоогүй гэнэ. Одоогийн эзэн нь уг цүнхийг 2015 онд болсон дуудлага худалдаанаас 995 доллароор худалдан авч байжээ. Хожим нь NASA уг цүнх нь жинхэнэ цүнх мөн болохыг баталсан байна. Уг цүнхийг борлуулсны орлогоос олсон мөнгөний тодорхой хэсгийг хуучин эзэн нь буяны үйлст хандивлахаар төлөвлөж байгаа аж.
Нил Армстронг Саран дээр Eagle модулиар 1969 оны 7 дугаар сарын 20-нд буужээ. Тэрбээр маргааш нь Сарны хөрсөн дээр гишгэсэн анхны хүн болсон бол түүний араас сансрын нисэгч Базз Олдрин хоёрдахь хүн болсон байна. Н.Армстронг Сарны гадаргуу дээр 2 цаг 30 минут орчим байсан бол Олдрин 1 цаг гаруй хугацаанд байжээ. Энэ хоёр хүн Саран дээрээс АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонтой хоёр минут шууд ярьсан аж. Тэд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийг суурилуулж, Сарны шорооноос 20 кг дээж цуглуулж ирсэн байна.
Б.Олдрин одоо амьд сэрүүн 87 насыг зооглож байгаа бол Н.Армстронг 2012 онд 82 насандаа зүрхний мэс заслын дараах хүндрэлийн улмаас нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ